"Ардчилалын өргөө"-тэй болох АН-ын мөрөөдөл


Ардчилсан нам өчигдөр /2017.02.12/  долдугаар их хурлаа “Улаанбаатар палас”-т зохион байгуулсан бол өнөөдөр шинэ байрныхаа нээлтийг хийхээр болжээ. Ардчилсан намын одоогийн байрлаж буй байр нь Шинэ дэвшил холбооны өмчид байдаг гэнэ. Олон жил өөрийн гэсэн байргүй явж ирсэн АН-ыг шинэ дарга С.Эрдэнэ өөрийн эзэмшлийн Шонхор тауэрт байрлуулахаар шийдвэрлэж Ардчилалын өргөө хэмээн нэрийг нь өөрчлөөд байгаа аж.
 
 Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сургалтын төв  намын байр болсон нь  
 
Түүх сөхвөл өндөр шилэн барилгын түүх нь “Төгс-эрдэм” сан ТББ-д 2010 оны зургадугаар сарын 29-ний өдөр Нийслэлийн Засаг даргын 431 тоот захирамжаар Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэр, “UB mart” худалдааны төвийн зүүн урд талд газар олгосоноос эхэлжээ. Уг газрыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2009-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуучуудад боловсрол олгох сургалтыг дэмжих зорилгоор сургалтын төвийн барилга барих зориулалтаар “Төгс эрдэм” сан ТББ өмнө нь авсан ба 0.033 га талбайтай байжээ. Энэ санг С.Эрдэнийн охин үүсгэн байгуулсан, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургалтын төв барина гэж байсан ч оффис үйлчилгээний газар болон хувирсан талааар хэвлэлүүд бичиж байв. Харин өдгөө тус газар АН-ынхны үйл хэргээ үргэлжлүүлэх газар болон хувирч байна. 




 
Жинхэнэ "Ардчилалын өргөө"-ний шавыг 8 жилийн өмнө тавьжээ 

МАХН-ын байрны хажууханд байрлаж байсан хуучин АН-ын байрны суурин дээр 20 давхар "Ардчилалын өргөө" барихаар 2009 онд шав тавьж байсан ч замхарсан. Тухайн үед Улс төрийн намын тухай, Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийн төслийг хэлэлцэх гэж байгаатай холбоотойгоор парламентад суудалтай намууд төрөөс санхүүжих төдийгүй нэг газар төвлөрөн байрлах, тэр тусмаа төсвөөс 11 тэрбум төгрөгийн санхүүжилт авч авч баригдсан ‘’Тусгаар тогтнолын ордон’’-д байрлах асуудал яригдсан гэх мэдээлэл тархаж байв.



Түүнчлэн Ардчилсан намын “Ардчиллын өргөө” сүндэрлэх учиртай газрыг Улаанбаатар хотын банк худалдсан авсан гэх мэдээлэл ч цацагдсан юм. Хоёр удаагийн сонгууль дамжиж, АН-ын эрх барьж байх хугацаанд ч баригдаагүй “Ардчилалын өргөө”  мөрөөдөл  хэвээр үлдэж, шинэ даргынхаа нөмөрт "хоргодох" сонголт  үлдэв бололтой.  
 
Б.Сондор 
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна