ONDO-гийн хиймэл дагуул дэлхийн тойрог замд гарахад бэлэн боллоо

Zuv.mn
2024/03/04

Ондо Спэйс ХХК-ийн зохион бүтээсэн Owl-1, Owl-2 нэртэй 2 хиймэл дагуулыг АНУ-ын Калифорни мужаас Space X компанийн сансрын хөлгөөр 2024 оны 3 дугаар сарын 5-ны өглөөний 05:04 цагт хөөрөхөд бэлэн болоод байна.


Энэ нь Монгол Улсын хамгийн анхны арилжааны хиймэл дагуул юм. Энэ тухай өнөөдөр Ондо ХХК-гийн Гүйцэтгэх захирал Б.Мандуул болон Ондо Спэйс компанийн Мэдээлэл Хариуцсан Захирал Д.Эрдэнэбаатар, Ондо Спэйс компанийн Технологи хариуцсан захирал Д.Амартүвшин нар олон нийтэд мэдээлэл өглөө.

Арилжааны зориулалттай хувийн хиймэл дагуулыг ийнхүү хөөргөж байгаа нь Монгол Улсын сансрын технологи, сансар судлалын салбарт гарч байгаа маш том дэвшил юм. Ондо Спэйс ХХК энэ удаад хиймэл дагуулуудаа дэлхийн нам орбитод хөөргөх бөгөөд цаашид 2025 ондоо багтаан нийт 170 ширхэг бага оврын хиймэл дагуулыг хөөргөх төлөвлөгөөтэй байгаа юм байна.

Цаашлаад уг технологио ашиглан дэлхийн аль ч өнцгөөс богино хэмжээний мэдээлэл дамжуулах, газрын харилцаа холбооны дэд бүтэцтэй уялдан ажиллаж уул уурхай, газар тариалан, мал аж ахуй, онцгой байдал болон батлан хамгаалах, машин хоорондын харилцаа /M2M/, юмсын интернэт /IoT/ зэрэг салбаруудад технологийн томоохон дэвшил, шинэ боломжуудыг нээх ажээ.

Энэхүү бага оврын хиймэл дагуул нь харьцангуй шинэ технологи бөгөөд Ондо Спэйс ХХК ийм төрлийн хиймэл дагуулыг бүтээж, хэрэглээнд нэвтрүүлж байгаа дэлхийн анхдагчдын нэг юм. Тиймээс хиймэл дагуулын технологийн энэ салбарт дэлхийн бусад улс орнуудттай нэг гараанаас эхэлж байна гэж хэлж болно. 

Цаашдаа сансрын технологиор тэргүүлэх хэмжээнд очих боломжийг ч нээж байгаагаараа онцлог бөгөөд чухал ач холбогдолтой үйл явдал болж буйг хэлсэн юм.

Эдгээр хиймэл дагуулын сансрын орчны туршилтыг Японы Кюшүгийн их сургуультай хамтран ажиллах гэрээний дагуу KyuTech-ийн лабораторид хийж ийнхүү тойрог замд гарахад бэлэн болоод байгаа билээ.

Мөн ONDO компани Олуулаа багцыг худалдаанд гаргаж, тасралтгүй 2 жил хэрэглэсэн үнэнч хэрэглэчдэдээ хэрэглэсэн үнийн дүндээ дүйцэхүйц хувьцаа өгөхөөр болоод байгаа юм. Олуулаа багцыг ONDO.mn сайтаас авах боломжтой.


 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна