Өнөөдөр /2024.05.13/ Монголбанкны Мөнгөний бодлогын хороо ээлжит бусаар хуралдаж, мөнгөний бодлогын хүүг бууруулж, 11 хувьд хүргэх шийдвэр гаргасан байна.
Мөнгөний бодлогын хороо өнгөрсөн гуравдугаар сард хуралдаж, мөнгөний бодлогын хүүг нэг нэгж хувиар бууруулан, 12 хувьд хүргэж байсан. Тэгвэл өнөөдөр дахин нэг нэгжээр бууруулан 11 хувь болголоо.
Онолын дагуу мөнгөний бодлогын хүү нь банкны хадгаламж болон зээлийн хүүд нөлөөлдөг. Бодлогын хүү нь Төв банкнаас банкуудад санал болгож буй эрсдэлгүй санхүүжилтийн хэрэгслийн хүү учир банкууд бодлогын хүүг бусад санхүүгийн хэрэгслүүдийн хүүтэй харьцуулах замаар шийдвэр гаргадаг. Тухайлбал, бодлогын хүү нэмэгдсэнээр/буурснаар (хатуу/зөөлөн бодлого) банкууд эрсдэл багатайгаар харьцангуй өндөр/бага өгөөж олох боломжтой болж, банкууд шийдвэр гаргалтаа өөрчилж эхэлдэг. Өөрөөр хэлбэл, Монголбанкны бодлогын хүү нь банк хоорондын захын хэлцлийн жигнэсэн дундаж хүүний хөтөч хүү болдог байна.
Монголбанкны бодлогын хүүний өсөлт мөнгөний хатуу бодлогыг илэрхийлэх бөгөөд инфляцын хөөрөгдлийг бууруулах, мөнгө, зээлийн агрегатуудын хурдацтай өсөлтийг сааруулж, зохистой төвшинд байлгах, эдийн засгийн хэт халалтаас сэргийлэхэд чиглэгддэг билээ. Харин эдийн засгийн өсөлт саарах шинж тэмдэг ажиглагдвал Төв банк бодлогын хүүгээ бууруулж мөнгөний үнэ цэнийг хямдруулдаг. Ингэснээр зээл олголт болон хэрэглээг дэмжиж, эдийн засгийг сэргээх бодлогыг баримталдаг байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна