Амралтын өдрөөр Zuv.mn уншигчдадаа “Спорт бэт” буюу спортын тэмцээн уралдаанд мөрий тавих үйлчилгээний талаар мэдээлэл бэлтгэн хүргэж байна. Спорт бэт нь монголчуудын дунд өргөн дэлгэрч, оролцож буй ч хууль эрхзүйн зохицуулалтгүй байгаа юм. Спортын салбарын ашиг орлогын нэг том эх үүсвэрээр тодроод буй мөрий тавих үйлчилгээтэй танилцацгаая.
Жам ёсны өөрчлөлт
Цаг заваар дутагдаж гачигдсан өнөөгийн дэлхий ертөнцөд хүн бүр л нөөц боломжоо ашиглан бүхнийг амжуулахыг хичээж байна. Ийм цаг үед “Амрангаа ажиллах”, далимд нь сэтгэлийн таашаал авахаас татгалзах хэн байх билээ. Спортын бооцоо олон улсыг хамарч, залуусын амьдралын хэв маяг болтлоо дэлгэрсний нэг шалтгаан энэ.
Үзэгч спортын тэмцээн уралдаан үзэж, бооцоо тавина /амралт/. Өрсөлдөгчдийн нэг талд мөнгөө даатгаснаар тэмцээний үр дүн яаж ч эргэсэн бай тухайн хүн илүү догдлолтойгоор хүлээж авч сэтгэлийн таашаал эдэлнэ. Улмаар үр дүн нааштай эргэвэл мөнгөө өсгөж орлого олно /ажил/.
Хэрвээ та спортын өндөр мэдлэгтэй бол зөвхөн бооцоо тавих аргаар орлого олж, саятан болох ч боломжтой. Энэ тал дээр үлгэр болгох саятнууд хэдийнээ төрсөн бөгөөд байдал одоогийнх шиг эерэг байвал тэрбумтнуудын жагсаалтад орох ч цаг хугацааны асуудал болоод байна.
Хүчээ авч буй шинэлэг үйлчилгээ бүхэн хуучныхаас нэг бус нэлээд хэдэн давуу талтай байж “шинэчлэл” гэж хэлэгдэх эрхтэй болдог. Жишээ нь, спортын ордны тасалбар, телевизийн шууд дамжуулалтыг “интернэт шууд дамжуулалт” /стриминг/ орлох болсон нь /DAZN/ хаа байгаа газраа гар утсаараа үзэх боломж олгосон, хамгийн гол нь хямд үнээр үйлчилгээ авах боломж бүрдүүлсэнтэй холбоотой байсан.
DAZN-д шахагдсан “Pay-per-view” систем төлбөр төлсөн хэрэглэгч хүссэн тэмцээнээ үзэх, спортын байгууллага, тамирчид түүнээс нь зохих ёсны хувиа хүртэх боломжийг олгосон байх жишээтэй. Энэ давуу талаараа бокс, холимог тулааны холбоодын “амьдрах” гол арга нь болоод буй. Гэсэн ч хэтэрхий үнэтэй тусдаг сул талтай. Жишээ нь, Сауль Альварез-Геннадий Головкины тулааныг үзэхийн тулд үзэгч 85 ам.доллар (220 мянган төгрөг орчим) төлж байсан жишээтэй.
Харин интернетэд суурилсан шинэ технологи үүнээс хямд. “РРР” боксын өндөр зэрэглэлийн нэг тулааны 100 ам.доллараар зардаг бол DAZN нэг жилд 100 ам.доллар төлөөд тэр жилдээ болох боксын бүх тулааныг, нэмээд холимог тулаан болон бусад спортын контентуудыг үзэх боломж олгодгоороо зах зээлээ тэлж байна.
Үүний нэгэн адил, бооцооны төвүүд нь технологийн дэвшлийг ашиглан бооцоо тавих ажлыг маш энгийн болгосноор цар хүрээгээ өргөжүүлж байгаа юм. Өдгөө АНУ-ын 39 муж улс спортын бооцоог хүлээн зөвшөөрсөн бол 22 муж улс хууль боловсруулах шатандаа явна. Ердөө 10 муж улс л /Алабама, Аляска, Калифорни, Айдахо, Кентакки, Мэн, Өмнөд Каролина, Техас, Юта, Вермонт/ ямар нэг зохицуулалтгүй байгаа юм.
“Gambling Compliance” гурван жилийн өмнө “2024 он гэхэд спортын бооцоог АНУ-ын 40 муж хүлээн зөвшөөрч, эргэлдэх мөнгөний хэмжээ нь 150 тэрбум ам.долларт хүрэх бөгөөд уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч тэднийг сурталчлахаас татгалзахгүй” гэж таамаглаж байсан бөгөөд өнөөдрийн байдлаар эргэлдэх мөнгөний хэмжээнээс бусад нь биелжээ /2021 онд 57.2 тэрбум ам.доллар/. Гэхдээ мөнгөний хэмжээ жил бүр хоёр дахин /2021 оны 57.2 тэрбум нь 2020 оныхоос 165 хувиар өссөн дүн/ өсөж байгааг бодолцвол 2024 онд таамаг давж биелэх ч бололцоо байгаа юм.
Бооцоо спортын уламжлалт маркетингийг өөрчилж байна
Спортын маркетингийн “PointsBet” компанийн захирал Рик Мартир бооцооны төвүүдийн нөлөөгөөр спортын маркетинг мэдэгдэхүйц өөрчлөгдөж байгаа гэж ярьжээ. Спортын зах зээлийг тултал нь хөгжүүлсэн, энэ талын олон зүйл дээр анхдагч болдог АНУ-д бооцооны төвүүд томрохын хэрээр зах зээлээ өргөжүүлэхийг эрмэлзэж, спортын лигүүд үүн дээр нь дөрөөлөн аль болох өндөр мөнгөн дүнтэй гэрээ хийхийг хичээх болжээ. Харин хэвлэл мэдээллийн байгууллагууд 2020 оноос спортын бооцооны төвүүдийг сурталчилж эхэлсэн байна.
Хэвлэлүүд бооцооны төвүүдийг сурталчилж байгаа шалтгаан нь энгийн.
“Олох мөнгө нь асар өндөр хэлбэлзэлтэй”
“Зах зээлийн багтаамж нь цаашид маш ихээр өсөх боломжтой” зэрэг болно.
Одоогоор хүлээн зөвшөөрөөд байгаа мужууд мэдээж хуулиндаа иргэдийг бооцоонд хэт автуулахгүй байх хязгаарлалтуудыг суулгаж өгсөн ч хангалттай ашиг хуваарилах боломжтой. “Gaming Affiliates Guide”-ын мэдээлснээр, хэвлэл мэдээллийн хэрэгсэл дамжиж орсон нэг хэрэглэгч бүрээс 125 ам.доллар хүртэл төлбөрийг бооцооны төвүүдээс авах боломжтой гэж тооцоолжээ.
“Спортын мэдээллийн хэрэгслүүд бооцооны төвүүдийн хамтын ажиллагааны ирээдүй гэрэлтэй байгаа” гэсэн таамаглалыг энэ салбарын гарамгай тоглогч Патрик Киний жишээнээс хангалттай харж болно. Спортоор дагнаж бичдэг хамгийн том хэвлэлүүдийн нэг “Bleacher Report”-ын удирдах зөвлөлд ажиллаж байсан тэрээр 2017 онд спортын бооцооны зах зээл, сүүлийн үеийн мэдээллийг хүргэдэг “Action Network” компанид хөрөнгө оруулж, дараа нь гүйцэтгэх захирал нь болсон юм.
Бооцооны төвүүд их мөнгө төлөхөд бэлэн байна
VoxMedia (DraftKings-тай хамтарч) Bleacher Report (Caesars Palace-тай хамтарч) компаниуд өнгөрсөн жил спорт сонирхогчдын бооцоо тавих хүслийг өсгөх тал дээр удаан хугацааны хамтран ажиллах гэрээ байгуулжээ. Энэ хамтын ажиллагаа ажил хэрэг болсноор спорт сонирхогч нь бооцооны ертөнцөд эзэлж буй өөрийн орон зайг илүү тодорхой, маш сонирхолтойгоор байнга мэдэж байх боломж бололцоог бүрдүүлэх гэнэ. Ингэснээр ямар ч хүнийг бооцоо тавихгүй байх аргагүй болгоно гэж төлөвлөж байгаа юм байна.
Хэвлэл мэдээллийн компаниуд энэ том бялуунаас өөрийн хэрчмийг авах аянд аль хэдийнэ гарсан бөгөөд жишээ нь, TVG кабелийн телевизийг эзэмшдэг бооцооны “FanDuel” компани Лос Анжелес дахь студидээ 100 хүн байнга суулгаж, томоохон тэмцээнийг шууд дамжуулангаа бооцоо тавьж байгаа, тэдний зарим нь хожиж баяжиж байгаа зэргийг шууд дамжуулан үзэгчдийг урхидаж эхэлсэн байна. Тус компани ихэвчлэн морин уралдааныг шууд дамжуулдаг бөгөөд өнгөрсөн жил л гэхэд “The Breeders Cup”-ын үеэр ажиллажээ. Угтан ирж буй их амжилт, нээгдэж буй асар том зах зээлийг эзлэхийн тулд бооцоны компаниуд ч амь дүйсэн өрсөлдөөнд оролцож байгааг хэлэхгүй өнгөрч боломжгүй. Тухайлбал, бооцооны хоёр том компани “Paddy Power”, “Betfair” нэгдэж “Flutter Entertainment” холдингийг үүсгэснээс энэ үйл явцыг харж болно.
“FanDuel”-ийнхэн чухам тэдэнтэй хамтарснаар мэдээллийн салбарт ч бусдаасаа илүү амжилттай явна. Бооцооны тал дээр гол мэдээлэгч болох гэсэн тэдний амбийцыг Наполеоны төлөвлөгөөтэй зүйрлэж болмоор. Тэд “Barstool Sports” зэрэг маш олон компанитай хамтран ажиллах гэрээ байгуулж, хөлбөмбөгийн үндэсний лигийн шилдэг тоглогч асан Пэт Макафиг бооцооны нэвтрүүлгийнхээ нүүр царай болгожээ. Тэд мөн “Хожих илүү олон арга зам” /“More Ways To Win”/ хэмээх нэвтрүүлэг бэлтгэдэг бөгөөд энэ нэвтрүүлгээр дамжуулан спортын бооцоо тавих арга зүйн зөвлөгөө өгдөг байна. Энэ нэвтрүүлэг нь долоо хоногт хоёр удаа тогтмол цацагддаг болжээ.
Бооцооны салбарт эргэлдэж байгаа мөнгөний хэмжээ тухайн спортод эргэлдэж байгаа мөнгөний хэмжээнээс давж гарах нь мэдээж, эрсдэлийг дагуулна. Тохиролцсон тоглолт хийх зэргээр спортын мөн чанарыг алдагдуулсан тохиолдол гарна. Гэвч хууль эрхзүйн орчныг сайтар бүрдүүлэх замаар энэ эрсдэлийг давна гэж үзэж байгаа юм.
Спорт бооцоо Монголд...
Манай улсад одоогоор спорт бооцоог зохицуулсан хууль байхгүй. Хориглоогүй, гэхдээ мөрийний шинжийг агуулдаг учраас “Хориглосноос бусдыг зөвшөөрнө” гэдэг агуулгаар хандаж болдоггүй. Төрийн байгууллагууд энэ асуудлыг зохицуулахыг хүсдэггүй. 2022 онд Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн Бооцоот таавар, хонжворт сугалааны тухай хууль батлагдаагүй.
Санхүүгийн зохицуулах хорооноос спорт бооцооны талаар илэрхийлсэн байр суурийг дор оруулсан байгаа. Хууль гэдэг харилцааг хориглохын тулд биш, зохицуулахын тулд байх ёстой гэдэг ойлголт бий. Зохицуулах ч үгүй, хориглох ч үгүй хаяна гэдэг ойлголт алга. Тиймээс тойроод байлгүй судалж үзэх л хэрэгтэй байна.
Олон улсын жишиг нь бол зөвшөөрч байна. Хүний төрөлхийн чанар дээр суурилсан хууль бус мөрийтэй тоглоом гэх мэт сөрөг үзэгдэлтэй ил тод, хууль ёсны спорт мөрийг сөргүүлэн тавьж, эргэлддэг мөнгийг нь шилжүүлж, ил гаргаж, бас татвараа авч чадаж байгаа юм.
Мөрийтэй тоглоомыг хяналтдаа авч эвтэйхэн зохицуулаад байгаа улсууд юуны түрүүнд “Шуналыг үгүй болгох боломжгүй тул мөрийтэй тоглоомыг огт үгүй болгох боломжгүй” гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Ингээд мөрийтэй тоглох хэрэгцээг нь хангах ажлыг хуулийн хүрээнд зохион байгуулсан байна.
Энэ нь хуулиар хүлээн зөвшөөрөгдсөн казино, спорт бооцооны төвүүд, үндэсний хамжээний сугалаанууд юм.
Эдгээрийн байгуулахдаа,
-Шударга байх,
-Нэг хүн нэг удаад хэт их бооцоо тавихгүй байх зэрэг хязгаарлалтыг хуулиар чангалан бүрдүүлж, өөр, өөрсдийн улс орны соёл, онцлогтой нийцүүлснээр иргэдийнхээ хэрэгцээг хангажээ.
Энэ мэт ажлаа бодлогын түвшинд сайтар зохион байгуулсан улсуудад мөрий нь эргээд эдийн засгийн хөшүүрэг болж хувирсан нь ч байна.
СЗХ: Манай улсад БЕТ-ыг зохицуулах ямар ч боломжгүй. Зохицуулах хуулийн заалт ч байхгүй. Учир нь хүмүүсийн сайн дураар ашигладаг зүйл бөгөөд манай улсаас ердөө интернэтээр ханддаг. Тиймээс асуудал үүсэж, зохицуулж шийдэх хэрэгтэй бол манай улсаас тухайн сервер рүү хандах эрхийг нь хаахаас өөр сонголтгүй. Эцэст нь БЕТ-д мөнгө тавьж алдсан бол хуулийн дагуу нэхэмжилж авах ямар ч боломж байхгүй тул иргэд 100 хувь хариуцлагаа өөрсдөө хүлээдэг.
Бид мөрийг амьдралынхаа нэг хэсэг, соёл болгосон энэ мэт гаднын туршлагаас суралцаж, өөрийн улсад тохирох бодлого хэрэгжүүлэхгүй бол тас хориод ямар ч нэмэргүйг Казахстан зэрэг олон улсын жишээ харуулж байна. Бид ч өөрсдөө жишээ болчихсон явна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна