Ц.Анандбазарын "СҮҮЛЧИЙН ПОПРОЛТ": Батлагдаж амжихгүй сүүний хууль

С.Гандэлгэр
2024/04/23

УИХ-ын гишүүд дөрвөн жил хэрэг төвөгт орооцолдож, ангайж хэвтчихээд, нэгэнт хууль батлагдаж амжихааргүй болсон үед иргэдийн таалалд нийцсэн хуулийн төсөл санаачилж, ирэх сонгуулийн компанит ажлынхаа сэдвийг бэлдэх тохиолдол үеийн үед гардаг байна. Нийгмийн захиалгаас нэгийг нь барьж авч хууль болгоод тэрийгээ "Би гарчихвал энэ хууль батлагдах гээд байна" сонгуулийн сурталчилгааны үеэр ярьж явна гэсэн үг л дээ. Үүний нэг жишээ нь УИХ-ын гишүүн Ц.Анандбазар болж байна. 

Дөрвөн жилийн хугацаанд УИХ-ын гишүүнээр ажилласан Ц.Анандбазар хэрэг төвөгт нэр холбогдон, идэвх муутай ажилласан гишүүдийн нэгээр нэрлэгдэж буй. Ниргэсэн хойно нь хашхирав гэгчээр бүрэн эрх нь дуусдагийн даваан дээр "Сүүний хууль"-аа өргөн барив. 

Сүүлийн үед цэцэрлэгийн болон сургуулийн сурагчид хоол тэжээлийн дутагдалд орох нь их байна. Уг нь Монгол Улсын Үндсэн хуульд монгол хүн "эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхтэй" гэж заасан байдаг. Энэ нь амьжиргааны баталгаажих түвшин болон тухайн хүүхдийн хэрэглэж байгаа хүнсний бүтээгдэхүүнтэй холбоотой. Ерөнхийдөө хүүхдүүд хангалттай хэмжээний эрдэс, амин дэм агуулсан хоол, хүнд идэхгүй байгаатай учраас хоол, тэжээлийн дутагдалд ороод байгаа талаар эмч нар хэлж байгаа юм. 


Ингээд харвал байгаа оносон хууль. Хуулийн төсөл батлагдах юм бол хоёр эерэг үр дагавар дагуулна. Нэг нь цэцэрлэг, сургуульд сурдаг хүүхдүүд бага үдээр сүү ууснаар хэрэгцээ шаардлагатай амин дэмээ авах, тураалд орох эрсдэлээс сэргийлэх боломжтой.

Тус хуулийн төслийг товчоор тайлбарлавал:

Цэцэрлэг, ЕБС-ийн сурагчдад үйлдвэрийн аргаар боловсруулсан, чанар эрүүл аюулгүй байдлын шаардлага хангасан сүүгээр тогтмол хангаж, орон нутгийн сүүний үйлдвэр, цехийн үйл ажиллагааг дэмжих боломж үүсгэнэ. Өдөр тутам сүү ууснаар хүүхдийн оюуны болон бие бялдрын өсөлтийг дэмжих аж.

Эдийн засаг талаасаа ч сүү, сүүн бүтээгдэхүүний эрэлт, эргэлт сайжирч орон нутгийн малчид, үйлдвэрлэгчдэд эерэг нөлөө үзүүлэх юм.

Сонгууль ойртсон учраас бүх гишүүн бүр тойрог руугаа гүйдэлтэй болж төрийн ордон хоосон байгаа. Хууль батлахад тодорхой цаг хугацаа хэрэгтэй. Ц.Анандбазараас ч өмнө хуулийн төсөл өргөн барьсан УИХ-ын гишүүд нь хуулийн төслийг минь хэлэлцэхгүй байна гэж халаглаж байхад 2020 онд бүрсдэн Парламентын бүрэн эрхийн хугацааны адагт өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэх нь юу л бол. Шинэ Парламент бүрдлээ ч түүний хуулийг корьж хэлэлцэхгүй. Магадгүй батлуулах зорилгогүй бөгөөд Ц.Анандбазарын сонгуулийнх нь компанит ажлын нэг хэсэг ч байж болох юм.






Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна