Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас өнөөдөр зохион байгуулсан хэвлэлийн бага хурлаар улаанбуудайн гурилын үнийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Билгүүн мэдээллийн эхэнд ШӨХТГ-аас 2022 онд улаанбуудайн гурил үйлдвэрлэгч томоохон 8 аж ахуйн нэгжид хийсэн шалгалтаар “Улаанбаатар гурил”, “Од групп” зэрэг компани нь буудайн гурилын үнийг үндэслэлгүй нэмсэн гэж үзэн зөрчлийн хэрэг үүсгэж, торгууль ногдуулсан бөгөөд хэрэг шүүхийн шатанд явж байгаа талаар дурьдаад, “Сүүлийн үед иргэд, хэрэглэгчдээс гурилын үнийн өсөлттэй холбоотой гомдол, санал түлхүү ирж байна. 2023 онд хийсэн судалгаагаар дээдийн дээд гурил 635, дээд гурил 405, нэгдүгээр гурил 267, хоёрдугаар гурил 154 төгрөгөөр тус тус нэмэгдсэн. Монголын гурил үйлдвэрлэгчид үгсэн хуйвалдаж үнэ нэмдэг гэсэн дүгнэлтэд хүрээд байна. Иймд ШӨХТГ-аас цаашид хяналт, шалгалтын ажлыг зохион байгуулж ажиллахаа мэдэгдэж байна. Мөн Монгол улсад гурилын импортын асуудал хязгаарлалттай байдаг. Үндэсний гурил үйлдвэрлэгчид үгсэн хуйвалдаж үнэ тогтоож байгаа нь өрсөлдөөнийг хязгаарлаж байна. Энэ нь цаашид импортын хязгаарлалтыг цуцалж чөлөөт өрсөлдөөнийг бий болгох нөхцөлд хүргэж байгаа бөгөөд ингэснээр үнийн өрсөлдөөн бий болж хэрэглэгчдэд сонголт хийх боломж нээгдэнэ гэж үзэж байна” гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна