Монголын тэргүүлэгч компаниуд Хэнтий аймагт салбараа байгууллаа

Х.Есү
2023/11/06

МУ-ын Засгийн газраас хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд орон нутагт бизнес эрхлэх таатай боломжийг хөрөнгө оруулагчдад танилцуулж, орон нутагт ажлыг байр нэмэгдүүлэх зорилготой "Invest khentii 2023” хөрөнгө оруулалтын чуулган өнгөрсөн баасан гаригт Хэнтий аймгийн Чингис хотноо амжилттай зохион байгуулагдлаа.

Тус арга хэмжээнд яам, тамгын газрын удирдлагууд, томоохон хөрөнгө оруулагчид оролцож, орон нутагт ажлын байрыг нэмэгдүүлэх, эко аялал жуулчлалыг хөгжүүлэх, хөдөө аж ахуй, барилга бүтээн байгуулалт, сургалт судалгааны чиглэлээр нийт 8 санамж бичиг байгуулж, албажуулжээ.

Үүнд манай Улсын тэргүүлэх компани болох “Говь” ХК 100-120 ажилтантай анхны орон нутаг дахь салбар үйлдвэрээ Хэнтий аймагт нээлээ.

Мөн Хэрлэн сумын Өлзийт тосгонд Хөдөө аж ахуйн цогцолбор парк төслийг хэрэгжүүлж байгаа “М-Агро” компанитай хамтран ажиллах гэрээ байгууллаа. Энэхүү компани нь аймаг орон нутгийн 30 гаруй иргэнийг ажлын байртай болгож, малчдаас зах зээлийн үнээс өндөр үнээр мал мах худалдан авч эргэлтэд оруулдгаараа давхар ач холбогдолтой. Цаашид 200 иргэнийг ажлын байраар хангах төлөвлөгөөтэй байгаа аж.

Түүнчлэн зочид буудал, зоогийн газрын үйлчилгээг олон улсын стандартын түвшинд хүргэх, орон нутагт шинээр ажлын байр бий болгох эко жуулчны баазыг Дадал суманд байгуулахад “Исун мод тур” ХХК-тай хамтран ажиллахаар болсон юм.

Мөн үүрэн холбооны тэргүүлэх компани болох GMOBILE компани Хэнтий аймагт үүрэн холбооны дуудлага хүлээн авах төвөө нээж эхний ээлжид 15-20 хүнийг ажлын байраар хангалаа.
Түүнчлэн 1300 айлын жишиг хорооллын эхлэлийг тавьж “Эм Си Эс Си” компанитай 250 айлын орон сууц барих төслийг хамтран хэрэгжүүлэхээр болсон бол Хаан банкнаас 20 айлыг ипотекийн зээлд хамруулахаар болж, эхний 2 өрхөд батламжийг гардуулан өгсөн юм.

ШУТИС-тай аймгийн хөгжлийн бодлогыг дэмжих сургалт, судалгаа, инновацын чиглэлээр хамтран ажиллах, Хөдөө аж ахуйн сургуультай хөдөө аж ахуйн салбарт хөгжлийн бүхий л асуудлаар мэдээлэл, туршлагаа солилцож харилцан суралцах болон хамтран ажиллах, эрдэм шинжилгээ, судалгаа, технологи хөгжүүлэлт, орон нутагт инновацыг бий болгоход харилцан уялдаатай хамтран ажиллах гэрээг тус тус байгууллаа.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.21.108.4
    2023/11/07

    Ашгүй дээ ганц аймаг чболов ингээл хөгжөөд байвал бусад нь дуйраах байх.

    Хариулах