Тухайн оны хамгийн сүүлчийн өдрийн сүүлчийн мөчүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга нар нийт ард түмэндээ мэдчилгээ дэвшүүлдэг уламжлалтай. Өнгөрсөн жил буюу 2023 оны 12 дугаар сарын 31-нд ч төрийн гурван өндөрлөг иргэддээ хандан мэндчилгээ дэвшүүлсэн юм.
Тэгвэл тэдний дэвшүүлсэн мэндчилгээнд өнгөрсөн оноо хэрхэн дүгнэсэн, ирэх оноо яаж төлөвлөж байгааг харж болох юм.
Тэд 2023 оныг юу гэж дүгнэв ?
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монголчууд бид гадаад харилцаагаа өргөжүүлж, эдийн засгаа сэргээн түүх соёл, өв уламжлалаа дэлхий дахинд сурталчилсан жил байлаа
Улиран одож буй 2023 он хүн төрөлхтний хувьд геополитик, геостратеги, байгаль цаг уурын гээд амаргүй хүнд цаг үе байсан хэдий ч монголчууд бидний хувьд гадаад харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлж, эдийн засгаа сэргээн, хүнсний үйлдвэрлэл, ногоон хөгжлийг дэмжиж, түүх соёл, өв уламжлалаа дэлхий дахинд сурталчлан таниулсан түүхэн үйл явдлаар дүүрэн жил байлаа.
Мөн манай улсын гадаад бодлого, гадаад харилцаа улам өргөжин бэхжиж, түүхэнд тодоор бичигдэн үлдэх төрийн айлчлалууд амжилттай хийгдэж, монголчууд бидний баялаг түүх, бахдам соёл, суу алдрыг дэлхий дахинд сурталчлан таниулсан, гадаад харилцааны өрнөл бадралын түүхэн он жил байлаа.
УИХ-ын дарга Г.Занданшатар: Ард түмэн худал хуурмагтай үл эвлэрэгч, буруу булхайг үл тэвчигч, саар мууг засан бэхжүүлэгч болж өөрчлөгдөж байна
Алдсан, оносон, суралцсан, зоригжсон ард түмэн нэгэнт зөв чигээ олж, худал хуурмагтай үл эвлэрэгч, буруу булхайг үл тэвчигч, саар мууг засан бэхжүүлэгч болж өөрчлөгдөж байна. Авлига, хулгай, утаа, түгжрэл гээд нийгмийн гажуудал бүхнийг дуу нэгтэй шүүмжлэн эсэргүүцэж, Төр засгаас шударга үнэнийг нийтээрээ нэхэгч байж чадаж байна.
Хагархай цонхны онол шиг эмх замбараагүй байдал ноёлсон энэ цагт хуулийн засаглалыг хүчирхэгжүүлж, аливаа гажуудлыг хуулиар цэгцлэх нь зөв арга, суурь зарчим мөн. Хуулийн эко систем бүрдэж, нийгмийн ужиг гажуудлууд нуран задарч, иргэдийн шударга ёсны хүсэмжлэл сэргэж буй нь хөгжих үндэстний хүчирхэгжин эрүүлжиж буй эерэг шинж мөн.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хуримтлагдсан олон асуудлыг цэгцлэхийг хичээсэн жил байлаа
2023 он бол хуримтлагдсан олон асуудлыг амжиж цэгцлэхийг хичээсэн жил байлаа. Авлигын олон асуудлыг дэлгэж, нийгмийг бухимдуулсанд уучлаарай. Гэхдээ ирэх жилүүдэд бухимдалгүй байх эхлэл энэ жил тавигдсан гэдэгт итгээрэй.
Хөгжлийн банкны асуудал цэгцэрснээр 12 жилийн хугацаанд хуримтлагдсан Чингис бондын 1.5 тэрбум ам.доллар, Мазаалай бондын 500 сая ам.доллар, Гэрэгэ бондын 800 сая ам.доллар, Евро бондын 500 сая ам.доллар, Самурай бондын 200 сая.ам долларын өрийг Монгол Улс бүрэн төлж барагдууллаа. Монгол Улсын Засгийн газар гадаад өрүүдийг төлөхөд өнгөрсөн хугацаанд нийт 13.3 их наяд төгрөг зарцууллаа.
Оюу Толгойн Монголын талын 34 хувьд ногдох 2.3 тэрбум ам.долларын өр тэглэгдсэнээр олон жил улс төржин гацсан Гүний уурхай бүрэн ашиглалтад орж, олон улсын хөрөнгө оруулалтын орчинд эергээр нөлөөлж чадлаа.
Тэд шинэ оныг хэрхэн төсөөлөв ?
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн өсөлтийг өрх бүрийн хаалгаар оруулсан жил байх болно
2024 онд эдийн засгийн өсөлтийг өрх бүрийн хаалгаар оруулсан, иргэн бүхэнд хуримтлал үүсгэх тогтолцооны өөрчлөлтийг эхлүүлсэн жил байх болно.
2024 он орон сууцны хүртээмжийг “миний анхны байр”, “миний орон нутагт амьдрах сонголт”, “миний түрээсийн байр”, “миний амины орон сууц” зэргээр төрөлжүүлэн нэмэгдүүлж, Үндэсний баялгийн сангийн тогтолцоотой холбох цогц реформыг хэрэгжүүлсэн жил байх болно.
2024 он хот хөдөөгийн тэнцвэрийг хангаж, нийслэл хотын метроны төслийг эхлүүлж, Хөдөөгийн сэргэлтийн хүрээнд аймгийн төвүүдийг хооронд нь, хилийн боомтуудтой холбосон “Таван тойрог” замын их бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж, бүсийн хөгжлийг бодлогын бодит ажил болгосон жил байх болно.
2024 он Худалдаа аж үйлдвэрийн танхим, Үйлдвэрчний эвлэлтэй гурван талт хэлэлцээрийг шинэ шатанд гаргаж, бизнесийн орчныг сайжруулсан, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлсэн, шударга хөдөлмөрийн харилцааг дэмжсэн жил байх болно.
Ужгирсан асуудлууд бүрэн цэгцлэгдэхэд хугацаа хэрэгтэй ч, улс орон маань углуургаараа өөрчлөгдөж, авлига, хариуцлагагүй байдлын түнэр харанхуйг үлдэн хөөсөн МАНДАХ нарны туяа тусаж, ардчиллын хоёрдахь давалгаа болсон шинэ 30 жил ийнхүү эхэлж байна.
УИХ-ын дарга Г.Занданшатар: Эдийн засгийн хүртээмжийг өрх бүр лүү оруулахгүй бол суурь гажуудлууд гүнзгийрнэ
Бид тун ойрын хугацаанд эдийн засгийн суурь реформуудыг эхлүүлж шаардлагатай байна. Манай төрийн санхүү, татварын тогтолцоо гажуудаж, тэгш бус, урвуу хамааралтай байгааг засах ёстой. Ингэж байж хэрэглэгч биш, бүтээгч үндэстэн болох боломж үүснэ.
Ганц тулгуурт эдийн засагтай, нэг орноос хэт хамааралтай байх нь урт хугацаандаа бодит эрсдэлүүдийг бий болгосоор байх болно. Тиймээс бүс нутгийн эдийн засгийн интеграцид өөрсдийн өрсөлдөх чадварыг бэхжүүлж, бие даасан, хараат бус байдлаа хэрхэн бэхжүүлэх вэ гэдэг асуудлаар нэгдмэл байрь суурьтай болох цаг ирсэн. Эдийн засгийн хүртээмжийг өрх бүр лүү оруулахгүй бол суурь гажуудлууд гүнзгийрнэ гэдгийг ч бодолцох ёстой.
Ардчилсан нийгмийн эмх цэгцгүй хөдөлгөөн бол цэгцрэх хөдөлгөөний эхлэл юм. Өнөөгийн нийгмийн бухимдал, таагүй үзүүлэлтүүд өнгөц харахад мухардал, ухралт мэт ч үнэндээ бол систем алдаагаа засч буй жам ёсны цэгцрэх хөдөлгөөн мөн. Шинэчлэлийн энэ эрчимжсэн инерцийг хэн ч тогтоож дийлэхгүй. Тиймээс нэгэнт эхэлсэн “цэгцрэх” хөдөлгөөний эрчийг алдуулалгүй, улс орноо гажуудлаас гарган, тогтвортой хөгжлийн замд оруулах чухал цэгцрэх үйл хэрэгт уриалъя.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: МУ-ын тусгаар тогтнол хөгжил дэвшлийн үндэс бол манай ард түмний эрч хүч, итгэл найдвар, эв нэгдэл юм
Их Монгол Улсын гал голомтыг сахин суугаа монголчууд бид нэг монгол, нэг ард түмэн, нэг гэр бүл гэдгээ гүнээ ухамсарлаж, бие биеэ хайрлаж, бие биеэ хамгаалж, бие биеэ дэмжиж, эе эвээ сахин бататгаж, эх орноо гэсэн нэгэн сэтгэлээр улс Монголынхоо төлөө эгнэгт хамтдаа хүчин зүтгэх учиртай.
Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдал, хөгжил дэвшлийн үндэс бол манай ард түмний эрч хүч, итгэл найдвар, эв нэгдэл юм шүү.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
178.174.229.45
ESTOI BUTEHGUI TENEGIIN TUIL GARUUD TEGSEN MURTUU TERIIGEE MEDEHGUI DARANGUILAGCH ZANTAI
Хариулах