"БИШРЭЛТ МЕТАЛЛ" баг үүсээд буй асуудлыг хуулийн байгууллагад шалгуулахаа мэдэгдлээ

Zuv.mn
2 цаг 16 минутын өмнө

Энэ сарын нэгний өдрөөс сошиал орчинд цацагдсан мэдээлэл буюу "Бишрэлт Металл" "Эрдэнэт Майнерс" багуудын хооронд үүссэн асуудалтай холбогдуулан "Бишрэлт Металл" сагсан бөмбөгийн багаас мэдэгдэл гаргаж, үүсээд буй асуудлыг хуулийн байгууллагаар шалгуулахаар болжээ. Тус мэдэгдэлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

“БИШРЭЛТ МЕТАЛЛ” БАГИЙН МЭДЭГДЭЛ

 

“Бишрэлт Металл” сагсан бөмбөгийн баг нь Монгол улсын сагсан бөмбөгийн спортын хөгжилд бодитой хувь нэмэр оруулж, хүүхэд залуучуудыг энэ спортоор хичээллэх боломжийг бүрдүүлж анхны доод лигээс гараагаа эхлүүлж, багийн хамт олны олон жилийн хичээл зүтгэлийн үр дүнд одоогийн амжилтанд хүрсэн билээ.

Манай багийн зүгээс аливаа улс төрийн болон бусад ашиг сонирхолоор энэ спорттой холбогдоогүй бөгөөд зөвхөн энэ спортод хайртай, сэтгэл зүрхээ зориулсан учраас олон хүндрэл бэрхшээлийг давж, санхүүгийн хувьд хичнээн их алдагдалтай байсан ч олон янзын ашигтай боловч өөр зорилго агуулсан саналуудаас татгалзан зөвхөн “Бишрэлт Металл” баг, тамирчид, дасгалжуулагчдаа хөгжүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлж ирсэн.

Харамсалтай нь “Эрдэнэт Майнерс” багийн эзэн гэгдэх П.Анхжаргал 2024-10-01 өдрөөс бодит бус мэдээллийг сошиал орчинд төлбөртэйгээр цацуулж байгаа тул үнэн зөв мэдээллийг сагсан бөмбөг сонирхогчид болон манай багийг сэтгэл зүрхээрээ дэмждэг бүх хүмүүст зориулан гаргаж байна.

2024 оны 6-р сард “Эрдэнэт Майнерс” багийн менежер Дагвадорж, ерөнхий дасгалжуулагч Анар зэрэг эрх бүхий хүмүүсийн зүгээс манай тамирчин Г.Болор-Эрдэнэ нь өөр багт шилжин тоглох болсон тухай мэдэгдэж манай багт тоглуулах саналыг тавьсан болно. Мэдээж аль ч баг санал болгосон тамирчныг судалж багтаа авах эсэх нь тухайн багийн бүрэн эрхийн асуудал билээ.

Үүний дагуу зохих уулзалтуудыг тамирчин Г.Болор-Эрдэнэ-тэй удаа дараа хийж хуучин баг нь зөвшөөрсөн эсэх талаар тодруулахад: Хэдийгээр миний гэрээний хугацаа дуусаагүй ч “Эрдэнэт Майнерс” багийн удирдлагын зүгээс миний эрх ашгийг дараах байдлаар зөрчсөн. Үүнд:

-2022-2023, 2023-2024 оны улирлын төгсгөлд МСБХ-оос багуудад хуваарилсан урамшууллаас лигийн дүрэм ёсоор хувь хүртэж чадаагүй.

-2023-2024 оны лигийн улирал дууссанаас хойш “Эрдэнэт Майнерс” багаас гэрээний дагуух цалин хөлс, урамшууллаа авч чадаагүй.

-2024-2025 оны лигт “Эрдэнэт Майнерс” баг нь оролцох эсэх нь тодорхойгүй, хариуцах албан тушаалтан байхгүй.

Иймээс “Эрдэнэт Майнерс” баг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа тул багаа солиход ямар ч асуудалгүй болохоо мөн тус багийн эрх бүхий хүмүүсийн санал болгосны дагуу 2024-08-01-ний өдөр “Бишрэлт Металл” баг Г.Болор-Эрдэнэ-тэй хөдөлмөрийн гэрээ байгуулж зохих төлбөр тооцоог хийж бэлтгэлдээ хамруулан 2024-2025 оны лигийн улиралд манай багийн өмнөөс тоглох тоглогчдын мэдүүлэгт албан ёсоор нэрийг нь оруулж МСБХ-д хүргүүлсэн билээ.

“Бишрэлт Металл” баг нь 2023-2024 оны дээд лиг дууссаны маргаашнаас эхлэн өнөөдрийг хүртэл гэрээтэй бүх тоглогчид дасгалжуулагчдынхаа цалин хөлсийг нь цаг тухай бүрт нь олгож, нийгмийн даатгалд бүрэн хамруулж, бэлтгэл сургуулилтаа тогтмол хийж 2024-2025 оны лигийн улиралд өмнөх амжилтаа ахиулахын төлөө багийн бүх хамт олон хичээн ажиллаж байна.

Энэ бүх хугацаанд “Эрдэнэт Майнерс” багийн удирдлагуудын зүгээс  ямар ч асуудал, татгалзалсан хариу гаргаагүй мөртлөө гэнэт “Ханбогд Кашемир ХХК”-ны эзний нөхөр П. Анхжаргал гэх этгээд Үндэсний дээд лиг эхлэхийн өмнө “Бишрэлт Металл” багийн нэр хүндэд ноцтойгоор халдлаа.

“Эрдэнэт Майнерс” багийн зүгээс ийнхүү гэнэт Г.Болор-Эрдэнэ-ийг өөр багт шилжүүлэхээс татгалзсан тухай албан тоот ирүүлсний дагуу манай багт элсэн орсон тамирчныхаа асуудлыг харилцан ярилцаж шийдвэрлэх зорилгоор “Эрдэнэт Майнерс” багийн удирдлагыг урьж асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх гэсэн боловч ёс зүйгүй, бүдүүлэг үйлдэл гарган уулзалтыг үр дүнгүй болгосон.

Тухайн уулзалт дээр нэгэнт ойлголцох боломжгүй нь харагдсан тул бидний зүгээс энэ асуудлыг зохих хуулийн байгууллагаар шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлсний төлөө “Ханбогд Кашемир” ХХК-ны эзний нөхөр гэгдэх П.Анхжаргал нь манай багийн удирдлага, баг хамт олныг сошиал орчинд төлбөртөйгөөр гүтгэн доромжилсонд манай баг хамт олон, дэмжигчдын зүгээс туйлын харамсаж байгаагаа илэрхийлж байна.

Асуудал нэгэнт ийм болсон тул “Бишрэлт Металл” баг тухайн тамирчинтай байгуулсан хөдөлмөрийн гэрээнийхээ дагуу хуулийн байгууллагад хандаж шийдвэрлүүлэх болсноо албан ёсоор мэдэгдэж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна