Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоаны урилгаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн тус улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.
Талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор хоёр улс болон Засгийн газар, байгууллага хоорондын нийт 11 баримт бичигт гарын үсэг зурлаа.
Хоёр улс 2004 оноос Иж бүрэн түншлэлийн түвшинд харилцаа, хамтын ажиллагаа өрнүүлж ирсэн бөгөөд төрийн айлчлалын үеэр харилцааны түвшнийг шат ахиулж, Стратегийн түншлэлд хүргэлээ. Ингэснээр манай улс есөн улстай Стратегийн түншлэлийн харилцаа тогтоолоо.
Мөн:
Сүүлийн жилүүдэд хоёр улсын хооронд эрүүл мэндийн салбарын харилцаа, хамтын ажиллагаа өргөжиж, Монгол Улсаас тус улсад эмчилгээний зорилгоор зорчих иргэдийн тоо нэмэгдсэн. Иймээс эрүүл мэндийн байгууллага хоорондын харилцааг ойртуулан бэхжүүлэх, эм, эмнэлгийн хэрэгслийн хангамжийг нэмэгдүүлэх, өвчин эмгэгийн хамтарсан оношилгоо хийж, анагаах ухааны дэвшилтэт технологид суурилан анагаах чиглэлээр туршлага солилцох, хамтран төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр хамтарна.
Хоёр улс багш, оюутан солилцох, боловсролын салбарын мэдлэг, мэдээлэл, туршлага хуваалцах болон хамтарсан төсөл, судалгаа хийх, багш нарын мэргэжлийг дээшлүүлэх зэргээр хамтран ажиллана.
Залуучууд, биеийн тамир, спортын байгууллагын харилцаа холбоог өргөжүүлэх, залуучууд, спортын салбарт хамтрах, залуучуудын хувь хүн, нийгэм, соёл, урлагийн хүмүүжлийн хөгжлийг дэмжих бодлого боловсруулах, шинжлэх ухаан, технологийн салбар болон инновацын санаачилгуудад залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, залуучуудын хөдөлмөр эрхлэлт, мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн хөтөлбөр боловсруулах зэрэг чиглэлээр ажиллана.
Байгаль орчны менежмент, уур амьсгалын өөрчлөлт, цэвэр үйлдвэрлэл, биологийн олон янз байдал болон тусгай хамгаалалттай газар нутаг, байгаль орчны мэдээллийн систем, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх зэрэг чиглэлээр хамтран ажиллана.
Цөлжилт, газрын доройтолтой тэмцэх, ойжуулалт, ойн нөхөн сэргээлт, мод тарих, модны тарьц, суулгац үржүүлэх чиглэлээр хамтран ажиллана. Мөн хөнөөлт шавж, ой, хээрийн түймэртэй тэмцэж, шаардлагатай материал, техник хэрэгслээр хангаж, хүний нөөцийн чадавхыг дээшлүүлнэ. Ойн түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр шинжлэх ухаан, байгаль орчны судалгаанд тулгуурлаж дэвшилтэт арга барил нэвтрүүлсэн БНТУ-ын туршлагыг Монгол Улсад нэвтрүүлэхээр тохиролцлоо.
Тусгай хамгаалалттай газар нутгийн менежмент, байгалийн нөөцийг хамгаалах, экологийн нөхөн сэргээлт, уур амьсгалын өөрчлөлтийн урт хугацааны хамтарсан судалгаа, мониторинг хийх, эко аялал жуулчлал, экологийн боловсролыг дэмжих, байгалийн цогцолборт газруудын менежмент, үйл ажиллагааны хүрээнд туршлага хуваалцах, чадавхыг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллана.
Талууд нүүрс олборлолт, цэвэр нүүрсний технологи, уурхайн аюулгүй ажиллагаа зэрэг чиглэлээр мэдлэг, технологи, туршлага солилцон, хамтарсан төсөл, салбарын чадавхыг бэхжүүлнэ.
Төмөр замын салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлж, Европын орнуудаас БНТУ-аар дамжин Монгол Улс руу болон эсрэг чиглэлд төмөр замын ачаа тээврийн шинэ урсгал нээх боломжийг судална. Мөн Монгол Улсын төмөр замын тээврийн салбарт хэрэгжиж буй болон хэрэгжих бүтээн байгуулалтын төсөлд хамтрах, төмөр замын олон улсын коридоруудыг хөгжүүлэхэд туршлага, мэдээлэл солилцох боломж бүрдэнэ.
Өрсөлдөөний чиглэлээрх хууль тогтоомжийн хүрээнд туршлага, мэдээлэл солилцож, албан хаагчдыг чадавхжуулан, харилцан мэргэжилтэн солилцоно.
Талууд харилцан нэвтрүүлэг, сайн туршлага солилцох, уран бүтээл хамтран туурвих, хоёр улсын талаарх мэдлэгийг нэмэгдүүлж, соён гэгээрүүлэх чиглэлээр хамтран ажиллана. Мөн улс орны түүхэн үйл явдлын баримт, архивыг сэргээж, олон нийтийн хүртээл болгоно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна