Н.Учрал: Голын ай сав дахь барилгуудыг хүлээн авсан комиссын мэдээлэл гашуун бөгөөд, гамшиг дагуулсан нотолгоо боллоо

Х.Есү
2023/08/16

ЦХХХ-ны сайд Н.Учрал “Шил” ажиллагаа, Ерөнхий сайдын 01 тоот албан даалгаврын дагуу Засгийн газрын хуралдаанд барилга, байгууламж ашиглалтанд оруулах улсын комиссын дүгнэлтүүд, барилга, түүний эзэмшигчдийн мэдээллийг танилцууллаа.

Барилга, хот байгуулалтын яамнаас 2008-2023 оныг хамарсан улсын комиссын 8404 дүгнэлт ирүүлснийг shilen.gov.mn-д өнөөдрөөс ил тод байршуулав. Аймгуудад 15 жилийн хугацаанд улсын комисс 165 ажиллаж 4721 дүгнэлт гаргаад байна. Харин Нийслэлд 105 комисс ажиллаж, 3,683 дүгнэлт гаргажээ. Барилга байгууламжийн бүтээц, технологи, эзлэхүүн төлөвлөлт, инженерийн шийдэл, хийцийн төрлөөс хамаарч зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх төлөв байдал буюу төвөгшлөөр ангилдаг. Нийслэлд 5 хүртэлх давхар буюу бага төвөгшилтэй 336, 5-9 давхар буюу дунд төвөгшилтэй 1,280, 9-16 давхар буюу өндөр төвөгшилтэй 564 дүгнэлт гаргасан байна. Онцгой төвөгшилтэй буюу 16-аас дээш давхартай барилгад 57 дүгнэлт гаргажээ.

Түүнчлэн 2004-2023 оны хооронд архитектур төлөвлөлтөнд орсон 11,668 барилга, 3,941 эзэмшигчийн мэдээллийг ил болгов. Үүнээс 35,92 хувь нь орон сууц, 21,2 хув нь аялал жуулчлал, амралт сувилал, 13,59 нь үйлчилгээний зориулалттай барилга байна.

Мөн Хан-Уул дүүргийн Засаг даргын 2011-2023 оны 25,679, Багахангай дүүргийн Засаг даргын 2011-2023 оны 2,734, Баянгол дүүргийн Засаг даргын 2000-2023 оны 519 газар эзэмших, ашиглах захирамжийн нэмж байршууллаа.

“Шил” ажиллагаагаар 5-р сард нь хэн хэзээ, хэнд, ямар үндэслэл, зориулалтаар, хэр хэмжээний газар 23 жилийн туршид хэрхэн олгосныг ил болгосон. Үүн дээр нэмж барилга байгууламж ашиглалтанд хүлээн авах улсын комиссын нэр, бүрэлдэхүүн, архитектур төлөвлөлтийн мэдээлэл нээлттэй болсноор газар олгохоос эхлэн, барилга, байгууламжийг хүлээн авах хүртэлх бүх үйл явц бүрэн бүтнээрээ бүх нийтийн шууд хараа хяналтанд орж байна.

Голын ай сав, гольдрол урсац дунд хууль зөрчин, газар олгож, түүн дээр барилга, байшин барьж, барьсныг нь хүлээж авч ирсний гамшигт үр дагаварт эрдэнэт хүний алтан амь эрсдэж, олон мянган иргэн, айл өрх, аж ахуйн нэгж эд хөрөнгө, орон гэр, машин тэрэг, эрүүл мэндийн асар их хохирол амслаа. Голын ай савд хууль зөрчин олгосон газар дээрх барилга, байгууламжийг төрийн нэрийн өмнөөс янз бүрийн мэргэжлийн байгууллага, мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн улсын комисс хүлээн авч ирсэн нь борооны үерээс гадна хариуцлагагүйн үер болсны хөдөлшгүй баримтууд юм.

Хууль зөрчин голын ай савд баригдсан барилга байгууламжийг гарын үсэг зурж, хүлээн авсан албан тушаалтнууд хэн байсныг мэдэж авах нь хариуцлагагүйн үерээс урьдчилсан сэргийлэх нийгмийн санаа бодлын бат бэх хана бэхлэлт болно. Газар олгох, сунгах, зориулалт өөрчлөх, барилга, байгууламж хүлээн авах комиссын дарга, бүрэлдэхүүн, шийдвэрийн талаарх мэдээллийг шилэн, шуурхай, ил тод болгох нь аливаа гамшиг болоод өнгөрсөн хойно нь биш цаг тухайд нь иргэд мэдэх эрхээ эдлэн шууд хараа хяналт тавьдаг байх нь ч болзошгүй аюулыг уг үндсээр нь таслах хөшүүрэг болох юм.

Голын ай савд газар олгож, барилга, байшин барьсан нь олон мянган иргэдийн орон сууц, эд хөрөнгө, зам, талбайд их хэмжээний хохирол учруулж, иргэн бүрийн эрүүл, аюулгүй орчинд аж төрөх, орчны тэнцэл алдагдахаас сэргийлүүлэх үндсэн эрхэнд халдаж буйг мэдээллийн хэрэгсэл, цахим сүлжээгээр онилон шүүмжилсэн. “Шил” ажиллагааны баг, ЦХХХЯ-ны ажилтнууд шилэн систем дэх мэдээллийг ашиглан нэгтгэж, олон нийтийн сүлжээ, цахим хуудсууд дахь мэдээ, баримтуудыг нягтлан тулгаж, зарим нотолгоог “egazar.gov.mn” газрын мэдээллийн нэгдсэн сангаас авч бүрдүүллээ.



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.80.211.42
    2023/08/17

    GAMSHIGAAR POPROOD BAIHAA BOLIO,MUU HUNII ZAN

    Хариулах
  • 202.126.90.107
    2023/08/17

    Za Odoo inged tsegtselne de.

    Хариулах
  • 202.126.90.103
    2023/08/16

    "5 ш ажиллагаа" хошин шогиин төтөлбөр кк

    Хариулах
  • 202.126.90.103
    2023/08/16

    Шувуу шил шүүр шорон гээд л байх чинь ард түмнээ тайван байлгахгүй ниигмээ бужигнуулаад бна шүү,хошин шог жүжиг шиг

    Хариулах