Пап Францис X Богдын талаар хүндэтгэн сонсож, Монголыг хүний эрхийн орон хэмээн ТУНХАГЛАВ

С.Гандэлгэр
2023/09/04

Гэгээн ширээт улс буюу Ватиканы төрийн тэргүүн Пап Францисын айлчлал өнөөдөр дуусна. Төрийн тэргүүний айлчлалаас гадна шашны буюу Католик шашны тэргүүний хувиар ойлгож болно.

Гёополитикийн хувьд

1.3 тэрбум хүн шүтдэг Католик шашны тэргүүн айлчилж байгаа нь Монгол Улсыг дэлхий нийтийн анхааралд авчирч буй хэрэг. Эрт үеэс л Папын үг, байр суурь дэлхийн улс орнуудын бодлого тодорхойлогч нарын анхаарлын төвд байсаар ирсэн. Харин Пап Францис манай улсын талаар “хүний эрхийг дээдлэх, энх тайвныг цогцлоохын төлөө хүчин чармайлтаараа Ази тивийн цээжнээ төдийгүй олон улсын тавцанд чухал үүрэг гүйцэтгэж байна. Монгол Улс бол энхийг эрхэмлэсэн гадаад бодлоготой, ардчилсан улс төдийгүй даян дэлхийн энх тайвны төлөө хувь нэмрээ оруулах эрхэм зорилго тээж яваа улс юм.  Түүнчлэн цаазын ялыг халсан чухал алхам билээ.” гэсэн нь мөн л дэлхий нийтэд Монгол Улс бол хүний эрхийг дээдэлдэг, энх тайван ч улс хэмээн зарлан тунхагласан явдал юм.

Түүнээс гадна Ватиканы хувьд Эртнээс БНХАУ-тай харилцаа тогтоох чиглэлээр идэвхтэй ажиллаж ирсэн ба 1300 хан шүтлэгтэнтэй Монгол Улсад айлчилсан нь БНХАУ-тай холбогдоход зуучлагчийн үүрэг гүйцэтгэх боломжтой гэж харсан байж болох юм.

Шашны тэргүүний хувьд

Анх удаа Католик шашны тэргүүн Монгол Улсад айлчилж буй нь энэ бөгөөд түүнийг ирэхээс хоёр хоногийн өмнө X Богдыг залсан. Энэ утгаараа Монголын буддын шашны тэргүүн Х Богд болон Католик шашны тэргүүн Пап Францис нар уулзах болов уу гэсэн хүлээлт байсан ч уулзалгүй буцав.

Гэсэн ч Пап Францис айлчлалын сүүлийн хоёр өдөртөө шашны төлөөлөл, шашны тэргүүний хувиар үйл ажиллагаанд оролцсон.

Жишээ нь өчигдөр Монгол дахь шашны тэргүүнүүдийг хүлээн авч уулзсан. Олон шашны төлөөлөл оролцсон шашин хоорондын түүхэн уулзалт зохион байгуулагдсан гэж үзэж болно. Үүнд Католик, Буддизм, Ислам, Хинду, Иудайзм зэрэг голлох 12 шашны Монгол дахь тэргүүн оролцсон юм.

Энэ үеэр Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба номун хан, гавж Д.Чойжамц уулзалтын үеэр X Богд тодрон эрдэм номдоо шамдаж буй гайхамшигтай үйл явдал болж байна. Түүнчлэн Монголын бурхан шашин эргэн сэргэж байгаа хэмээн ярьсан юм. Үүнийг нь ч Пап Францис хүндэтгэн сонссон юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна