Азийн сангийн суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзав


Азийн сангийн суурин төлөөлөгч Марк Коениг, Хотын засаглалыг сайжруулах төслийн менежер Г.Халиунгоо тэргүүтэй төлөөлөгчдийг Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва өнөөдөр хүлээн авч уулзав. Мөн уулзалтад нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Баатархүү, Ё.Цацралтуяа, ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албан дарга Б.Батбямба нар оролцлоо.

Уулзалтын хүрээнд 2015 оноос хэрэгжүүлж эхэлсэн “Хотын засаглалыг сайжруулах төсөл”-ийн явц, үр дүнгийн талаар ярилцаж, цаашид хэрхэн хамарч ажиллах талаар санал бодлоо солилцов. “Хотын засаглалыг сайжруулах төсөл” нь иргэдийн өмнө тулгарч буй асуудлыг шийдвэр гаргагч, бодлого тодорхойлогчдод хүргэх, хороодын иргэдэд үзүүлэх үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, хорооны ажилтан албан хаагчдын мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, хотын оршин суугчдын амьжиргааг дэмжихэд чиглэсэн төсөл аж. Төслийн хүрээнд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслүүдэд иргэдийн саналыг авах ухаалаг гар утасны аппликейшн хөгжүүлж, 2018 онд нийслэлийн есөн дүүргийн 19 хороонд туршжээ. Туршилтын явцад нийт 13 000 гаруй иргэний саналыг авсан байна. Түүнчлэн нийслэлийн 152 хорооны Засаг дарга, зохион байгуулагч, нийгмийн ажилтан, амьжиргааг дэмжих зөвлөлийн гишүүд, хэсгийн ахлагч нар нийт 3000 орчим албан хаагчдыг сургалтад хамруулжээ. Мөн хотын төвлөрлийг сааруулах, ядуурлыг бууруулах, хүйсийн тэнцвэртэй байдлыг хангах чиглэлээр хэд хэдэн томоохон ажлуудыг хийж хэрэгжүүлсэн аж.

Азийн сангаас цаашид “Хог хаягдал ба уур амьсгалын өөрчлөлт” төслийг хэрэгжүүлэх гэж байгаа талаар мөн танилцуулав. Төслийн багийнхан Монгол Улсад хог хаягдлаас ялгарах хүлэмжийн хий, уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөлөх богино наст бохирдуулагч бодисыг бууруулах боломж их байгааг хэлж байв. Тиймээс уг төслөөр дамжуулан байгаль орчинд ээлтэй, технологи сонгож нэвтрүүлэх, ашиглахад чиглэсэн эрх зүйн орчин бүрдүүлэхэд төв, орон нутгийн байгууллагуудад дэмжлэг үзүүлэн ажиллах ажээ.

 Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна