Ногдол ашиг хүлээж суух хэрэггүй боллоо

Х.Батсайхан
16 цаг 26 минутын өмнө

-"Бадрах энержи" монголчуудад өгөөжөө Оюутолгойгоос түрүүлж өгнө-

УИХ өчигдөр Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг орлуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-аар яаралтай хэлэлцэх эсэх асуудлыг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

Ингэснээр, төр уул уурхайн томоохон төслүүдэд хувь эзэмшиж, санхүүгийн хариуцлага хүлээх шаардлагагүй болж, олборлолт, борлуулалт эхэлсэн цагаас шууд өгөөж хүртэх зохицуулалт ажил болох эхлэл тавигдлаа.   

Францын “Орано” групптэй хийх хөрөнгө оруулалтын гэрээг Монгол Улс энэхүү шинэ хувилбараар хийснээр “Бадрах энержи” хамтарсан компаниас төсөл хэрэгжих хугацаанд 5.2 тэрбум ам.долларыг ямар нэр эрсдэлгүйгээр хүртэх боломжтой болж байна.

Н.Учрал /Ажлын хэсгийн ахлагч/

“Бид тооцооллыг 34 хувийг төр эзэмших, 10 хувийн алтан хувьцаа эзэмшээд АМНАТ-өөр орлуулах хоёр янзаар хийж үзсэн. Хувь эзэмшвэл 5.6 тэрбум ам.доллар, АМНАТ-өөр орлуулбал 5.2 тэрбум ам.доллар гэж гарсан. Өгөөжийн 50+1 хувь Монголд үлдэнэ. Энэ хувь хэмжээ цаашид жишиг болж хэрэгжинэ.

Монгол Улс 10 хувийн алтан хувьцаа эзэмших бөгөөд энэ нь аливаа шийдвэрийг хянах боломжийг манайд олгоно. Үлдсэн 24 хувийг АМНАТ-аар орлуулж, хуулийн дагуу 65 хувийг нь Баялгийн санд хуримтлуулах юм. Өөрөөр хэлбэл, Оюутолгой шиг зардал нөхөхийг хүлээж, ногдол ашиг хүлээж суух шаардлагагүй болж байна.

Энэ жишиг одоо хувьд шилжсэн болон ирээдүйд эргэлтэд орох стартегийн ордууд дээр хэрэгжсэнээр монголчууд “Эрдэнэс Тавантолгой”-н жишгээр хувь эзэмших, Баялгийн сангийн дансанд хуримтлал үүсгэх зэргээр амьдралын баталгаа болгох боломж бүрдэж байна.

Баялгийн сан гэж юу вэ

Анхны баялгийн сан 1950-иад оны үед Кувейт, Кирибати, Венесуэльд байгуулагдаж байжээ. Харин оргил үе нь XX, XXI зууны заагт тохиосон гэж хэлж болно. Энэ үед улс орнууд дор бүрнээ баялгийн санг маш эрчимтэй байгуулсан байдаг. Хөгжлийнхөө эхэн үед баялгийн сангийн нөлөөлөл харьцангуй бага байсан бол аажимдаа цар хүрээ нь тэлж, тэр хэрээр болзошгүй эрсдэлийг үүсгэх болсон байна. Үүнтэй холбоотойгоор баялгийн сантай улсууд хөрөнгө оруулалтын бодлогодоо эрс шинэчлэлтийг хийж эхэлж байгаа юм. 

Өдгөө дэлхий дээр байгалийн баялаг ихтэй 48 улсын 70 гаруй Үндэсний баялгийн сан ажиллаж байгаа бөгөөд нийт хөрөнгийн хэмжээ нь найман их наяд ам.долларт хүрчээ. Эдгээр улс орны бүгдийнх нь хувьд баялгийн сан нь “Эрсдэлийн сан”, амьдрал хэцүүдсэн үедээ гаргаж хэрэглэх хадгаламж гэдгээрээ ижил боловч эргэлтэд оруулж байгаа арга хэлбэрийн хувьд ялгаа бий.

Нэг хэсэг нь баялгийн сангаасаа гаднын улс орнуудад хөрөнгө оруулалт хийж ашиг хүртэн, төсвийн зардлаа нөхдөг бол зарим нэг улсын хувьд үндэсний баялгийг тэгш хуваарилах хэрэгсэл болдог байна.

Баялгийн сангаа төсвийн орлогын эх үүсвэр болгосон орны тоонд Арабын нэгдсэн Эмират Норвеги, Азербайжан улсууд орно. Газрын тосноос өөр экспортын орлогогүй байсан Арабын нэгдсэн Эмират улс эдүгээ  ДНБ-ийхээ 20 гаруйхан хувийг нь л “хар алт”-наас олж байна. Үлдсэнийг нь 828 тэрбум /2017/ ам.долларын хөрөнгөтэй “Abu Dhabi Investment Authority” хэмээх хөрөнгө оруулалтын хүчирхэг сангийн орлогоос бүрдүүлдэг аж. Тус санг үүсгэн байгуулснаар Арабын нэгдсэн Эмират улс ганц газрын тосны салбараас хараат байхаа больж, санхүүгийн эх үүсвэрээ “солонгоруулж” чаджээ.

Баялгийн сангийн хуримтлалаар орон сууц авах боломжтой

Баялгийн сан дахь иргэдийн дансанд  135,000 төгрөг хуримтлагдсаны дараа иргэд "Иймхэн мөнгөөр хэзээ орон сууцанд орох вэ" гэж шүүмжилсэн. 135,000 биш, 350 орчим мянга гэдгийг эхлээд хэлье. Ингэснээр иргэн жилд 350,000 төгрөгийн орлогын баталгаатай болж байна. Энэ баталгааг урт хугацаанд барьцаалбал иргэнд илүү өндөр дүнгээр ашиглах боломж үүснэ. 

Тавантолгойн өгөөж ирээдүйд багадаа 2-3 дахин нэмэгдүүлэх гэрээг одоо хэлэлцэж байгаа гэхээр жилд 700,000 болно. 10 жилээр барьцаалбал хэдэн төгрөг ашиглаж болох вэ. 

Дээр нь, стартегийн орд эзэмшиж байгаа, одоо ЗГ-тай хэлэлцээрт орчихсон ААН-үүдээс орлого төвлөрөөд ирэхээр бүр ч өсөх нь тодорхой. Энэ маягаар баялгийн сангийн орлогоо барьцаалж орон сууцны урьдчилгаа гэх мэтээр асуудлаа шийдэх бүрэн боломж бий.  





Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.185.159
    14 цагийн өмнө

    болсон элдэв байлагийн санд хуримтлуулан гэд битгий хулгай хийгэд бай дахиад нэг банкнд хадгалж байна гэд байхгүй болно бид өрсдөө хадгалж чадна зүгээр ашигаа иргэдийн дансруу шилжүүл

    Хариулах
    • 66.181.177.28
      13 цагийн өмнө

      Яаааг үнэн. Тэр тусмаа тэтгэвэрийн бидэнд юун яасан ,ийсэн хуримтлалын сан бэээ ,хулгайч луйварчдын л баялаг бно.