Төрөх эмнэлгээс бэлтгэсэн СУРВАЛЖИЛГА: “Эх, үр гэсэн хоёр амь яригддаг учраас эрдэнэт хүмүүний алтан амины төлөө хойш сууж, ядрах эрхгүй зүтгэдэг”

Г.Анар-Эрдэнэ
2 цаг 33 минутын өмнө

Бяцхан үрсийн дуу цангинасан төрөх эмнэлгээс энэ удаагийн сурвалжилгаа бэлтгэлээ. 

Бидний нэрлэж заншсанаар “Яармагийн 300 орт” буюу “Эх барих эмэгтэйчүүдийн үндэсний төв –II”-ийн хамт олонд баярлаж, талархсан ээж, аавуудын хүсэлтээр бид очсон юм. 

Өвдсөн үрсээ тэвэрсэн эцэг эхчүүд, төрөх шинэ хүнээ хүлээж буй гэр бүлийнхэн гээд хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Цэвэрхэн, гэрэл гэгээтэй орчинтой энэ эмнэлгийг бүтэн үзье гэвэл цаг явах ч хангалтгүй санагдсан. Одоогоос зургаан жилийн өмнө өрх, үүдээ нээсэн тус эмнэлэг өдгөө 660 ортойгоор үйл ажиллагаа явуулж байгаа аж. 

Орчин үеийн тоног төхөөрөмж, найрсаг хамт олон “300 орт”-ын нэрийн хуудас гэмээр.... Хорвоод мэндэлсэн үрээ анх хараад л шууд хайрлаад эхэлдэг юм байна гэх шинэхэн аавын чин сэтгэлийн үг. Эх нь эрүүл амаржаад үрээ тэврээд инээмсэглээд гарахыг харах л үгээр илэрхийлэмгүй сайхан мэдрэмж. Хүндхэн төрсөн нярайг хүн болгоод ээж нь баярын нулимс дуслуулан гарч явахыг харахдаа энэ мэргэжлийг сонгосондоо хязгааргүй их баярлаж байснаа дурсах эмчийн бахархал... 

Монгол Улсын шинэ иргэдийг өдөр бүр угтан авдаг тус төрөх эмнэлгээр бидэнтэй хамт аялаарай.

"Олны итгэл, хайрыг хүлээсэн сайхан хамт олонтой болсондоо эмч хүний хувьд баяртай явдаг"

Тус эмнэлгийн Эмчилгээ эрхэлсэн орлогч захирал Ж.Оюунцэцэгтэй эмнэлгийн үйл ажиллагаа болон өдөр тутам туулдаг жаргал, зовлонгийнх нь талаар цөөн хором ярилцлаа.

Тэрбээр "Манай эмнэлэг байгуулагдаад зургаан жил гаруй бол байна. Энэ хугацаанд жирэмсэн ээжүүд хаа холоос манайхыг зориод ирдэг газар болж чаджээ. Хотын төвөөс хол, түгжрэлтэй 20 гаруй километр зайтай байхад цаг хугацаа, орон зайг үл хамаараад манайд л төрнө гээд ирдэг дээ.

 Эмч бидний хамгийн их баярладаг зүйл бол жирэмсэн эх эсэн мэнд сайхан амаржаад үртэйгээ уулзаад баяртай инээмсэглэж байгаа тэр мөчийг харах байдаг.  Үүнээс илүү аз жаргал, хүсэх зүйл байдаггүй.

Хэрэв нярай жаахан асуудалтай, сул уйлах, уйлах нь удаан байвал дотор пал хийгээд л явчихдаг. Эх ураг гээд хоёр амь байгаа. Тэрний төлөө л зүтгэж байгаа болохоор алгуурлах, ядрах эрх бидэнд байхгүй. Бүхний ард хамтдаа гарахын тулд бид их хичээж ажилладаг. 

Манай эмнэлэг корона вирусээр өвчилсөн анхны өвчтөнгүүдийг хүлээн авч, эрдэнэт хүмүүний эрүүл мэндийн төлөө хоёр жил гаруй хугацаанд өндөржүүлсэн бэлэн байдалтай улаан бүсэд ажилласан.  Тухайн үед 45 мянга гаруй өвчтнийг эмчилсэн түүхтэй. Үүнээс 500 гаруй ээжийг эсэн мэнд амаржуулсан. Одоо бодоход өмнөх тэр үе дайн байлдаанд явж байгаа юм шиг л байж дээ. Бүгд тусгай хамгаалалтын өмсгөлтэй, халдвар хамгааллын нарийн дэг журамтай, хагас цэрэгжилтийн зохион байгуулалттай, хоорондоо уулздаггүй нөхцөл байсан юм. 

Манай эмнэлгийг хүмүүс яармагийн 300 ортой эмнэлэг л гээд байдаг юм. Уг нь манайх 660 ортой. Төрөх эмнэлэг нь 330 ор, хүүхдийн эмнэлэг нь 330 ортой. Өдөр бүр л дүүрэн хүнтэй байна даа. Олны итгэл, хайрыг хүлээсэн сайхан хамт олонтой болсондоо эмч хүний хувьд баяртай явдаг. 

Төрөх тасгийн эх баригч эмч Г.Должин: Эх хүний өвдөлт нялх үрээ уйлах дуунаар "алга болчихдог" нь үнэхээр гайхалтай санагддаг

"Манай эмнэлэг эх барих, эмэгтэйчүүд болон нярай хүүхдийн тусламж үйлчилгээг харъяалал харгалзахгүйгээр 24 цагийн турш тасралтгүй үзүүлдэг. Он гарснаас хойш 3212 эх эрүүл амаржаад байна. 

"Эх барих эмэгтэйчүүдийн үндэсний төв –II” эмнэлэгт эх барих, хүүхэд, нярай, эмэгтэйчүүд, дотрын гээд сүүлийн үеийн тоног төхөөрөмжтэй, сэтгэлтэй, сайн эмч нар ажиллаж байгаа нь манай эмнэлгийн давуу тал. Хэрвээ манай эмнэлэгт хянуулаад төрөх тасагтаа төрж байгаа бол гэр бүлийн хүнээ авч орох бүрэн боломжтой байдаг. 

Эх үрс эрүүл саруул байх мэдрэмж үгээр илэрхийлэмгүй байдаг л даа. Эх хүн олон цаг өвдөж, зовж төрснийхөө дараа нялх үрээ час хийгээд уйлахад нь өнөөх өвдсөн их өвдөлт нь хоромхон зуурт алга болдог нь үнэхээр гайхалтай санагддаг. Эх хүүхдийг эрүүл энх уулзуулахад маш чухал хувь нэмэр оруулдаг учраас энэ мэргэжлээрээ бахархдаг. 

Жирэмслэхээр төлөвлөж байгаа, нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүддээ хандаж хэлэхэд эрүүл ээжээс эрүүл хүүхэд төрдөг учраас жирэмсэлсэн бол хяналтандаа эрт орж, тогтмол үзүүлж байгаарай. Мөн жирэмсэн байх үеийн сургалтад заавал суусан байх ёстой. Шарлалт гэж юу болох, яаж өлгийдөх, хэрхэн хүүхдээ амлуулах, живх солих талаар мэдлэгтэй болсон байх хэрэгтэй". 

Нярайн тасгийн эрхлэгч Ч.Батням: 

Эмч болоод 17 жил, нярайн салбарт ажиллаад 13 жил болжээ. Монгол Улсын эрүүл мэндийн салбар тэр дундаа нярайн чиглэлээр ажиллаж байгаагаараа би маш их бахархдаг. Учир нь эх барьж авсан хүүхэд маань тухайн айл гэрт маш их аз жаргал бэлэглэж ирдэг. Энэ аз жаргалыг авчирсан хүүхдэд эрсдэл байвал эрт оношлох, ээж аавд нь зөвлөгөө өгөх зэрэг буянтай сайхан ажил хийж байгаадаа баяртай явдаг.  

Ээжүүд хожуу үеийн хордлогын хүнд хэлбэртэй, эхэс ховхорч, цус алдсан байдалтай жирэмсний хугацаа нь болоогүй ирдэг тохиолдлууд бий. Нэгдүгээрт, эхийн амь нас, хоёрдугаарт хүүхдийн амь нас яригддаг.

Яаралтайгаар эх, ураг хоёулаа амь насны заалттайгаар 29 долоо хоногтойдоо төрсөн тохиолдлууд олон байдаг. Ингэж төрсөн хүүхэд 1000-1200 грамм төрдөг. Дутуу төрөлтөөс болоод ямар нэгэн хүнд эмгэгтэй болчихсон байдаг. "Яана даа, яаж хүн болно доо" гээд шаналж байсан хүүхдүүд нэгээс хоёр сарын дараа ээждээ тэврүүлээд хөөрхөн болчихсон, ээж нь нулимс цийлэгнүүлээд гарч байгаа тэр тохиолдлууд үгээр хэлэхийн аргагүй аз жаргалыг бидэнд мэдрүүлдэг.

Өдгөө манай эмнэлэг Эрүүл мэндийн сайдын 2026 оны нэгдүгээр сарын 20-ны өдрийн А20 тоот тушаалын дагуу нярайн цогц шинжилгээг хийж байгаа. 

Үүнд:

  • Түнхний дутуу хөгжил, мултрал
  • Нярайн сонсгол
  • Бодисын солилцоо болон дотоод шүүрлийг илрүүлэх
  • Нүдний төрөлхийн эмгэг буюу улаан рефлекс илрүүлэх
  • Зүрхний төрөлхийн гажгуудийг илрүүлэх
  • Нярайг зулайн эхогоор харж тархины цус харвалт, шохойжилтыг илрүүлэх зургаан төрлийн шинжилгээг хийж байна.

Монголын үрс маш олон болтугай, бид олуулаа болж байж илүү хүчирхэг улс байж чадна.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна