С.Бямбацогт, Н.Учрал нарыг даргалж байх үед ЗГХЭГ-ын харьяа байгууллагуудаас 5 их наяд 883 тэрбум 169.9 сая төгрөгийн зөрчил илэрчээ

С.Батзаяа
1 цаг 1 минутын өмнө

ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр “Төрийн өмчит компаниуд 60 их наядын хөрөнгөтэй. Энэ их мөнгийг хэдхэн захирал мэддэг тогтолцоо авлигыг тэжээж ирсэн. Одоо мөнгийг төсөвт төвлөрүүлж, цалин, тэтгэвэрт зарцуулна. Үр дүнд нь ард түмэн хожно” гэж мэдэгдсэн. Түүний мэдэгдэлтэй зэрэгцээд төрийн өмчит үйлдвэрийн зарим газруудыг татан буулгаж, 2100 гаруй орон тоог цомхотгосныг ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Б.Батцэцэг мэдэгдсэн билээ.

Тэгвэл ЗГХЭГ-ын 2025 оны тайланд Үндэсний аудитын газраас аудит хийжээ. Энэ үе бол одоогийн Ерөнхий сайд Н.Учрал, УИХ-ын дарга С.Бямбацогтын зургаа, зургаан сараар нь буюу хагас жилээр хуваан ЗГХЭГ-ын даргаар нь ажилласан цаг хугацаа. Товчхондоо, 2025 оны эхний хагаст Н.Учрал, дараагийн хагаст С.Бямбацогт засгийн гал тогоог барьсан.

Энэ хугацаанд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2025 оны санхүүгийн нэгтгэсэн тайлангийн аудитаар нийт 5,883,169,9 сая төгрөгийн зөрчил илэрчээ. Энэ нь аудитын байгууллагын тогтоосон материаллаг байдлын түвшнээс давсан гэж үзэхэд хүргэсэн байна.

Б.Энхбаяр сайдын ярьснаас үзвэл, одоогийн Ерөнхий сайд Н.Учрал, УИХ-ын дарга С.Бямбацогт нар даргалж байхдаа эрхлэх асуудлын хүрээний ТӨК-иуддаа хариуцлага тооцолгүй, дураар нь дургиулсан болж таарлаа. Учир нь, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын эрхлэх асуудлын хүрээнд 32 газар харьяалагддагаас 20 нь ТӨК-иуд байгаа юм.

Мөн 2025 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитаар нийцлийн аудиттай холбоотой нийт 4,192,231.8 сая төгрөгийн 96 зөрчил илэрсэнд 3,959,683.4 сая төгрөгийн 38 зөрчилд албан шаардлага хүргүүлж, 232,232.0 сая төгрөгийн 57 зөрчилд зөвлөмж өгч, 316.4 сая төгрөгийн 1 зөрчилд хариуцлага тооцуулах албан шаардлага хүргүүлсэн байна.

Үүгээр зогсохгүй аудитаар авлага, өглөгийг тооцоо нийлж  баталгаажуулаагүй 161,512.3 сая төгрөг, төсвийн хөрөнгийг үр ашиггүй, аривлан  хэмнэлтгүй зарцуулсан 15,729.3 сая төгрөг, дотоод хяналт сул, нягтлан бодох бүртгэл тайлагналтай холбоотой 2,032,387.3 сая төгрөг, худалдан авах ажиллагаатай холбоотой 12,665.0 сая төгрөг зэрэг санхүүгийн тайлангийн аудитаар нийт 5,968,844.7 сая төгрөгийн 260 алдаа, зөрчил илэрсэнд 85,674.8 сая төгрөгийн 27 алдааг залруулж, 223.8 сая төгрөгийн 18 зөрчилд төлбөрийн акт тогтоож, 3,862,920.1 сая төгрөгийн 108 зөрчилд албан шаардлага хүргүүлж, 2,004,977.5 сая төгрөгийн 100 зөрчилд зөвлөмж өгч, 10,236.7 сая төгрөгийн 6 зөрчилд хариуцлага тооцуулах албан шаардлага хүргүүлсэн байна. Эндээс 4,811.8 сая төгрөгийн нэг зөрчлийг хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн байна.

Б.Энхбаяр сайдын ярианаас ТӨК-иудыг цэгцэлж, гольдрилд нь оруулах аж. Тэрбээр "Төрийн өмчийн компаниудын шинэчлэлтэй холбоотой асуудлыг би 10-аад жил ярьж байна. Энэ компаниуд дээр улсын төсвөөс гадуур УИХ-аар хэлэлцэгддэггүй, тайлагнадаггүй улсын төсвөөс их мөнгө байдаг. Үүнийг ганц, хоёр захирал шийддэг. Тэнд хэмжээ хязгааргүй авлига хулгай цэцэглэсэн. Тиймээс хууль эрх зүйн хувьд таслан зогсоох ёстой" хэмээн ярьсан. Түүний ярианаас үе үеийн Засгийн газар, ЗГХЭГ-ын дарга төрийн өмчит компаниудаар дамжуулж, авлига хулгайг цэцэглүүлсэн болж таарав уу. Одоо тэр өөрөө засгийн гал тогоог барьж буй. Түүний ажилласан цаг хугацааг мөн аудит шалгалт оруулна. С.Бямбацогт, Н.Учрал нар шиг "хариуцлагагүй" ажилласан ч тушаал дэвшдэг жишиг байж болохгүй. Аудитын байгууллага ч олон нийтийн анхааралд ортол ярьж, олон нийт ч хяналтаа сайн тавьж,  албан тушаал ахидаг биш хариуцлага хүлээлгэдэг механизм хаана хаанаа байх ёстойг харуулж байна. 

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна