Г.Ганбаатар: Оюутолгойн ногдол ашгийг хууль зөрчин хулгайн төслүүд рүү хуваарилахыг эсэргүүцэж байна

Т.Отгонсувд
45 минутын өмнө

Ардчилсан намаас долоо хоног бүр уламжлал болгон зохион байгуулдаг "4:11" мэдээллийн цаг боллоо. Энэ удаагийн хэвлэлийн хурлаар улсын төсвийн бодлого, төсвийн тодотгол, Оюутолгойн ногдол ашиг болон Засгийн газарт тавьж буй шаардлагуудын талаар мэдээлэл өгөв.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Ганбаатар Оюутолгойн ногдол ашгийн талаар байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр "Сүүлийн үед эрх баригч намын дарга болон УИХ дахь МАН-ын бүлгийн даргын зүгээс ирэх онд Оюутолгойгоос орж ирэх ногдол ашгийн 2-3 их наяд төгрөгийг аймгуудад баригдахаар төлөвлөгдөөд гацсан, авлигачид нь шүүх, шоронгийн хаалга татаж буй станцуудыг дуусгах болон бараа сураггүй байгаа VI цахилгаан станцын төсөлд 30 хувийг нь оруулах тухай ярьж эхэлсэн нь хууль зөрчсөн үйлдэл.

2024 оны дөрөвдүгээр сарын 19-нд батлагдсан Үндэсний баялгийн сангийн тухай хуулиар ТӨК-иудын ногдол ашиг зөвхөн хуримтлалын дансанд буюу иргэдийн нэрийн дансанд бичигдэх ёстой. Энэ хэмжээний мөнгийг иргэдийн нэрийн дансанд хуваарилж бүртгэвэл Монгол Улсын нэг иргэнд 835 орчим мянган төгрөг ногдоно. Гэтэл хууль зөрчиж, иргэдийн халаасанд орох ёстой мөнгөөр хулгайн төслүүдийнхээ үлдэгдлийг санхүүжүүлэх гэж байгаа нь увайгүй үйлдэл. Энэ нь Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлийг шууд зөрчиж байна. АН болон хувь улс төрчийнхөө хувьд үүнийг эрс буруушааж байна. 10 аймгийн дулааны цахилгаан станцыг явуулах нь зөв ч иргэдээс санал авахгүйгээр энэ их мөнгийг хууль зөрчин санхүүжүүлэх нь буруу" гэв.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна