УИХ өнгөрсөн пүрэв гарагт ирцээ бүрдүүлж чадаагүйн улмаас хуралдаж чадаагүй. Чуулганы хуралдаанд 52 гишүүн ирцээ бүртгүүлж, 74 гишүүн ирээгүйгээс 49 нь шалтгаангүйгээр хурлаа тасалсан юм.
Улмаар УИХ-ын дарга С.Бямбацогт Чуулганы хуралдааныг хойшлуулахтай зэрэгцээд сошиал орчинд “Ардчилсан нам УИХ-ын чуулганыг гацаалаа“ гэсэн шүүмжлэл гарч, “Өчигдрийн Чуулган хуралдаагүй нь 100 хувь Ардчилсан намын буруу, УИХ-ыг тараая” гэсэн агуулгаар нэмж баяжигдан түгэх шинжтэй.
АН Чуулгандаа суух ёстой байсан нь үнэн. Гэхдээ эцсийн эцэст Чуулганы үйл ажиллагааг тасалдуулсан гол буруутнууд бол яахын аргагүй эрх баригч МАН-ын гишүүд өөрсдөө юм.
МАН өнөөдөр 68 суудалтай, дангаараа Чуулганы ирцийг бүрдүүлэх чадамжтай. Гэтэл 38, 30-аараа хуваагдаж, намын зовлонгоо төрийн, түмний зовлон болгож байна. Нам доторх асуудал нь ийм хурцадмал байхад гал “тогоо”-гоо хариуцаж, нэгтгэх үүрэгтэй генсек Я.Содбаатар нь “Засгийн газрынхаа эсрэг ажилласан хүнийг намаас хөөнө” гэж сүрдүүлэхээс илүүг хийж чадсангүй.
Тэрбээр 30-ийн бүлгээс тодорхой хэсгийг татаж чадсан гэж сэтгүүлчдэд өгсөн мэдээллийнхээ хамгийн сүүлд амнаасаа унагасан “Засгийн эсрэг ажилласан хүнийг намаас хөөнө” гэх үгээрээ буцаагаад цааш нь түлхчихсэн ч байж магадгүй нөхцөл байдал үүслээ.
Нам дотроо цөөнх болж, “30-ийн бүлэг” гэгдэж буй Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар “МАН-ыг нэг хүний биш, нийтийн” байлгах хүсэлтэй гэдгээ олон удаа илэрхийлж байсан бөгөөд үүнийг нь дэмждэг гишүүд бий.
Тэгвэл Я.Содбаатарын “Хөөнө” гэсэн үг 30-ийн талынхны, цаашлаад залуу үеийн анхаарлыг татаж, цааш нь түлхчихсэн байж магадгүй нөхцөл байдал үүсчээ. Энэ нь чуулганы ирц бүрдэхгүй, Ерөнхий сайдын Удирдах зөвлөлдөө нэрийг нь оруулж дэмжүүлсэн Хууль зүй, дотоод хэргийн сайдын томилгоо, тангараг өргүүлэхэх асуудалд "бойкотлож" байгаагаас харагдаж байна.
МАН-ын Үндсэн дүрэмд гишүүнийг түдгэлзүүлэх эрх хэн нэг албан тушаалтанд биш, Хяналтын хороо гэх бие даасан, олон гишүүнтэй бүтцэд байдаг бөгөөд дотоод хяналтаа хараат бусаар гүйцэтгэдэг /Намын үндсэн дүрмийн 33.1. Намын дотоод хяналт нь хараат бус бие даасан байна/ гэж заажээ.
Тодруулбал, энэ хамтын бүтэц нь гишүүнийг намын гишүүнээс түдгэлзүүлэх эсэхийг шийддэг. Гэтэл Я.Содбаатар гишүүдээ илтээр заналхийлж, өөрт хамаарахгүй чиг үүргээр арга хэмжээ авна гэж мэдэгдсэнээр намын хагарлыг эвлүүлэх нь бүү хэл улам гүнзгийлэх хүн гэдгээ харууллаа. Түүнд үнэндээ МАН-ын “гал тогоо”-г барих мэдрэмж, чадамж алга.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна