Сонгуулийн ерөнхий хороо (2024.12.12) “Үндсэн хуульт ардчиллыг хамгаалахад сонгуулийн төв байгууллагын гүйцэтгэх үүрэг” олон улсын эрдэм шинжилгээний бага хурал зохион байгууллаа.
Энэ үеэр Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг нээж хэлсэн үгэндээ “Ардчилал хэрхэн хөгжиж, бэхжиж байгаа нь нийгмийн эсвэл эдийн засгийн үзэгдлийн нэгэн адил тоон үзүүлэлтээр шууд илэрхийлэгдэж, хэмжигддэггүй боловч олон улсын байгууллага, судлаачид, эрдэмтэд тухайн улс орны парламентын хөгжил, сонгуулийн систем, түүний зохион байгуулалт, зохион байгуулж байгаа байгууллагын эрх зүйн байдал болон бусад хүчин зүйлийг шалгуур үзүүлэлтийн нэг хэсэг болгон авч үздэг.
Сонгуулийн ямар тогтолцоог сонгож байна вэ гэдэгтэй зэрэгцүүлэн сонгуулийг өөрийн орны онцлогт нийцүүлэн хэрхэн яаж зохион байгуулж байгаа нь Ардчилсан сонгуулийн үндсэн зарчмыг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Сонгуулийн зохион байгуулалт, түүний ил тод байдлыг хангаж ажиллахад Сонгуулийн байгууллагын бие даасан хараат бус байдал, чадавхын асуудал чухлаар тавигддаг. Сонгуулийн ерөнхий хороо нь Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгууль болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг тус бүр есөн удаа, Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага болох Орон нутгийн шат шатны Хурлын сонгуулийг найман удаа тус тус зохион байгуулсан ололт амжилт, туршлагадаа үнэн дүгнэлт хийн, цаашдын хөгжлийн чиг хандлагаа тодорхойлох олон улсын онол практикийн бага хурал зохион байгуулж байгаад баяртай байна. Өнөөдөр зохион байгуулагдаж буй энэхүү олон улсын бага хурлаас сонгуулийн төв байгууллагын хараат бус бие даасан байдлыг бэхжүүлэхэд эрх зүйн орчныг хэрхэн тодорхойлж сайжруулах хийгээд сонгуулийн процессын эрх зүйг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулах санал, санаачилга гарна гэдэгт итгэлтэй байна” гэж онцлов.
Сонгуулийн төв байгууллагын эрх зүйн байдал, цаашдын үндсэн чиг хандлагыг тодорхойлох, Сонгуулийн эрх зүй, Сонгуулийн процессын эрх зүйн хөгжлийн өнөөгийн байдал, салбар эрх зүйг хөгжүүлэхэд тулгамдаж буй асуудлыг тодорхойлох зорилготой уг хуралд Их Хурлын гишүүд, Үндсэн хууль, сонгуулийн эрх зүйн судлаач, эрдэмтэн, багш нар, төрийн болон төрийн бус, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл оролцлоо.
Түүнчлэн Дэлхийн сонгуулийн байгууллагуудын холбоо /A-WEB/, Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэн /International IDEA/, Ардчиллын төлөөх Вестминстер сан /Westminster foundation for Democracy/ зэрэг олон улсын байгууллага болон Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Сонгуулийн комисс, Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний сонгуулийн комиссын төлөөлөгчид оролцож илтгэл хэлэлцүүллээ.
Олон улсын эрдэм шинжилгээний бага хурлын эхний хэсэг “Сонгуулийн удирдлагын байгууллагын загвар, эрх зүйн байдал, чиг үүрэг-Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо” сэдвийн хүрээнд дэх илтгэлүүдийг хэлэлцэж эхэллээ.
П.Дэлгэрнаран: Сонгуулийн удирдлагын байгууллага нь институтийн хувьд бие даасан, бүрэлдэхүүний хараат бус байх шаардлагатай
Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран “Үндсэн хуульт ардчиллыг хамгаалахад Сонгуулийн төв байгууллагын гүйцэтгэх үүрэг” сэдэвт илтгэл хэлэлцүүлэв.
Тэрбээр Сонгуулийн ерөнхий хорооны эрх зүйн байдал, бие даасан хараат бус байдлын эрх зүйн орчин ямар түвшинд байгаа, хараат бус байдлыг бэхжүүлэхэд шаардлагатай эрх зүйн суурь орчныг хэрхэн нарийвчлан тодорхойлох шаардлагатай, мөн энэ нь Үндсэн хуульт ардчиллыг бэхжүүлэхэд ямар ач холбогдолтой талаар дүгнэж, саналаа дэвшүүлэхийг зорьсноо илтгэлийнхээ эхэнд танилцуулсан юм.
Мөн энэ удаагийн эрдэм шинжилгээний бага хурлын үр дүнд цаашид Үндсэн хуульт ардчиллыг бэхжүүлэх, хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэх чиг үүрэг бүхий байгууллагуудын хараат бус, бие даасан байдлыг Үндсэн хуулийн эрх зүйн хувьд дэлгэрэнгүй судлах судалгааны сэдэв болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
Сонгуулийн удирдлагын байгууллага нь институтийн хувьд бие даасан, бүрэлдэхүүний хараат бус байх шаардлагатай бөгөөд бие даасан байдал нь тухайн байгууллага бүтцийн, чиг үүргийн, эрх хэмжээний, нөөцийн хувьд хараат бус байх утгыг агуулдаг талаар онцлов.
Дэлхийн сонгуулийн байгууллагуудын холбоо (A-WEB)-ны Нарийн бичгийн дарга нарын газрын Харилцаа хамтын ажиллагаа, арга хэмжээ хариуцсан газрын дэд захирал Жо Жинжү, Харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал Ли Тэрюн, Харилцаа, хамтын ажиллагааны газрын ахлах судлаач Ли Инна Ким нар “Сонгуулийн удирдлагын байгууллагын загвар” сэдвээр илтгэл тавьсан юм. Дэлхийн сонгуулийн байгууллагуудын холбооны гишүүн орнуудын сонгуулийн байгууллагын загвар, үйл ажиллагааны зарчим, хараат бус байдлыг хангах эрх зүйн орчны талаар илтгэгчид танилцууллаа.
Түүнчлэн Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Сонгуулийн комиссын Сонгуулийн үйл ажиллагаа хариуцсан дэд дарга Шэбури Волтэр Рамабэлэ “ӨАБНУ-ын Сонгуулийн комиссын эрх зүйн байдал, чиг үүрэг” сэдвээр илтгэл танилцуулав. Тэрбээр Сонгуулийн комиссын гишүүдийн хараат бус байдлыг эрх зүйн орчинд хэрхэн хангасан болон үйл ажиллагаандаа баримталдаг зарчмыг онцолсон юм.
Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний сонгуулийн комиссын Газрын дэд дарга Ким Сэ Хүн “БНСУ-ын Үндэсний сонгуулийн комиссын эрх зүйн байдал, чиг үүрэг”, Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэн /International IDEA/-ийн Ахлах зөвлөх Антонио Спинэлли “Сонгуулийн удирдлагын байгууллагын хараат бус байдлыг хангах загвар” сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлсэн юм.
Гадаад улс, олон улсын байгууллагын илтгэгчдийн дараа Академич Ж.Амарсанаа “Сонгууль-Шууд ардчиллын их чухал хэлбэр” сэдвээр илтгэл танилцууллаа. Ингэхдээ Үндсэн хуульд сонгуулийн байгууллагын чиг үүргийг нарийвчлан тодорхойлох шаардлагыг онцлов.
С.Удвал: Сонгох, сонгогдох эрхтэй холбоотой маргааныг Үндсэн хуулийн цэц хянан шийдвэрлэх боломжийг органик хуулиар нээж өгөх ёстой
“Үндсэн хуульт ардчиллыг хамгаалахад сонгуулийн төв байгууллагын гүйцэтгэх үүрэг” олон улсын эрдэм шинжилгээний бага хурал үдээс хойш “Сонгуулийн эрх зүй, Сонгуулийн процессын эрх зүйн хөгжлийн өнөөгийн байдал, салбар эрх зүйг хөгжүүлэхэд тулгамдаж буй асуудал” сэдвийн хүрээнд үргэлжиллээ. Хууль зүйн доктор, дэд профессор В.Удвал “Үндсэн хуулийн Цэцийн хяналтын объект: Сонгуулийн ерөнхий хороо” сэдэвт илтгэлдээ Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэртэй холбоотой маргааныг захиргааны шүүх шийдэх төрлийн маргаанаас ялгагдах онцлогийг хуульд нарийвчлан зохицуулах шаардлагатайг дурдлаа. Түүнчлэн иргэний сонгох, сонгогдох эрхтэй холбоотой маргааныг Үндсэн хуулийн Цэц хянан шийдвэрлэх боломжийг органик хуулиар нээж өгөх ёстойг илэрхийлсэн юм.
Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ “Сонгуулийн процессын эрх зүй” сэдэвт илтгэлдээ сонгуулийн хууль, тогтоомжийн тогтвортой, зохион байгуулах үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдлын чухлын дурдаж, энэ онцлогт нийцсэн маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны талаар асуудал дэвшүүллээ. Сонгуулийн маргааныг хянан шийдвэрлэх хугацаа, шүүхийн шийдвэрийг биелүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагыг тодотгосон юм.
“Сонгогчийн боловсрол: чиг үүрэг, онцлог” сэдвээр “Сонгогчдын боловсрол төв” ТББ-ын Гүйцэтгэх захирал С.Оюунтуяа сонгогчдын боловсролоор дамжуулж ардчиллыг хамгаалахыг дэлхий нийт хүлээн зөвшөөрч байгааг тодотголоо. Түүнчлэн сонгогчдын боловсролыг иргэний боловсролын хөтөлбөрт оруулан байнгын цогц үйл ажиллагаа болгохын ач холбогдлыг онцолсон юм.
“Үндсэн хуульт ардчиллыг хамгаалахад сонгуулийн төв байгууллагын гүйцэтгэх үүрэг” олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд хэлэлцүүлсэн илтгэлүүдийг бүрэн эхээр нь эмхэтгэл болгон олон нийтэд мэдээлэх юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна