“Замын хөдөлгөөн, тээврийн асуудал” сэдвээр Б.Отгонсүх илтгэл тавилаа


“Улаанбаатар эдийн засгийн форум-2019” өнөөдөр “Blue Sky” зочид буудлын хурлын танхимд болж байна. Форумын үйл ажиллагаа өдгөө илтгэл хэлэлцүүлгээр үргэлжилж буй.

Чуулганы дараагийн илтгэлийг нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх “Замын хөдөлгөөн, тээврийн асуудал” сэдвээр хэлэлцүүлэв.

Тэрбээр илтгэлдээ “Нийслэлд бүртгэлтэй автомашины тоо 2018 оны байдлаар 501.934 байна. Өдөр тутам үйлчилгээнд 949 автобус үйлчилдэг. Бүртгэлтэй таксины тоо 2019 оны байдлаар 598 байна. Улаанбаатар хотын барилгажсан хэсгийн нутаг дэвсгэрт бизнес, худалдаа үйлчилгээ, соёл, боловсрол, эрүүл мэндийн болон нийгмийн үйлчилгээ хотын төв хэсэгт төвлөрч, хөдөлгөөний урсгалыг өөртөө татаж, тээврийн хэрэгслийн түгжрэл үүсгэх үндсэн шалтгаан болж байна. Энэ хүрээнд нийслэлийн автозамыг гурван бүсэнд хувааж,  бүс доторх бүх зогсоолыг хариуцах эзэнтэй, тус тусын төлбөртэй болгох, эдгээр бүсүүдэд хувийн автомашины хэрэглээг аль болох хумих бодлого хэрэгжүүлнэ. Харин нийтийн тээвэр, моторт бус тээврийн хэрэгслийн зорчилтыг дэмжих бодлого баримтална. Мөн жил бүр 200 автобусаар нийтийн тээврийн парк шинэчлэлийг хийнэ” хэмээн онцоллоо.

“Замын хөдөлгөөн, тээврийн асуудал” сэдвээр тавьсан илтгэл хэлэлцүүлгээр үргэлжилж, энэ сэдвээр форумд оролцогчид нээлттэй ярилцсан юм.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

 

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна