Оюу толгой: Үндсэн цалин бусад нэмэгдэлд огт өөрчлөлт оруулаагүй

Zuv.mn
2024/03/28

Өнөөдөр буюу 3 дугаар сарын 28-ны өдөр манай ажилтнуудын зарим төлөөлөл хэвлэлийн бага хурал зохион байгуулан цалин хөлсний өөрчлөлтийн талаар мэдээлэл хүргүүлсэнтэй холбоотой “Оюу толгой” компанийн зүгээс албан байр суурийг хүргэж байна.  

Юун түрүүнд “Оюу толгой” компани ажилтнуудтайгаа байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр тохирсон үндсэн  цалин, бусад нэмэгдэл, олговор, хөнгөлөлтүүдэд огт өөрчлөлт оруулаагүй, хувь хэмжээ нь хэвээр байгаа гэдгийг мэдэгдэж байна. Тухайлбал, илүү цагийн нэмэгдэл хөлсийг Хөдөлмөрийн тухай хууль, холбогдох журмын дагуу тооцон олгож байгаа.  

Мөн Монгол Улсад мөрдөгдөж байгаа холбогдох хууль тогтоомж, “Оюу толгой” компанийн Уул уурхайн ажилтны үйлдвэрчний эвлэлийн хороо (“ҮЭХ”)-той байгуулсан хамтын гэрээ, ажилтнуудтайгаа байгуулсан хөдөлмөрийн гэрээний аливаа зүйл заалтыг зөрчөөгүй гэдгийг компанийн зүгээс хариуцлагатайгаар мэдэгдэж байна.  

Харин “Оюу толгой” компани Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар баталсан "Дундаж цалин хөлс тодорхойлох журмын нэмэлт (Журмын нэмэлт)"-ийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн ба ингэснээр илүү цаг болон шөнийн ээлжийн нэмэгдэл хөлсийг тооцдог дундаж цалин хөлсний бүрэлдэхүүнд өөрчлөлт орж байгаа юм. 

Дээрх шийдвэртэй холбогдуулан “Оюу толгой” компанийн Уул уурхайн ажилтны үйлдвэрчний эвлэлийн хороо (“ҮЭХ”) болон “Оюу толгой” компанийн төлөөллөөс бүрдсэн хамтарсан Ажлын хэсэг 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр байгуулагдан, ажиллаж байна.  

 Ажлын хэсэг энэ хугацаанд Журмын нэмэлтийг хэрэгжүүлэх суурь шалтгааныг тодорхойлох хүрээнд “Оюу толгой” компанийн 2019-2023 оны хоорондох хугацааны буюу сүүлийн 5 жилийн ажиллах хүчний мэдээлэл, ажиллагсдын тоо, цалин хөлсний зардлыг харьцуулан шинжилсэн бөгөөд Ажлын хэсэг дүгнэлтээ нэгтгэн нийт ажилтнууд болон компанийн удирдлагад 2024 оны 3 дугаар сарын 22-ны өдөр танилцуулсан.   

 Тус Ажлын хэсэг 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөс дараагийн алхам руугаа шилжин орж, 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс өмнө шийдэл гаргахаар ажиллаж байгааг мэдээлж байна. 

 Энэ асуудлаар удирдлагийн багийн зүгээс дэлгэрэнгүй мэдээлэл удахгүй хүргэх болно.  

Олон нийтийг төөрөгдүүлэхүйц, ор үндэсгүй худал мэдээллийг таслан зогсоох, үнэн бодитой мэдээлэхэд мэргэжлийн хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлч та бүхний нөлөө чухал билээ. Аливаа асуудлын холбогдох талуудын албан эх сурвалжид суурилсан тэнцвэртэй мэдээллийг хүргэж байгаа та бүхэнд талархал илэрхийлье.

 Хүндэтгэсэн,

“Оюу толгой” компанийн Хэвлэл мэдээллийн баг



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна