Чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 04 дүгээр дүгнэлт /Татварын ерөнхий хуулийн зарим хэсэг, заалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх/ асуудлыг хэлэлцлээ.
Товч тайлбарлбавал, Үндсэн хуулийн цэцэд “Татварын алба нь чиг үүргээ хэрэгжүүлэхдээ ААН-үүдийн дансыг хаах, дансыг шалгах, урьдчилж мэдэгдэлгүйгээр олон нийтэд зарлах зэрэг эрх мэдлийг хэрэгжүүлж байгаа нь Үндсэн хуулийн зарим заалтыг зөрчсөн байна” гэсэн гомдол ирсний дагуу хэлэлцээд “Үндсэн хууль зөрчсөн байна” гэсэн дүгнэлт гаргасан юм байна.
Тодруулбал, Татварын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.4 дэх хэсэгт "Татвар төлөгч нь татварын хууль тогтоомжийг зөрчсөн бөгөөд хууль тогтоомжид заасан хугацаанд зөрчлөө арилгаагүй, нэг зөрчлийг гурав болон түүнээс дээш удаа давтан гаргасан ... татвар төлөгчийн талаар татварын алба татвар төлөгчийн зөвшөөрөлгүйгээр нийтэд мэдээлж болно." гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь заалтад "халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч ... эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. ... Иргэний хувийн ... халдашгүй байдлыг хуулиар хамгаална;" гэж заасныг зөрчсөн байна хэмээн дүгнэжээ.
Харин энэ дүгнэлтийг УИХ-ын Төсвийн байнгын хороо авч хэлэлцээд “Дэмжихгүй” гэж шийдвэрлэжээ. Өөрөөр хэлбэл, ҮХЦ “Үндсэн хууль зөрчсөн” гэж дүгнэсэн эрх мэдлийг Татварын албанд үлдээхийг дэмжжээ.
Гомдол гаргасан УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу энэ талаар “Хоёр жилийн өмнө “Хүүхдийн мөнгийг олгохдоо ялгавартай хандаж байна”, “Татварын байгууллага хувийн ААН—дийн дансыг дураараа шалгаж байна”, “Татварын байцаагч “Шаардлага биелүүлээгүй” гэж үзэх юм бол олон нийтэд шууд мэдээлдэг энэ байдал нь Үндсэн хууль зөрчиж байна” гэсэн гурван асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандсан юм. Эхнийх нь, Засгийн газар “Хүүхдийн мөнгө гэж нэрлэсэн учраас эцэг, эхийн орлогоос үл хамааран мөнгийг нь олгоно” гэж үзээд шийдвэрээ зассанаар биеллээ олсон.
Хувь хүний нууцыг хуулиар тогтоон хамгаална, хувь хүний нууцын тухай хуулийг зөрчиж байна гэсэн дүгнэлт гараад чуулганаар орж байна. Төсвийн байнгын хороо энэ дүгнэлтийг дэмжихгүй гэсэн байна. Маш олон хуульчид энэ асуудлаар дүгнэлтээ гаргасан учраас гишүүддээ хандаж, Цэцийн дүгнэлтийг дэмжиж өгөхийг хүсье” гэсэн юм.
ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээж авах уу, Төсвийн байнгын хорооны дүгнэлтийг хүлээж авах уу гэдэг шийдвэрийг УИХ гаргана.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна