2017 он. Луис Суаресыг “Барса” руу явснаас хойш “Ливерпүүл”-ийн тоглогчид улиралд 14-өөс дээш гоол оруулж чадалгүй гурван оныг үджээ.
Довтолгоогоороо үеийн үед гайхагдаж ирсэн агуу түүхтэй багийн хувьд энэ гутамшиг байв. Тиймээс гоолын гачаалаас гарахын тулд багийн удирдлагууд Юрген Клоппт супер од худалдаж авах хэмжээний мөнгө зарцуулах эрх мэдэл олгож, сайн довтлогч олж ирэхийг үүрэгдсэн юм. Герман дасгалжуулагчийн сонголт египет эр Мохаммед Салах дээр тогтож, “Рома”-гаас 42 сая еврогоор худалдаж авахад хөгжөөн дэмжигчид “Дээд зэрэглэлийн хоёр ч довтлогч авчих мөнгө...” хэмээн чамласан нь нууц биш.
Одоо харин Ю.Клоппын энэ наймааг “Ливерпүүл” төдийгүй Премьер лигийн түүхэн дэх хамгийн ашигтай наймаагаар нэрлэж байна. “Ливерпүүл”-ийн өмнө цом хүртэхээс гадна “Мо Салахыг үлдээх” нэгэн шинэ зорилго бий болжээ.
Алтан дундаж багаас төрсөн од буюу хөлбөмбөгийн Усайн Болт
Энэ жил 32 хүрч буй Мо Салахын "Ливерпүүл"-ээс өмнөх замнал удаан биш ч нэг бүрчлэн бичнэ гэвэл бас л цаг, цаас их орохоор арвин аж. “Мокавлун”-ы хүүхдийн академийн бүтээгдэхүүн тэрээр 2010 онд насанд хүрэгчдийн төвшинд анхны тоглолтоо хийснээс хойш найман жилийн дотор зургаан баг сэлгэжээ.
2010 онд “Мокавлун”-ы насанд хүрэгчдийн багт анхны тоглолтоо хийсэн тэрээр удалгүй “Аль Ахли” багт анхны гоолоо оруулсан байдаг. Харамсалтай нь, Порт Саид дахь эмгэнэлт явдлын улмаас УАШТ-ийг зогсоосон аж. Улсынхаа аваргад тэртээ 1983 онд л ганц түрүүлсэн “Алтан дундаж” багаас олон улсын тавцанд гарч ирсэн нь түүний шигшээ баг дахь гялалзсан тоглолттой нь холбоотой байв.
Тэрээр 2012 онд 23 хүртэлх насны шигшээ багийнхаа хамт Лондоны олимпод оролцохдоо хэсгийн гурван тоглолтод бүгдэд нь гоолдож (Шинэ Зеланд, Бразил, Беларусийн хаалгыг мялаажээ) багаа хасагдах шатанд үлдээв. Тэр зунаа “Базель”-д очоод Швейцарийн АШТ-д 10 гоол 11 дамжуулалт өгч, аваргын хувь заяаг шийдсэн чухал тоглолтод хожлын гоол оруулснаар 2012 оны Африкийн оны шилдэг залуу тоглогч, Швейцарийн оны шилдэг тоглогчоор тодорчээ.
“Аваргуудын лиг”-ийн хэсгийн шатны эхний тоглолтод “Базель” “Челси”-г 2:1-ээр хожиход Мо Салах хоёр гоол оруулж, багаа хожилд хөтөлсөн нь тивийн шилдгээр нэрлэгдэхэд нөлөөлсөн юм. Дараа жилийнх нь “Өвлийн цонх”-оор “Челси” түүнийг худалдан авч, 5.5 жилийн гэрээ байгуулав. Тэрээр “Цэнхэрүүд”-ийн бүрэлдэхүүнд 2014 онд Премьер лигийн аварга цол хүртсэн ч жил хагасын хугацаанд 13-хан тоглолтод оролцоод “Фиорентина”-д зээлэгдэн Италийг зорьжээ. Тэндээ бас л идээшиж амжилгүй улирлын дундуур “Рома”-г зорьсон. Мо Салах өөрийгөө тэнд л олсон юм. “Сассуоло”-гийн хаалганд анхны гоолоо оруулж, удалгүй “Болонья”-гийн хаалганд хет трик хийсэн түүнийг 2015 оны сүүлээр “Чононууд” “Челси”-гээс бүрмөсөн худалдаж авчээ. Тэрээр тэнд хоёр улирлыг үдэхдээ 65 тоглолтод оролцож, 29 гоол оруулсан амжилттайгаар “Ливерпүүл”-ийг зорьсон билээ.
“Ливерпүүл”-ийн аврагч
Юрген Клоппын өөрийнх нь хэлснээр бол, тэрээр Мо Салахыг авчрахыг эртнээс хүсч байжээ. Анх ирсэн жилээ улирлын өмнөх зургаан нөхөрсөг тоглолтод дөрвөн гоол оруулсан М.Салахад хөгжөөн дэмжигчид асар их найдвар тавьж байсан. Тэрээр лигийн эхний тойрогт “Уотфорд”-той 3:3-аар тэнцэхэд багтаа торгуулийн цохилт авчирч, хоёр минутын дараа өөрөө гоолдон айлын талбайгаас тэнцээ салгаж, багийнхаа нэг хэсэг болохоо батлан харуулсан билээ. Үүнээс хойш тэрээр гоолыг ар араас нь угсруулсаар 32 гоол оруулж, Лигийн шилдэг тоглогчоор шалгарсан юм.
“Ливерпуль”-д ирээд тогтоосон түүний амжилтуудын талаар хэвлэлүүд ам уралдан мэдээлэх болов. Лигийн түүхэнд солгой хөлөөрөө 20 гоол оруулсан анхны тоглогч болсон, гоолын тоогоор Л.Мессиг гүйцэж “Топ 5” лигтээ тэргүүлж яваа гэх мэтээр түүний тухай мэдээлэл хөвөрнө. Л.Месси гэснээс, “Уотфорд”-ын хаалганд покер хийснээс нь хойш түүнийг аргентин хөлбөмбөгчтэй зүйрлэх болжээ. “Месси чинь Салахтай төстэй тоглолттой юм” юм гэж сайрхах “Коп” ч байлаа тэр үед.
Үнэхээр ч М.Салахын хууралт, цохилтын техник, тоглолтын хэв маяг нь Месситэй төстэй. Аргентин эрээс ялгаатай нь Мо Салах илүү хурдтай юм. “Базель”-ийн дасгалжуулагч Хакан Якин түүнийг Усайн Болттой зүйрлэсэн нь бий. Үнэхээр ч тэрээр очсон лиг болгондоо хамгийн хурдан тоглогч нь байсан. Премьер лигт ч тийм л байна.
Даруухан “Фараон”
Мо Салахыг хөлбөмбөгийн дэмжигчид фараон гэж хочилдог. “Челси”-д очих үед нь л ингэж хочилсон боловч хэдэн жил хочиндоо жулдаж явсан. Харин одоо бол үнэхээр багтаж ядаж байна даа. ДАШТ-ий урьдчилсан шатанд Конголезын хаалганд хожлын гоол оруулж, ДАШТ-д багаа чирснээс хойш төрсөн нутаг Египетдээ бол бурхны дараа орох нэр хүндтэй нэгэн болсон. Төрөлх Нагриг тосгондоо бол бурхнаас илүү ч байж магадгүй. Аллах хэдий өгөөмөр ч хэдэн сая еврогоор сургууль цэцэрлэг барьж өгөхгүй шүү дээ.
Хэтэрхий нэр хүнд олж, үндэсний бахархал болсон нь хөөрхийг биеэ хэтэрхий барихад хүргэж байна уу гэж бодоход хүргэдэг. Швейцарийн оны шилдэг залуу тоглогч болсныхоо дараа шагнал гардуулсан бүсгүйн хацар дээр үнссэнээсээ болж нутгийнхаа сонинуудаар “Ухамсаргүй, шашны нэр хүндийг гишгэгч” гэх зэргээр бичүүлж, үүнээсээ хойш хазгай гишгэхээ больжээ. Амьдрал дээр тэрээр шашинд гүн сүсэгтэй, дуу цөөтэй нэгэн. “Коп”-уудын алдарт “Liverpool Echo” чатад орж, 12 асуултад хариулахдаа ердөө л 109 үг хэрэглэжээ.
-Та хамгийн сүүлд хэзээ худлаа ярьсан бэ?
-Би хэзээ ч худлаа ярьдаггүй
-Өглөө сэрээд хамгийн түрүүнд хийдэг зүйл тань юу вэ?
- Инээмсэглээд хоёр минут чимээгүй хэвтдэг
-Таны хувьд хамгийн төгс төгөлдөр амралтын өдөр гэж яахыг хэлэх вэ?
-Гэртээ хэнтэй ч ярихгүй, бас хэнд ч ярилцлага өгөлгүй өнгөрүүлэх гэх мэтээр асуулт нь хариултаасаа олон үгтэй байсан аж.
2012 оны “Аваргуудын лиг”-т Израилийн “Маккаби”-тай таараад эхэндээ тоглохоос татгалзах бодолтой байсан ч Египетийн хэвлэлд гарсан нийтлэлүүдийг хараад бодлоо өөрчилсөн гэдэг. Изралийн багийнхантай гар барих мөч болоход тэрээр гутлаа үдэхээр газар сууж, тоглолтын үеэр унагасан өрсөлдөгчдөө шуугаа өгч босоход нь тусалж байв. Ийм аргаар израиль хүнтэй гар барилгүй өнгөрүүлж байжээ. “Челси”-гээс явсан шалтгаан нь ч багийн эзэн еврей Роман Абрамовичоос болсон гэдэг. Дэлхийн шилдэг тоглогчдын нэг Эден Азар М.Салахын тухай “Тэр “Челси”-д ирэхдээ л топ тоглогч байсан. Даанч түүнд боломж олгоогүй юм. Бид одоо ч сайн харилцаатай байдаг” хэмээн ярьж байв.
Мохаммед Салах шашиндаа үнэнч шигээ эх орондоо бас үнэнч, сэтгэлтэй нэгэн. Төрөлх тосгондоо сургууль, биеийн тамирын заал байгуулж, эмнэлэгт нь машин бэлэглэж, залуучуудын төв байгуулахаар шав тавьжээ.
Хуримаа 2013 онд төрөлх Нагригтаа хийж, тосгоныхоо бүх хүнийг урин найрлуулж байв. Эхнэр Маги, охин Маккагийн хамт амьдардаг. Өнгөрсөн арванхоёрдугаар сард Египетийн фунтын ханш унаж, сүйрлийн ирмэг дээр ирээд байсан үед М.Салах улсдаа 210 мянган фунт стерлинг хандивлажээ. Басьюн гэх хотын эмнэлэгт 555 мянган паундаар тоног төхөөрөмж авч өгсөн байна. Мөн нутгийн нэгэн бизнесмэн байшин бэлэглэх гэхэд “Байшин авах мөнгөө Нагриг тосгоны хөгжилд зарцуулчих” гэж хэлсэн гэдэг. Аавынх нь гэрээс хулгай хийсэн нэгнийг шүүхэд өгөлгүй, харин ч мөнгө өгч, ажилд оруулахыг оролдож байжээ. Төрөлх тосгондоо байнга очиж, очих болгондоо хүүхдүүдэд бэлэг сэлт өгдөг гээд Монголд байсан бол сонгуульд нэр дэвших амбийц өвөрлөсөн хүн шиг л аашилдаг аж.
Магадгүй, нас тогтсон хойноо Либерийн Ж.Веагийн адилаар улсынхаа Ерөнхийлөгч болчихсон явахыг ч үгүйсгэх аргагүй бололтой.
Эргэн ирэлт
2017-2018 оны улирлаас хойш тэрбээр дахиж 32 гоол оруулаагүй ч амжилт ялалтын хувьд үнэхээр сайхан жилүүдийг үдсэн билээ. Сүүлийн хоёр улиралд 19, 18 гоол оруулсан түүнийг "харьж байна" гэж бодсон фанатууд байсныг ч үгүйсгэхгүй. Гэвч аз бодоход үгүй байж, энэ улиралд онцгой тоглож байна. Лиг дөнгөж дундаасаа өнгөрсөн явж байхад фараон маань аль хэдийнэ 19 гоол, 13 оновчтой дамжуулалт данслуулчихсан, баг нь ойрын өрсөлдөгчөөсөө зургаан ноо илүү, түрүүлэх магадлал 90-ээс дээш хувьай гэж үнэлэгдэж явна.
Хувийн амжилт нь ч шат ахиж, өнгөрсөн жилүүдийн үзүүлэлтүүд нь хураагдсаар Премьер лигийн түүхэн аммжилтуудыг эвдээд эхэллээ. "Ливерпүүл"-ийнхээ мэргэн бууч, найман улирал дараалж 20+ гоол оруулсан анхны тоглогч болсон тэрбээр өчигдөр "Ипсвич"-ийг хожиход гоол оруулснаар Тьерри Анриг гүйцэж, Премьер лигийн бүх цаг үеийн мэргэн буучдын жагсаалтын долдугаарт орж ирэв. Энэ улиралдаа багтаад дахиад гурван ч байр ахиж дөрөвт орчих ч боломжтой байна. Түүний дээр одоо зодог тайлаагүй тоглогчдоос ганц Харри Кейн байгаа бөгөөд яг Премьер лигт тоглож байгаа тоглогчдыг тооцвол нэгдүгээрт байна.
Одоо "Ливерпүүл"-ийн өмнө үнэхээр Мог яаж үлдээх вэ гэдэг даалгавар тавигдаад байна. Учир нь Саудын Арабын лигээс Мо Салахд долоо хоногийн 500,000 еврогийн санал ирсэн гэж буй. Зарим нэгний бичсэнээр Мо Салах өөрөө шинэ гэрээндээ долоо хоногийн таван зуун мянган еврогийн босго тавьсан ч гэх. Хэрвээ энэ үнэн бол Мо ирэх зун Саудын Арабыг зорих болно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна