ЖДҮ-чин нэрнээсээ салаагүй Ж.Энхбаяр Ерөнхийлөгчийн сонгуульд горилж явна

С.Батзаяа
1 цаг 11 минутын өмнө

Ирэх онд манай улс бүх ард түмний эв нэгдлийн бэлгэ тэмдэг Төрийн Тэргүүнээ сонгоно. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг зургаан жил болгож, нэг удаа бүх ард түмнээс сонгохоор хуульчилсан. Үндсэн хуульд Монгол Улсын Төрийн Тэргүүнд өрсөлдөх хүн 50 нас хүрсэн байх ёстой гэж заасан. Үүгээр эрх баригч нам дотор Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх, тодрох сонирхолтой олон дүр байна. Намынх нь удирдлагууд ард түмнээсээ асууна, удаа дараагийн судалгаа явуулж байж нэр дэвших кандидатыг тодруулна хэмээн мэдэгдсэн ч нэр дэвшихээ ил, далдаар илэрхийлсэн эрх баригч намын 70-аад оны эхэн үеийн төлөөлөл хэдэн арваараа байгаа аж.

Бид горилогсдыг цувралаар бичиж байгаа билээ. Үүний өмнө Ерөнхий сайд асан Г.Занданшатар, УИХ-ын дарга С.Бямбацогт нарыг ямар маргаан мэтгэлцээн, ажил өрнүүлж байгааг онцолсон билээ. /https://zuv.mn/1hjt , https://zuv.mn/1hjb линкээр дарж уншина уу/.

Дараагийн горилогч бол Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр. Тэрбээр 2008-2020 он хүртэл УИХ-ын гишүүнээр ажиллаж, энэ хугацаандаа  Батлан хамгаалахын сайд, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар ажилласан байна. 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшилгүй өнжсөн. Тухайн үед ЖДҮХС-гаас зээл авсан нь яригдаж, нэр хүнд нь тааруу байв. Өнжсөн дөрвөн жилдээ өмнө нь хашиж байсан албан тушаалуудынхаа туршлагад үндэслэн ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргаар ажиллаж, тусгаар тогтнол, аюулгүй байдал талд мэргэшсэн хүн гэгддэг ч ЖДҮХС-гаас хөнгөлөлттэй зээл авсан, жирий иргэн Дорж, Дулмаа, бизнес эрхлэгчийн боломжийг булаасан гэх шүүмжлэл түүнээс салаагүй.

2024 оноос төвийн бүсээс УИХ-д сонгогдож, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед ХХААХҮ-ийн сайд, одоо Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж буй Ж.Энхбаяр нам дотроосоо дэмжлэг авч чадвал нэр дэвшихээр горилж байгаа аж. Гэхдээ намынхан нь дэмжих эсэх нь одоогоор тодорхойгүй. Ер нь их тулааны өмнө амар амгалан гэдэг шиг МАН-ын удирдлагууд хэнийг дэвшүүлэх талаар огт ам нээхгүй, ус балгасан мэт дуугүй байна.

Энэ нь тэр, энэ дэвших юм гэнэ лээ гэх цуу яриа гаргаж, арай дориухан мөнгөтэй нь хөл, хөдөлгөөн нь хурдасч хаазаа тултал гишгэчихсэн, замдаа таарсан юуг ч дайрч мэдэхээр улаан “галзуу” давхиж явааг сошиалаас харж болохоор байна. Нэгэнтээ МАН-ын генсек асан Ж.Мөнхбат “Албан тушаал гэхээр манай намын ах нар хөл нь хөнгөрөөд хоёр тийшээ давхиад байдаг” гэдэг шиг л юм горилогсдын дунд өрнөж байх энэ цаг үед эрх баригч нам судалгааг маш ойр ойрхон явуулж байгаа аж. Ингэхдээ ганц биш хэд хэдэн судалгааны байгууллагаар зэрэг судлуулж, харьцуулалт хийж буй гэсэн. Саяхан явуулсан судалгаагаар Ж.Энхбаярын рейтинг бараа сураггүй биш тэг дунд нь гарчээ. Тиймээс Бага хурал, Удирдах зөвлөлийнхөө дэмжлэгийг авах нь чухал байгаа аж. Нам дотроо ажиллаж эхэлсэн гэх "бор шувуу" ч Тусгаар тогтнолын ордноор "нисч" эхэлжээ.

Гэхдээ тэр мөнгөгүй. Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөд чамгүй их төсөв, санхүү шаардлагатай. Өмнө нь бичиж байсан горилогсдыг Ховд, Баянхонгор угшилтай улстөрч, бизнесмэнүүд дэмжинэ гэж хөшигний ард ярьж тохирсон гэх яриа амнаас ам дамжигдан улс төрийн хүрээнд яригдаж буй. Тэгвэл Ж.Энхбаяр 2008 оноос хойш Говь-Алтай аймгаас УИХ-д нэр дэвшиж, сонгогдож байсан. Тус аймгаас дэмжчих дориухан бизнестэй нөлөөтэй хүн байхгүй. Өмнө нь бизнесийн салбараас улс төрд орж ирж байсан УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд агсан Ц.Дашдорж ахтайгаа хамт аавынхаа төрсөн нутаг Алтайд нэр дэвшдэг байв. Ахын нөмөр нөөлөг байсан учир сонгуулийн санхүүжилтэндээ бага сага туслалцаа авч байсан гэдэг. Үнэндээ, Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэдэг зардал ихтэй “тоглоом”.

Түүнийг Ерөнхийлөгчтэй ойр, бага залуугаасаа нам, улс төрийн ажилд хүчин зүтгэсэн. Бүр Зүүний хүчний холбооноос эхтэй нөхөрлөл нь өнөөдөрт авчирсан гэж яригддаг. Энэ удаа нэгдүгээр хүн дэмжих эсэх нь тодорхойгүй, ямар нэг байр суурь илэрхийлээгүй гэх мэдээлэл байна. Нэр дэвшигчийг сонгохдоо судалгааны дүн харахаас гадна нийгмийн уур амьсгал, мэдээж одоогийн Төрийн Тэргүүний байр суурь маш чухал байгааг энд тодотгоё.  

Үргэлжлэл бий.

 

 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.25.237
    27 минутын өмнө

    Энэ бацаан өөрийгөө юү гээд бодоов, улсын ерөнхийлөгч бно гэж бодоод яваа юм у. Энэ мэт хоосон цээж кэрэггүй. Харахад, ерөнхийлөгч гээш албан тушаалын нэр хүнд навс унасан учир хэн дуртай нь болчих санаа агуулж, горилж явах юм

    Хариулах