Л.Оюун-Эрдэнэ: Богдхан төмөр зам бол автозамын түгжрэл бууруулах үндсэн шийдлүүдийн нэг юм


Богдхан төмөр замын бүтээн байгуулалтын ажлын нээлт өнөөдөр боллоо. 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус төслийг нээж хэлсэн үгэндээ, "Богдхан төмөр зам нь Монгол Улсын дэд бүтцийн болон тээвэр логистикийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлээд зогсохгүй нийслэл Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, Төв аймгийн нутаг дэвсгэрт шинэ дагуул хотууд бий болох, автозамын түгжрэл буурах үндсэн шийдлүүдийн нэг юм" гэдгийг онцлоод бүтээн байгуулалтын ажилд амжилт хүслээ.

Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн хуралдаанаар Богдхан төмөр замын төслийн суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг “Тавантолгой төмөр зам” ХХК-д олгосон юм.

Богдхан төмөр зам баригдсанаар,
 
  • Улаанбаатар хотын төмөр зам, авто замын огтлолцолд дунджаар 144 минутыг зарцуулж байгаа нөхцөл байдал 57 хувиар буурна. Улаанбаатар төмөр замын дагуух дуу чимээ тоосжилт, бохирдол эрс багасч цаашид бензин, шатах тослох материалын агуулах, нүүрс тээвэрлэлт, хүнсний болон барааны агуулахыг хүн ам төвлөрөн суурьшдаг газраас үе шаттай холдуулах боломж нээгдэнэ
  • Хөшигийн хөндийн их бүтээн байгуулалт эхлэж, Хөшигийн хөндийд тээвэр логистикийн гурван шинэ терминал байгуулагдаж, экспорт нэмэгдэж, цаашид эдийн засгийн чөлөөт бүс байгуулагдах суурь нөхцөл бүрдэж, Төв аймаг цаашид улсын зэрэглэлтэй хот болон тэлэн боломж бүрдэх учиртай.
  • Дагуул  хотууд хөгжиж, төр хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүд, гадаадын хөрөнгө оруулагчдын түншлэл идэвхижиж, цаашид Өмнөговь, Орхон, Дархан-Уул, Дорнод, Дорноговь аймаг хотжих үйл явцыг хурдасгасан загвар, сэтгэлгээний болон соёлын өөрчлөлт болно
  • Монгол Улсын нутаг дэвсгэрийг дамжин хөрш орнууд болон Ази, Европын бүс нутагтай холбох “Эдийн засгийн коридор”-ын хөгжил, түүн дотроо Улаанбаатар төмөр замын тээврийн оролцоо, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд томоохон хувь нэмэр оруулна.


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 139.5.216.97
    2021/09/13

    Анх төмөр зам тавьж байхад трассаа алдчихсан

    Хариулах