Дугуйн Үндэсний шигшээ багийн тамирчид Азийн АШТ-д оролцохоор мордлоо

Zuv.mn
2 цаг 34 минутын өмнө

Тайландын Фитсанулок хотноо болох засмал замын дугуйн 44 дэх удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох Монголын дугуйн спортын үндэсний шигшээ багийн тамирчид өнөөдөр эх орноосоо мордлоо.

Манай тамирчид Тайландад 16 хоногийн цугларалтад хамрагдаад шууд тэмцээндээ оролцох юм. 

Монголын дугуйн холбоо энэ тэмцээнд өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчид, мастеруудын ангилалд 49 хүний  өргөн бүрэлдэхүүнтэй оролцож байгаа бөгөөд баг тамирчдын түрүүч Тайландад очоод байгаа бол үлдсэн тамирчид энэ сарын 29, ирэх сарын 3-ны өдрүүдэд Тайландыг зорино. 

"Фитсанулок 2025" Азийн АШТ Монголын дугуйн холбооны хувьд түүхэндээ анх удаа өсвөрийн эмэгтэй тамирчид, элит болон өсвөрийн холимог баг уралдуулах гэж байгаагаараа онцогтой борлж байна. 

Олон улсын дугуйн холбоо дугуйн спортод эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, дэмжих зорилгоор өмнө нь эрэгтэй, эмэгтэй тусдаа зохиогддог байсан багийн уралдааныг эрэгтэй, эмэгтэй тус бүр гурван тамирчнаас бүрдсэн холимог буухиа багийн уралдаанаар сольсон.

Багийн гишүүн нэг бүрийн үүрэг чухал байдаг, жигд бүрэлдэхүүнтэй баг амжилт гаргах илүү боломжтой энэ төрөл хоёр жилийн өмнө Азийн АШТ-ий хөтөлбөрт орсон ч манай улс хараахан оролцож амжаагүй байсан. Тэгвэл энэ удаа элит болон өсвөрийн ангилалд багаа уралдуулахаар сойгоод байна. 

Холимог багийн буухиа уралдаанд 2023 онд Казахстан, Узбекистан, БНХАУ, 2024 онд Казахстан, Узбекистан, Хонконгийн багууд алт, мөнгө хүрэл медалиудыг хүртэж байжээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна