Спортын ертөнцийн ажил хэрэгч мэдээ, мэдээллээр дагнадаг Sportindustry.biz цахим хуудас Монгол Улсын Соёлын яам, “Go Mongolia” брэнд Английн хөлбөмбөгийн “Фулхэм” багийн хамтын ажиллагааны талаар мэдээлжээ.
Мэдээлэлд “Энэхүү хэлэлцээрийн дагуу “Go Mongolia” нь “Фулхэм” клубын шинэ албан ёсны бэлтгэлийн хэрэгсэл, аялал жуулчлалын түнш болж байгаа бөгөөд клуб нь брэндийг таниулах, сурталчлах үүрэг хүлээж байгаа юм.
Хамтын ажиллагааны гэрээг байгуулах үед Монгол Улсын Соёлын сайд Ч.Номин “Go Mongolia” бол Монгол орны гайхамшигтэй үзэсгэлэнт байгаль, ард түмнийг илэрхийлэл. Бид өөрсдөдөө байгаа энэ сайхан бүхнээ дэлхийтэй хуваалцахын тулд “Фулхэм” багтай хамтран ажиллах болсондоо баяртай байна” хэмээн зорилтоо илэрхийлсэн.
“Фулхэм” багийн гүйцэтгэх захирал Алистер Макинтош харин "Бид Go Mongolia-г ирэх 2024/25 оны улирлын албан ёсны түншээр хүлээн авч байгаадаа баяртай байна. Энэхүү хамтын ажиллагааны хугацаанд бид Монгол Улсын Соёлын яамтай нягт хамтран ажиллаж, зорилгоо биелүүлэхэд нь туслах болно. Бид удахгүй “Go Mongolia” брэндийг агуулсан сургалтын иж бүрдлийг танилцуулах гэж байгаадаа баяртай байна" хэмээн мэдэгдсэн юм.
Монголын хөлбөмбөгийн холбооны цэнгэлдэх хүрээлэнд болсон ёслолын үеэр “Фулхэм” баийн зүгээс Соёлын сайд Ч.Номинд багийн хаалгач асан Марк Шварцерын гарын үсэгтэй өмсгөлийг бэлэглэсэн байна” хэмээн бичжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна