Бодит байдлыг харах “тусгай шил”-ээр “Stereotype” үзэсгэлэнг тольдоорой

Х.Есү
3 цаг 33 минутын өмнө

Бидний эргэн тойронд байж л байдаг сандал, ширээ, түлхүүр, хүүхдийн тоглоом... Аль хэдийнэ нүдэнд дасаж, онцгойлон “өртөхөө” ч больж, анхнаасаа ийм л байх ёстой мэт хүн бүр хүлээн зөвшөөрчихсөн. Сандал бол ийм, ширээ бол ийм. Энэ бүгд яг энэ хэвээрээ л байх ёстой гэсэн бодол. Яг ийм замаар бидний дотор хэвшмэл ойлголт буюу стереотип үүсдэг. 

Өөрөөр хэлбэл, стереотип нь тодорхой бүлэг хүмүүс, үзэгдэл эсвэл юмсын талаарх өнгөц хэр нь нийтлэг ойлголттой байхыг хэлдэг. Гэхдээ эдгээр нийтлэг тодорхойлолт яагаад бий болсон, эсвэл бий болох боломжтой талаар бидний өдөр тутам хэрэглэдэг энгийн эд юмсыг төлөөлүүлэн уран бүтээлч А.Болормаа “Stereotype” үзэсгэлэндээ онцолжээ. 

Энэ нь түүний эх орондоо гаргаж буй анхны бие даасан үзэсгэлэн бөгөөд ХААН галерейд 2-р сарын 15-нд нээлтээ хийсэн юм. Үзэсгэлэнд дэлгэсэн бүтээлүүдийн хувьд Монголд сүүлийн жилүүдэд тун ховор хийгдэж буй өнгөт модон бар, хулдаасан бар болон холимог техникээр бүтсэн, интерактив гэдгээрээ онцлогтой.

А.Болормаа нь СУИС-ийн Дүрслэх урлагийн академийг график зургийн чиглэлээр суралцаж төгсөн, Норвеги улсын Агдерийн их сургуульд урлаг судлалаар магистрын зэрэг хамгаалсан. Мөн Норвегийн Берген хотын Дүрслэх урлагийн академийн мэргэших сургалтад суралцан, олон төрлийн уран бүтээлийн арга техник эзэмшсэн уран бүтээлч бөгөөд 2018 онд Монголд ирснээсээ хойш Дүрслэх урлагийн академид багшаар, 2025 онд СИТИ их сургуулийн Архитектур дизайны сургуулийн График дизайны тэнхимийн эрхлэгчээр ажиллаж буй юм. 

Тэрбээр үзэгчдийн оролцоотой, анаглиф арга техникийг ашиглан тогтсон стереотип, нийтлэг ойлголт, хязгаарлагдмал дүрслэлийг давсан  бодит байдал, олон талт үзэл баримтлал бий гэдгийг бүтээлээрээ дамжуулан илэрхийлэхийг зорьжээ. 

Бодит байдал нь олон талт, хувь хүний онцлог, нөхцөл байдлыг агуулсныг угтаа бид дотроо мэдэж байдаг ч ихэнхдээ санаж сэрэх, мэдрэхээ умартан урагшилсаар байдаг. Зүйрлэвэл яг л энэхүү үзэсгэлэнгийн танхимд буй улаан, цэнхэр өнгийн нүдний шил зүүчихээд  тайлж бодит байдлыг харахын оронд улам бүр цааш алхах мэт. Эсвэл эсрэгээрээ бидэнд бодит байдлыг харах “тусгай шил” дутсан ч байж болох юм. 

Бага насны хүүхдүүдэд үсэг цээжлүүлэхэд хэрэглэдэг зурагтай карт байдгийг та санаж байна уу? Аяганы зураг үзүүлээд аяга гэхэд ордог “А” гээд цээжилдэг. Тэгвэл тэр а үсэг ердөө л үгэнд нь байдаг л үсэг болохоос аягыг бүхэлд нь илэрхийлэхгүй шүү дээ. Энгийн нэг үсгээс гадна өөр үсгүүд нийлж байж л аягыг, шоог эсвэл морь гэсэн бүтэн утга бүтээдэг.

Юмсыг эсвэл хүмүүсийг ч гэлтгүй та өөрийгөө, бодол, мэдрэмжээ шинээр танин мэдвэл ямар сонирхолтой байх бол? Нялх хүүхэд юмс үзэгдлийг ажиглан судлан мэдэрч хүртэж байж танин мэддэгтэй адил та ч дотоод хүүхдээ сэрээн эргэн тойрноо, дэргэдэх хүмүүсээ үгүй бүр танихгүй хүмүүсийг ч, өөрийгөө ч шинээр танин мэдэх зорилгоор фильтер бүхий нүдний шилээ тайлаад юмсын жинхэнэ өнгийг харна уу. 

Stereotype” үзэсгэлэн ХААН Банк цамхгийн 3-р давхарт байрлах ХААН галерейд 2025 оны 2-р сарын 28-ныг дуустал ажлын өдрүүдэд 09:00-18:00 цагийн хооронд үнэ төлбөргүй нээлттэй бөгөөд урлаг сонирхогч та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна