Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Хятад Ард Улсад зохион байгуулагдаж буй “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний чуулга уулзалтад оролцох үеэр 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хоёр улсын Төрийн тэргүүн нарыг байлцуулан БНХАУ-ын Ардын Их хурлын ордонд дараах баримт бичигт гарын үсэг зурав.
Үүнд:
Санамж бичгийг байгуулснаар Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурь конвенц, Парисын хэлэлцээрийн зорилгын дагуу тус тусын улсын үүрэг амлалтаа хамтран хэрэгжүүлэх, харилцан туршлага солилцох боломжтой болно. Талууд эрүүл аюулгүй орчныг бий болгох, байгаль орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, ногоон хөгжлийг дэмжиж эдийн засгийг сайжруулах, эрчим хүчний хэмнэлт болон үр ашгийг сайжруулах, хуванцар бохирдолтой тэмцэх, хүнсний алдагдлыг бууруулах чиглэлд шилдэг туршлагуудыг солилцож, хамтран ажиллахаар тохиров.
Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд боомтуудыг авто болон төмөр замаар холбож дэд бүтцийг сайжруулах зорилтыг тавин ажиллаж байна. Уг санамж бичгийг байгуулснаар Шивээхүрэн-Сэхээ хил дамнасан төмөр замын хамтарсан ажлын хэсэг байгуулагдаж, бүтээн байгуулалтын ажил нэг шат урагшлах юм.
Тус санамж бичигт гарын үсэг зурснаар цахим эдийн засгийг хөгжүүлэх, цахим салбар дахь аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжих юм. Энэ хүрээнд туршлага солилцох, инновацын чиглэлээр хүний нөөц бэлтгэх, Монгол Улсын мэдээллийн технологийн компаниудын бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх чиглэлд хамтран ажиллахаар тохиролцов.
Мөн арга хэмжээний үеэр хоёр талын дараах баримт бичгийг байгуулав. Үүнд:
Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан уг хэлэлцээрийг байгуулснаар хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх эрх зүйн үндсийг тавьж байна.
Тус санамж бичгийг байгуулснаар хоёр улс хоорондоо хөгжлийн туршлагаа солилцох, бодлого төлөвлөлт, стратегийн уялдаа холбоог сайжруулах, макро эдийн засаг, хот төлөвлөлт, аж үйлдвэрийн төлөвлөлт болон “Бүс ба Зам” болон “Талын зам” санаачлагыг хүрээнд Эдийн засгийн коридорын төслүүдийг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх, хоёр улсын одоогийн мөрдөгдөж буй хууль тогтоомж, эрх зүйн хүрээнд тус тусын аж ахуйн нэгж, эрдэм шинжилгээний байгууллага болон боловсон хүчний солилцоог өргөжүүлэх боломжтой болж байна.
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Боомтын сэргэлтийн Үндэсний хороог байгуулсантай холбогдуулан Монгол, Хятад улсын хилийн боомтын менемежментийн хамтын ажиллагааны мехнизмыг хөгжүүлэх, бусад ажлын хэсгийн уялдаа холбоог хангах зорилгоор 2014 онд байгуулсан “Монгол, Хятадын хилийн боомтын менежментийн хамтын ажиллагааны комисс байгуулах тухай хэлэлцээр”-ийг шинэчлэн байгуулав.
Уг санамж бичгийг байгуулснаар 2011 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн “Гэмт хэрэгтэй тэмцэх талаар хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн дагуу барааг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлэх гэмт хэрэгтэй тэмцэх хамтын ажиллагааны ололт амжилтыг бататгах, гаалийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх, харилцан туршлага солилцох, хар тамхи, мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис илрүүлэх чиглэлд чадавхыг бэхжүүлэхэд хамтын ажиллагааг бэхжүүлэх ач холбогдолтой юм.
Энэхүү протоколоор талууд Монгол Улсаас БНХАУ-д “Үйлдвэрийн зориулалтаар ашиглах мал, амьтны гаралтай бүтээгдэхүүн экспортлох хорио цээр, мал эмнэлгийн ариун цэврийн шаардлага”-ыг тохиролцов. Үйлдвэрийн зориулалтаар ашиглах мал, амьтны гаралтай бүтээгдэхүүн гэдэг нь үхэр, хонь, ямаа, адууны яс, эвэр, туурай, өөх зэргийг хатаах, уураар жигнэх, өндөр даралтаар боловсруулах, өндөр даралтаар шүршиж хатаах аргаар боловсруулж гаргаж авсан техникийн зориулалт бүхий бүтээгдэхүүн буюу желатин, тос, уураг (пептон), буталсан яс, эвэр туурайгаар хийсэн бүтээгдэхүүнийг хамруулж байгаа болно.
Түүнчлэн “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих төслийн Тусгайлсан зээлийн хэлэлцээр”, “Монгол Улсын Баянхонгор аймаг болон БНХАУ-ын Ганьсу муж хооронд найрсаг, хамтын ажиллагааны тухай хэлэлцээр”, “Монгол Улсын Баянхонгор аймгийн Баянхонгор сум, БНХАУ-ын Ганьсу мужийн Жючуань хот хооронд ах дүүгийн харилцаа тогтоох тухай хэлэлцээр” зэрэг баримт бичигт гарын үсэг зурав.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна