Монгол Улс цөмийн цахилгаан станцтай болох бодит боломж бүрдэв үү

Х.Батсайхан
9 цаг 52 минутын өмнө

-Дэлхий цөмийн эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэхээр тохирлоо, манайд ашигтай юу-

Одоогоос яг жилийн өмнө Арабын нэгдсэн Эмират улсад болсон Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын Бага хурлаас цөмийн эрчим хүч нь дэлхийн дулаарлыг хязгаарлах нэг арга хэрэгсэл байж болохыг хүлээн зөвшөөрсөн түүхэн шийдвэрийг гаргасан билээ. Улмаар 2050 он гэхэд хүлэмжийн хийг 0 болгох, дэлхийн дулаарлыг 1.5 хэмээс хэтрүүлэхгүй байх зорилтыг хэрэгжүүлэхэд цөмийн эрчим хүчийг ашиглаж, хэрэглээг нь гурав дахин өсгөх агуулга бүхий бодлогын баримт бичиг үйлдэж, цөмийн технологиор тэргүүлэгч АНУ, Япон тэргүүтэй улс орнууд нэгдэн орсон.

Дэлхий нийт нэгэн хэсэг цөмийн эрчим хүчнээс татгалзаж, цахилгаан станцуудаа хааж байсан үе ийнхүү өндөрлөж, хэрэглээг нь нэмэгдүүлэхийг хүлээн зөвшөөрч байгаагаа зарласан юм. 

Тунхаглал манай улсад ашигтай юу

Тунхаглалд нэгдэн орсон улсуудын тоонд манай улс багтсан. Манай улсаас гадна Болгар, Канад, Чех, Финлянд, Франц, Гана, Унгар, Япон, Молдав, Монгол, Марокко, Нидерланд, Польш, Бүгд Найрамдах Солонгос, Румын, Словак, Словени, Швед, Украин, Арабын Нэгдсэн Эмират, АНУ зэрэг, цөмийн эрчим хүчний хэрэглээгээ нэмэгдүүлэх сонирхолтой улс орнууд нэгджээ. 

Тэгэхээр, тунхагт нэгдсэнээр манай улсад ямар боломж, түүнчлэн ашигггүй байдал үүсэх вэ.Энэхүү тунхаглал гарснаар цөмийн эрчим хүчний хэрэглээг дэмжиж, энэ нь манай улсын ашиг сонирхолтой нийцэж буй. Гэхдээ нөгөө талдаа, энэ нь малтмал түлш буюу нүүрснээс эрчим хүч гаргадаг цахилгаан станц шинээр барихыг хязгаарлаж байгаа нь эх сурвалжийн бичсэн “Тунхаглалд цөмийн эрчим хүчний түүхий эдийн ханган нийлүүүлэлтийн аюулгүй сүлжээ шаардлагатай байгааг онцлон тэмдэглэж, Дэлхийн банк, олон улсын санхүүгийн байгууллага, бүс нутгийн хөгжлийн банкуудын хувьцаа эзэмшигчдийг цөмийн эрчим хүчийг зээлийн бодлогодоо тусгахыг уриалсан...” гэсэн өгүүлбэрээс тодорхой байна. 

Өөрөөр хэлбэл, цөмийн эрчим хүчийг дэмжих нь өндөр хөгжилтэй улсуудын хувьд технологио зарах, эрчим хүчний зах зээлд ноёрхлоо хадгалж үлдэх нэг боломж нь ажээ.

Монгол Улс цөмийн цахилгаан станцтай болох боломжийг Ураны хөрөнгө оруулалтын гэрээ олгох боломжтой

Арабын нэгдсэн Эмиратын тунхаглалд нэгдсэнээр манай улс цөмийн эрчим хүчийг энхийн зорилгоор ашиглахад dэлэн гэдгээ даахин нэг удаа нотлон харуулсан. 

Манай Улс цөмийн эрчим хүчний голлох түүхий эд болох ураны хайгуул, олборлолтын салбарт Францын “Орано” групптэй хамтарч байгаа бөгөөд хамтралын нэг гол хүлээлт нь атомын цахилгаан станц юм. 

Хөрөнгө оруулалтын гэрээ яригдаж эхлэх үед манай төрийн өндөр албан тушаалтнууд энэ асуудлыг хөндөж байсан. “Бадрах энержи”-н гүйцэтгэх захирал Марк Мелеард мөн хэвлэлд өгсөн ярилцлагадаа яг “Бадрах энержи”-тэй холбоогүй ч гэсэн “Монгол Улс бага оврын атомын цахилгаан станцтай болох боломжтой” гэж хэлж байв.

Дэлхий нийт цөмийн эрчим хүчинд хандах хандлагаа өөрчилж, цэвэр эрчим хүч гэж үзэх болсон. Хамгийн их эрчим хүч хэрэглэгч БНХАУ Франц улсаар олон тооны атомын цахилгаан станц бариулах тохироотой. “Бадрах энержи”-н төсөл хөдөлсөн нь Франц-БНХАУ-ын энэ тохироотой хамгийн их хамааралтай байсан.

Тэгэхээр, цөмийн цахилгаан станц барих хамгийн шилдэг технологитой улстай хамтраад авсан юм чинь алсдаа станц барих чиглэлд хамтрах эхлэл болж болно. Мэдээж, хоёр тал хоёулаа хамтын ажиллагааны энэ хэтийн төлвийг харж байгаа. 

НҮБ-ын Бага хурлаас гарсан тунхаглалд Франц, Монгол хоёул нэгдсэн.Франц улсын ерөнхийлөгч Эммануэл Макрон өнгөрсөн зун манай улсад айлчилж, албан ёсны хэлэлцээ хийгээд буцахдаа "Миний бие хоёр улсын эдийн засаг болон биологийн олон төрөл зүйлийг нүүрстөрөгчөөс ангижруулах асуудлыг ярилаа. ЭХНИЙ ЭЭЛЖИД, ЭРЧИМ ХҮЧНИЙ БИЕ ДААСАН БАЙДЛАА БЭХЖҮҮЛЭХИЙН ТУЛД НЭН ЧУХАЛ МЕТАЛЛУУДЫГ НИЙЛҮҮЛЭХ, танай улсын тус ашигт малтмалыг нийгэм, байгаль орчны шилдэг стандартуудыг дагаж мөрдөн улс орны хөгжилд хүчтэй нөлөө үзүүлэх төслүүдээр дамжуулахад хамтарч ажиллахаар шийдлээ. Үүний тулд "Орано" компанийн түншлэл нь ерөнхий бүтцийн элемент болж байна” гэж мэдэгдсэн байдаг.

Манай эрчим хүчний салбарыг эрхшээдэг ОХУ хүртэл манайд бага оврын цөмийн цахилгаан станц барьж өгөхөд бэлэн гэж албан ёсоор мэдэгдсэнийг энд дурдах ёстой. Алинаар нь ч болсон бай, тунхаглал гарснаар олон улсын зүгээс тавих хориг, бартаа саад арилсан гэж үзэж болох байх.

Манайх баялагтай, хөгжих боломжтой гэж ярьдаг ч эрчим хүчгүй бол яагаад ч хөгжихгүй нь тодорхой. Уул уурхайн боловсруулах үйлдвэрлэлийн салбарт хэрэгжих олон том төсөл эрчим хүчний хүрэлцээгүй байдлаас болоод гацаж, хүнд байдалд орж буй. “Боловсруулах үйлдвэр барья” гээд төслөө бариад ирж байгаа хөрөнгө оруулагчдад “Цахилгаанаа өөрсдөө шийд” гэж хэлж байгаа нь салбарын, цаашлаад Монгол Улсын хөгжилд том тушаа болж буй. 

Энэ гацаанаас гарах нэг хувилбар нь цөмийн цахилгаан станц байж болно. Гэхдээ, цөмийн эрчим хүчийг дэмжих их гүрнүүдийн энэхүү бодлоготой зэрэгцээд нүүрсээр ажилладаг цахилгаан станцыг дэмжихгүй байх буюу санхүүжүүлэх улс, санхүүгийн байгууллага олдохгүй болдог нь манай улсад ашиггүй тусаж байна. Учир нь, бид ойрын үед нүүрсээ ашиглаж эхрчим хүч үйлдвэрлэхээс өөр гарцгүй байгаа билээ.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.179.168
    1 цагийн өмнө

    Аль болох хурдан атомын цахилгаан станцтай болох хэрэгтэй ярьсаар байгаад 100 жил болох вэ дээ чаддаг бол бүр цөмийн зэвсэгтэй болсон ч илүүдэхгүй шүү дээ

    Хариулах