УИХ-ын гишүүн С.Цэнгүүн одон, медалийн тогтолцоог орчин үед нийцүүлэх хуулийн төсөл санаачилжээ. Тэрбээр өмнө нь иргэдтэй уулзах үедээ “Одон медалийн эх орон” нэртэй илтгэл тавьж, иргэдийн хүсэлтээр хуулийн төсөл санаачлахаа мэдэгдэж байсан юм.
Тус хуулийн төсөл батлагдсанаар шагналын төрөл, ангилал, эрэмбэ, олгох шалгуур хязгаарыг тогтоох, шагнал олгох үйл ажиллагааны ил тод байдлыг хангах, тэдгээртэй холбогдсон харилцааг зохицуулах юм.
УИХ-ын гишүүн С.Цэнгүүний хувьд одон, медаль, шагналтай холбоотой асуудлыг УИХ-ын гишүүн болсон цагаасаа шүүмжилж байсан бөгөөд "Одон, медаль, шагнал тараасаар байвал 10-20 жилийн дотор Монгол Улсын насанд хүрсэн бүх хүн төрөөс ямар нэг шагнал авч дуусах төлөвтэй байна. Мөн ХХААХҮЯ улсын аварга малчин, хошой аварга малчин, тариаланч, тариаланч хамт олон, саальчин, фермерүүдэд жил бүр 1.7-2.4 тэрбум төгрөг зарцуулж байна." хэмээн мэдэгдэж байсан удаатай юм.
Хуучин социалист орнуудаас ганцхан Монгол л хуучны одон, медалийн тогтолцоогоо хадгалж байна
Польш, Чех, зэрэг социалист лагерт багтаж байсан улс орнууд ард иргэдээ дайнд дайчлах, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үед иргэдээ хямд зардлаар ажиллуулах зорилготой байсан хуучны шагнал урамшууллын системээ 1990-ээд оны эхээр өөрчилж, шинэчилсэн байна.
Иймээс хуулийн төсөл нь одон медалийн тогтолцоог орчин цагт нийцүүлж, 1992 оны Үндсэн хуулийн үзэл санааг хангахад чиглэгдэж байгаа хэмээн УИХ-ын гишүүн С.Цэнгүүн онцоллоо.
УИХ-ын гишүүн С.Цэнгүүн өмнө оруулж байсан постыг https://www.facebook.com/share/p/1C6htreaxx/ -ээс үзнэ үү.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна