Ц.Сосорбарам: Инженерүүд маань сайн ажиллаж, шар усны үерийн аюулыг хохирол багатай даван тууллаа

Г.Долгорсүрэн
2024/04/22

Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор сүүлийн жилүүдэд нийслэлчүүдэд шар усны болон үерийн гамшиг тулгамдсан асуудал болсон. Өнгөрсөн онд л гэхэд сүүлийн 30 жилийн дунджаас их хэмжээний хур тунадас орсон. Мөн огцом хүйтэрч, эсвэл дулаарах зэргээр цаг агаарын хэм хэлбэлзэж байгаа нь халиа тошин үүсэх, цаашлаад шар усны үер болох эрсдэлийг бий болгоод буй. 

Хөрсний ус өмнөх жилүүдээс 2-3 дахин нэмэгдсэн зэргээр эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн талаар Ус, цаг уур орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн мэргэжилтнүүд ярьж байна.

Өнгөрсөн зуных шиг үер болох магадлал өндөр хэмээн мэргэжилтнүүд сануулсаар байгаа тул үерийн гамшгийг хэрхэн давах, үерийн даланг барьж эхэлсэн нь үр дүнгээ өгч байгаа эсэх зэрэг асуудлыг техникийн ухааны доктор, усны зөвлөх инженер Ц.Сосорбарамаас тодрууллаа.

Тэрбээр өнгөрсөн жилийн үерээс сургамж авч, нийслэлийн удирдлагууд болон салбарын инженерүүд хичээл зүтгэл гарган сайн ажиллаж байгааг онцоллоо.

-Мэргэжлийн байгууллагуудаас энэ хавар шар усны үерийн болзошгүй аюулаас сэрэмжлүүлэг өгч байсан ч харьцангуй гайгүй давчихлаа. Та энэ ажилд гар бие оролцсон хүний хувьд мэдээлэл өгнө үү?

-Өнгөрсөн жил Улаанбаатар хотод Чингэлтэй хайрхнаас урагш жижиг голууд дээр 60 жилд нэг удаа болдог их хэмжээний үер болсон. 120 мм тунадас унасан. Жилийн тунадасны хэмжээ 240 мм байдаг.

Сэлбэ голын хувьд хотын төв рүү орж ирдэг. Харамсалтай нь өнгөрсөн жилүүдэд уг голын дагуу маш их газар олгогдоод зохиомол саадууд бий болсон. Энэ нь усны урсгалыг хааснаас үерт олон газар өртсөн.

Нүхэн жорлонгууд, бохир, хог гээд маш их зүйл урсаж орж ирээд таагүй, хохиролтой үйл явдал боллоо шүү дээ. Тэр үеэс Сэлбэ голын эхэнд манай компани нуур барьсан. Далан үерийн усны 3/2-ийг нь авч үлдээд, 3/1 нь орж ирэхэд л маш их хохирол учруулсан. 

Уур амьсгалын өөрчлөлт хурдацтай явагдаж буй энэ цаг үед шар усны үер асуудал болоод байгаа. Энэ нь хаврын халиа тошин, цас мөсний үер гэсэн үг л дээ. Үүнээс хамгаалахад нийслэлийн удирдлагууд, инженерүүд шуурхай зохион байгуулалттай ажиллалаа. Сүүлийн гучин жил энэ асуудлаар үгээ хэлж, шийдэл дэвшүүлж явсан хүний хувьд онцолж хэлэх нь зүйтэй болов уу.

-Энэ зун үргэлжилсэн бороо орж, өнгөрсөн жилийнх шиг үер усны аюул болж магадгүй гэж мэргэжлийнхэн анхааруулах боллоо. Урьдчилсан ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа вэ гэдэг анхаарал татаж байна?

-Сүүлийн 30 жил газар олголт замбараагүй явагдаж, үерийн бүсэд зөвшөөрөлгүйгээр олон айл өрх буусны улмаас гамшигт өртсөн. Энэ чиглэлд ажиллах удирдлагаар усны чиглэлийн хүн орж ирсэн сайшаалтай. 

Хотын менежер Ц.Төрхүүгийн хувьд Ус сувгийн удирдах газрын даргаар олон жил ажилласан, асуудлаа мэддэг, ойлгодог хүн. Тиймдээ ч багаараа санаачилгатай, оновчтой ажиллаж байна.

Тухайлбал, хаврын халиа тошингийн мөсийг механик аргаар хагалаад зөөлөө. Ер нь мөсийг тэсэлдэг, гэхдээ хот суурин газар болохоор боломжгүй л дээ. Товчхондоо, усны байгууламжтай холбоотой зохион байгуулалтыг сайн хийснээр энэ жилийн шар усны үерийн аюулыг хохирол багатай даван туллаа.

-Нийслэлийг үерийн аюулаас ямар ч үед хамгаалах хамгийн оновчтой хамгаалалт байх вэ?

-Үерийн аюулыг бууруулахын тулд үерийн ус зайлуулах далан, хоолой босгохоос гадна бодлогын олон талт ажлыг  төр, хувийн хэвшлийн түншлэл хийх нь хамгийн оновчтой гарц мөн. 

- Манай хот үерийн хамгаалалтаас гадна замын ус зайлуулагч хангалтгүй учраас үерт өртөх шалтгаан болоод байна уу. Одоо байгаа зам, талбайд ус зайлуулагч хийх боломж бий юу?

-Бий. Үүнийг зайлшгүй хийх хэрэгтэй.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.