Сөүлийн фитнесс төвүүдэд хурдан хэмнэлтэй хөгжим тавихыг хоригложээ


Иргэдийг хөлрөөхгүйн тулд Сөүл хот болон ойр хавийн бүс дэх  фитнес төвүүдэд хурдан хэмнэлтэй хөгжим тавих, хоёр цагаас илүү хугацаагаар хичээллэх, шүршүүрт орохыг хоригложээ. Халдварыг тархаахгүйн тулд энэ шийдвэрийг гаргасан байна.

Нэг минутад 120-иос дээш цохилттой хөгжмийг хурдан хэмнэлтэй гэж үзнэ. Мөн гүйлтийн замуудын дээд хурд 6 км/цаг байна. Эдгээр дүрмийг мөрдсөнөөр фитнесээр хичээллэх иргэд илүү хурдан амьсгалах, хөлрөх, хэн нэгний хөлс бусад руу үсрэхээс урьдчилан сэргийлнэ гэж тус улсын эрүүл мэндийн мэргэжилтнүүд үзжээ.

Шийдвэрийг танилцуулсны дараа к-попын алдартай хамтлагуудын нэг болох Blackpink-охидын хамтлагийн шүтэн бишрэгчид BTS хамтлагийн фэнүүдтэй харьцуулахад илүү хүнд байдалд  орох нь гэх яриа таржээ. Фитнес төвүүд дээрх шийдвэрийг даваа гарагаас мөрдөж  эхлэв. Зумба, аэробик болон спиннингийн төвүүд хурдан хэмнэлтэй хөгжимд дасгал хийлгэдэг. Иймд эдгээр төв хөгжмөө солих шаардлага үүсжээ. Мөн Нийслэл Сөүл болон эргэн тойрных нь спортын төвүүд 22.00 цаг хүртэл ажиллана. Сөүлд фитнесс төв ажиллуулдаг Кан Хюн-ку “Сонгодог хөгжим болон BTS-ийг тоглуулснаар халдварт ямар нөлөө үзүүлж буйг баталсан нотолгоо бий гэж үү” хэмээн дээрх шийдвэрт эргэлзэж байна.  Мөн ихэнх хүн чихэвч зүүгээд дасгал хийдэг тул хэн ямар хөгжим сонсож буйг хянах боломжгүй гэжээ. Харин хотын эрх баригчид спорт төвүүд зөвлөсөн хөгжмийг тоглуулснаар бүр мөсөн хаагдах эрсдэлээс сэргийлнэ гэж найдаж байна.      

Тус улсад нэг өдөрт 1100 тохиолдол бүртгэх болсноор шинэ хязгаарлалт тогтоож эхэллээ. Өнгөрсөн баасан гарагт Ерөнхий сайд Ким-Боо кюм мэдэгдэл хийж, “Бид хямралын хамгийн дээд түвшинд хүрсэн” гэжээ.   

                                                                                                                                                                                         Х.Есү



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна