Гадаад валютын албан нөөц импортын 17 сарын хэрэглээг хангах хэмжээнд хүрлээ

Х.Батсайхан
2024/03/18

Импортын хэрэглээ өндөртэй манай улсын хувьд гадаад валютын ханшийг тогтворжуулах чухал зорилт тавигддаг. Энэхүү зорилтыг Монголбанк чиг үүргийнхээ хүрээнд зохицуулдаг бөгөөд гадаад валютын улсын нөөц өндөр байх нь энэ зорилтыг хангахад чухал байдаг билээ. 

Тэгвэл манай улсын буюу Монголбанкны гадаад валютын албан нөөц энэ сарын 15-ны /2024 оны гуравдугаар сарын 15/ байдлаар 5,016.3 сая ам.доллар /Таван тэрбум, 16 сая, гурван зуун мянган ам.доллар/ болж, түүхэн дээд хэмжээнд хүржээ. Энэ нь импортын барааны хэрэглээг 17 сарын турш хангахад хүрэлцээтэй хэмжээний валют нөөцөлсөн гэсэн үг юм. 

Нөөцийн хэмжээ оны эхнээс 95 сая ам.доллар буюу 1.9 хувиар нэмэгдсэн бөгөөд банкны системээр дамжин орж ирэх гадаад валютын цэвэр дотогшлох урсгал сайжирсан, гадаад худалдааны тэнцэл ашигтай хэвээр хадгалагдсан зэрэг үзүүлэлтүүд голлон нөлөөлсөн байна. 


Түүнчлэн, Монголбанкны дотоодын зах зээлээс худалдан авсан үнэт металлын хэмжээ оны эхний хоёр сард 2.3 тоннд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 1.1 тонн буюу 88 хувиар нэмэгджээ.

Засгийн газраас 2024 онд төлөгдөх хуваарьтай гадаад бондыг амжилттай дахин санхүүжүүлэх замаар өрийн удирдлагыг гүйцэтгэсэн нь мөн гадаад валютын нөөцөд үзүүлэх гадаад төлбөрийн дарамтыг бууруулж, өсөлтөд тодорхой хэмжээгээр нөлөөлжээ. 

Гадаад валютын албан нөөц нэмэгдэх нь мэдээллийн эхэнд өгүүлсэн ач холбогдлуудаас гадна, улсын зээлжих зэрэглэлд эергээр нөлөөлөх замаар хувийн хэвшлийн санхүүгийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, олон нийтийн төгрөгт итгэх итгэлийг бэхжүүлэх, эдийн засгийн тогтвортой байдлын хөшүүрэг, нэг баталгаа болдог юм.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.57.95.12
    2024/03/20

    10 тэрбум хүргэх хэрэгтэй дээ тэгээд өрөө төлөх хэрэгтэй дээ

    Хариулах
    • 202.9.47.16
      2024/03/21

      Дэлхийн ихэнх улс орнууд америк доллараар гадаад худалдаагаа хийж, америк долларыг нөөцлөх замаар үндэсний мөнгөн тэмдэгтээ баталгаажуулж байдаг гэхээр дэлхийн ихэнх улс орнуудын үндэсний мөнгөн тэмдэгтийн сулрал чангарал, эдийн засгийн уналт сэргэлтийн хувь заяа шууд америк улсын доллар америк улсын эдийн засгаас хамааралтай байна.