Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Asian Battery Metals” компанийн Говь-Алтай аймгийн Шарга суманд хэрэгжүүлж буй “Ямбат” төслийн хайгуулын талбайгаас зэс, никелийн өндөр агууламжтай хүдэржилт илэрчээ.
Тус компани OVD022-оос OVD025 цооногуудад хийсэн өрөмдлөгөөр 3.6 метрийн гүнээс 3.85% зэс, 3.82% никель, 1.55 г/т E3, 0.18.2 грамм кобальт агуулсан их хэмжээний сульфид гаргаж авсан байна. Энэ нь хайгуулын талбайд агууламж өндөртэй хүдэржилтийн өөр бүсүүд байх боломжтойг баталсан гэж компаниас гаргасан мэдэгдэлд онцолжээ.
“Asian Battery Minerals” компанийн хувьд 2023 онд “BHP Xplor”-ийн хурдасгуур хөтөлбөрт сонгогдож, “Oval” буюу "Ямбат" төслийн хайгуулд шаардлагатай техник, санхүүжилтийн тусламж хүлээн аваад байгаа юм. Компанийн өдгөө 100 хувь эзэмшиж буй төслүүдийг танилцуулбал:
Хөх таг: Дундговь аймгийн нутаг дахь графитын орд нь 12.3 хувийн агууламж бүхий нийт 12.2 сая тонн эрдсийн нөөцтэйг одоогоор тогтоожээ. “Asian Battery Minerals” компани лицензийн талбайн багахан хэсэгт өрөмдлөг хийсэн тул боломжит нөөцийн хэмжээ одоогийнхоосоо хэд дахин их байх магадлалтай аж.
Oval буюу Ямбат: Говь-Алтай аймаг дахь никель-зэсийн “Ямбат” төслийн талбайд тус компани тандалтын өрөмдлөгийн эхний шатыг 2023 оны тавдугаар сард дуусгасан байна. 200 метр хүртэл гүнтэй өрөмдөхөд бүх цооногоос эрдэсжилт илэрснийг мэдээлжээ.
Цагаан дэрс: Дундговь аймагт, Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замтай ойрхон орших литийн энэхүү төслөөс 4-6 хувийн агуулга бүхий литийн оксидын баяжмал гарган авах потенциалтай гэж үзжээ. “Asian Battery Minerals” 2024 оны эхний хагаст багтаан анхны өрөмдлөгөө эхлүүлэхээр төлөвлөсөн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна