ОХУ зарим салбарынхандаа коронавирусийн вакциныг АЛБАДАН хийнэ


ОХУ-д "Ковид-19" цар тахлын халдварын тархалт өндөр хэвээр байна. Энэ сарын эхээр тус улсад өдөрт дунджаар 9000 орчим халдварт шинэ тохиолдол бүртгэгдэж байсан бол сүүлийн өдрүүдэд дунджаар 20 мянган шинэ тохиолдол бүртгэгдэж байгаа юм байна.

Нийт халдварт шинэ тохиолдлын 50 орчим хувь нь нийслэл Москва хот болон Санк-Петербург хотод бүртгэгджээ. Оросын эмч мэргэжилтнүүд нэг талаас иргэд халдвараас урьдчилан сэргийлэх дүрэм журам мөрдөхгүй байгаагаас, нөгөө талаас коронавирусний шинэ мутациуд нэмэгдэж байгаа нь халдварын тархалт өсөхөд нөлөөлж байна. Түүнчлэн хамгийн том хүчин зүйл нь тус улсын иргэд коронавирусний эсрэг вакцин хийлгэхгүй байгаа нь холбоотой гэж үзэж байна.

ОХУ нь өнгөрсөн оны сүүлчээр коронавиурсний "Спутник ви" вакцин гарган авч, эмнэлзүйд хэрэглэхийг зөвшөөрсөн дэлхийн анхны улс болсон. Үүнээс хойш нэг болон хоёр тунгаар хийх хэд хэдэн вакцин гарган авч, олон улсад хандивлан, худалдан борлуулж байна. Гэвч Оросын иргэдийн дунд вакцинд үл итгэх, вакцины үр нөлөөг төдийлөн ойшоохгүй байх хандлага их байгаагаас халдварын тархалт эргээд нэмэгджээ.

Лхагва гарагийн байдлаар Оросын хүн амын 14 хувь нь буюу 20.7 сая хүн коронавирусний эсрэг вакцины эхний тунд, 16.7 сая буюу 11 хувь нь вакцины бүрэн тунд хамрагджээ. Тус улсын Ерөнхий сайд Михаиль Мишустин вакцинжуулалтын хурд өсөх хандлагатай байна. Одоо бүх муж, хотуудад вакцины нийлүүлэлтийг хангалттай түвшинд хийх шаардлагатай байна гэж баасан гарагт мэдэгджээ.

Цар тахлын халдвар нэмэгдэж байгаатай холбогдуулан ОХУ-ын Москва, Санкт-Петербург, Сахалин зэрэг 14 мужид энэ сард коронавирусний вакциныг албан журмаар хийж эхэллээ. Тухайлбал, төрийн албан хаагчид, жижиглэнгийн худалдаа эрхлэгчид, эрүүл мэнд, боловсролын салбарынхан болон ресторан, бялдаржуулах төв, гоо сайхны салон болон бусад салбарын ажилчдыг заавал вакцин хийлгэх журам мөрдөж байна.

Москвагийн эрх баригчид компани аж ахуйн нэгжүүд вакцин хийлгэх сонирхолгүй байгаа ажилчдынхаа цалинг өгөхгүй байх шаардлага хүргүүлж, долоодугаар сарын 15 гэхэд ажилчдынхаа наанадаж 60 хувийг коронавирусний вакцины эхний тунд, наймдугаар сарын 15 гэхэд хоёр тунд бүрэн хамруулах шаардлагыг биелүүлээгүй нөхцөлд тухайн аж ахуйн нэгж компаниудын үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг түр цуцална гэдгээ анхааруулжээ.

Даваа гарагаас эхлэн Москва хотын бүх ресторан, кафе, шар айрагны газрууд коронавирусний вакцинд бүрэн хамрагдсан, сүүлийн зургаан сарын хугацаанд коронавирусний халдвар аваад эдгэрсэн, эсвэл сүүлийн 72 цагийн дотор өгсөн шинжилгээний сөрөг хариутай хүнийг нэвтрүүлж, үйлчлэх юм байна.

Мөн бусад мужуудын засаг захиргаа ч ажилчдаа заавал вакцин хийлгэх шаардлага тавих, ресторан гэх мэт тодорхой үйлчилгээ бизнесийн байгууллагуудыг заавал вакцинд хамрагдсан хүнд үйлчлэх журам гаргаж байгаа юм байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна