"Ирээдүйн эзэд" мэргэжил сонголтын аяныг зохион байгуулав

2019 оны 11 сарын 19

 "Ирээдүйн эзэд" мэргэжил сонголтын аян үйл ажиллагаа Баянгол дүүргийн ЕБС-ийн 700 гаруй суралцагчдийн оролцоотойгоор өчигдөр зохион байгуулагдлаа.

Энэхүү аяны зорилго нь өсвөр насны хүүхдүүдэд ирээдүйд эзэмших мэргэжлээ зөв сонгохтой холбоотой мэдээлэл өгөх, ахлах ангийн сурагчдыг эрсдлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зөвлөгөө өгөх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, мэргэжил сонголтод арга зүйн дэмжлэг үзүүлэхэд оршиж байгаа аж.

Манай улсын хувьд нийт хүн амын 34,6 хувийг 15-34 насны ид сурч, хөдөлмөрлөх залуучууд эзэлж байна.

Тус арга хэмжээний талаар "Монгол хүн" хүмүүжлийн аяныг санаачлагч, Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Мөнхжаргал "Хувь хүний эзэмшсэн мэргэжил гэдэг бол тодорхой ажил хөдөлмөр эрхлэхэд шаардагдах мэдлэг, дадлага, туршлагын цогц бөгөөд сонголтоо зөв хийхэд олон хүчин зүйл нөлөөлнө. Иймээс өөрийн хүсэл сонирхол, авъяас чадвараа нээн илрүүлэх, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлтйн талаар судалгаа мэдээлэлтэй байх нь хамгийн чухал юм.

Одоо сурч байгаа оюутнуудын 30 хувь, нийт төгсөгчдийн 70 хувь нь мэргэжил сонголтдоо эргэлздэг, тухайн мэргэжлээр ажилдаггүй гэсэн судалгаа бий. Мэргэжлээ зөв сонгосон хүний хувийн амьдрал, сэтгэлзүй тайван эерэг байдаг бол буруу сонголт нь өөртөө итгэлгүй, амьдралын идэвхгүй болгож сэтгэлээр унагахад хүргэдэг байна.

Иймээс дэлхий дээр 7000 гаруй мэргэжил байдаг ба техник технологи үсрэнгүй хөгжиж байгаа өнөө үед өөрийн авъяас чадвараа мэдлэг, мэргэжил болгох нь хамгийн чухал юм.

Ирээдүйн ажил, амьдралд мэргэжил сонголт шууд нөлөөтэйгээс гадна харилцаа, хандлага мөн том байр суурь эзэлнэ" гэдгийг онцолсон байна.

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.