Энэтхэг улс Америкийн бараа бүтээгдэхүүний импортын гаалийн татварыг нэмлээ


Энэтхэгийн эрх баригчдын өчигдөр гаргасан шийдвэрийг олон улсын шинжээчид Америкийн эсрэг зарласан худалдааны бас нэгэн дайн хэмээн тодорхойлж байна. Орон нутгийн мэргэжилтнүүд Америкийн  28 нэр төрлийн бараа бүтээгдэхүүний импортын гаалийн татварыг нэмсэн Энэтхэгийн эрх баригчдын шийдвэр тус улсын төсөвт 217сая ам.долларын нэмэлт орлого оруулна гэж хүртэл тооцоолсон байна.

Энэтхэгийн эрх баригчид тус улсын ган хөнгөн цагааны импортын гаалийн татвараа Вашингтон  нэмсний хариуд  ийм арга хэмжээ авч байгаагаа зарласан юм.  Мөн Америкаас экспортолдог самрын татварыг 60 хувиар, харин сэвэг зарамын импортын гаалийн татварыг 30 хувиар нэмэхээр  шийдвэрлэсэн байна. Түүнчлэн грек самар, алим, лийр боорын хүчлээс авахуулаад  металл хийцийн бүтээгдэхүүний импортын гаалийн татварыг нэмэхээр төлөвлөж байгаагаа ч зарласан юм. Энэтхэг улс өнгөрсөн  2018 оны 8 сард мөн Америкийн бараа бүтээгдэхүүний импортын гаалийн татварыг нэмэхээ  зарлаж байсан ч эцсийн шийдвэр гаргахаа хойшлуулснаар өнөөг хүрсэн юм. Үүнийгээ тэд  Вашингтоны талтай яриа хэлэлцээ хийж байгаа гэдгээр тайлбарлаж байсан  билээ. 

Энэ хооронд Америк Хятадын худалдааны дайныг намжаах  уулзалт ирэх 7 хоногт Японы Осака хотноо болох Их хорийн дээд уулзалтын хүрээнд болж магадгүй гэсэн  хүлээлт  олон улсад үүссэн хэвээр  байна. Одоогоор АНУ-ын Ерөнхийлөгчийн засаг захиргаа болон БНХАУ-ын  эрх баригчдын зүгээс 2 удирдагчийн уулзалттай холбоотой албан мэдэгдэл хийгээгүй байна. Харин АНУ-ын худалдааны сайд Уилбур Росс Доналд Трамп, Ши Жиньпин нар Их Хорийн уулзалтын үеэр худалдааны яриа хэлэлцээгээ  сэргээх тохиролцоонд хүрч магадгүй тухай мэдээлснийг Уолл Стрит Журнал дамжуулсан  байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна