Монголын эрдэмтдийн хамтарсан судалгаа дэлхийд үнэлэгдэн хэрэгжиж эхэллээ

С.Гандэлгэр
2021/01/28

МУИС-ийн профессор Ж.Батхүү, Токиогийн их сургуулийн профессор Т.Асами нарын дэвшүүлсэн “Нүүдэлчин Монголчуудын уламжлалт мэдлэгт тулгуурлан бэлчээрийн тэжээлийн зэрлэг ургамлыг зүй зохистой ашиглах нь” төсөл өнгөрөгч оны 7 дугаар сараас хэрэгжиж эхлээд байна. 

Профессор Ж.Батхүү, профессор Т.Асами нарын хамтран 3 дахь удаагаа дэвшүүлсэн төсөл нь бөгөөд Япон Улсын Шинжлэх ухаан, технологийн агентлаг (JST, Japan Science and Technology Agency)-аас хэрэгжүүлдэг САТРЕПС (SATREPS, Science and Technology Research Partnership for Sustainable Development)  хөтөлбөрт 2019 оны 5 дугаар сард шалгаран хэрэгжиж эхэлжээ.


МУИС-аас гадна ХААИС-ийн Мал эмнэлгийн хүрээлэн (Эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор Ц.Бямбажав), Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн (Эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор Г.Удвал), Экологийн судалгааны төв (доктор, профессор Ж.Ундармаа),  Ховд их сургууль (доктор профессор Б.Гантөмөр) төсөлд оролцож байна.

Ажиглалтын хэсэг болон орон нутгийн судлаачдын уулзалтын үеэр

 “САТРЕПС  хөтөлбөрийн зорилго нь хүрээлэн буй орчин, эрчим хүч, биологийн нөөц, байгалийн гамшиг, халдварт өвчин зэрэг хүн төрөлхтөний өмнө тулгарч буй глобал асуудлуудыг шийдэхэд тус дэм болохуйц шинэ мэдлэг бүтээх төдийгүй, түүнийг нийгмийн амьдралд хэрэгжүүлэх явдал юм. Тухайлбал гадаад орнчны таагүй нөхцөлд тэсвэртэй, өсөлт хөгжилт нь хурдан болон малын эрүүл мэндэд ашиг тустай гени, эмт бодисыг олж тогтоон практикт нэвтрүүлэх явдал юм.

Дашрамд дурдахад, 5 жилийн хугацаатай хэрэгжих уг төслийн Япон талын зардлыг Япон улсын Шинжлэх ухаан, технологийн агентлаг, Монголд  хийгдэх судалгааны зардлыг ЖАЙКА  байгууллага хариуцан санхүүжүүлэх юм. Япон улсын Шинжлэх ухаан, технологийн агентлагаас 1 жилд гаргах санхүүжилтийн дээд хэмжээ нь 35 сая иэн,  ЖАЙКА байгууллагаас 1 жилд гаргах санхүүжилтийн дээд хэмжээ нь 60 сая иэн (ойролцоогоор  1.4 тэрбум төгрөг)  аж.  

Эх сурвалж: jst.go.jp, news.num.edu.mn




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.57.94.132
    2021/01/28

    Аж үйлдвэрийн 5-р хувьсгалд дэмпингийн хууль хэрэггүй

    Хариулах