​Т.Аубакир: Аймаг бүрд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хариуцсан төрийн алба хаагчтай болгоно

Zuv.mn
58 минутын өмнө

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир мэдээлэл хийлээ.

Тэрээр мэдээлэлдээ "Өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр тохиож байна. Засгийн газраас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын бүтцэд өөрчлөлт оруулж, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах зөвлөлийн бүрэлдэхүүнийг өөрчлөх шийдвэр гаргалаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд энэ саналыг гаргасан. Өмнө нь сайд нар, төрийн нарийн бичгийн дарга нар гэх мэт албан тушаалтнуудаас энэ зөвлөл бүрддэг байсан. Харин одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллийг нээлттэй сонгон шалгаруулалтаар оролцуулахаар болж байна.

Хоёрдугаарт, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлаарх салбар дундын уялдааг хангах, үйл ажиллагааг сайжруулах зорилгоор одоо ажиллаж байгаа Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийг тохируулагч агентлаг болгохоор тэмдэглэл гаргалаа. Тохируулагч агентлаг болсноор илүү үр дүнтэй ажиллана гэж үзэж байгаа. Тухайлбал, аймаг бүрд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дагнан хариуцсан 3-4 албан хаагчийг ажиллуулах боломж бүрдэнэ. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд УИХ-аар тогтоол батлуулна" хэмээн онцолсон юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна