Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Эрдэнэт ҮТП-ийн хүрээнд баригдах Зэс хайлуулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх асуудлыг хэлэлцэж, олон улсын нээлттэй сонгон шалгаруулалт зарлахаар болжээ.
ТЭЗҮ-дээ 800 сая ам.доллараар баригдана гэж тооцсон энхүү үйлдвэрийг барьж байгуулах хөрөнгө оруулагчаас санал авах, сонгон шалгаруулах ажил ирэх сарын 15-наас эхлүүлэхээр болсон байна.
ЗГХЭГ-ын дарга С.Бяибацогт энэ талаар “Энэ төслийн санхүүжилт “Эрдэнэт” УБҮ-ээс мөнгө гарахгүй учраас Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, үйлчилгээ худалдан авах тухай хуулиар явахгүй. Хуульдаа уул уурхайн салбарт хэрэгжүүлэхгүй гэсэн заалт оруулсан учраас ТХХТТХуулиар ч явах боломжгүй.
Тийм учраас хөрөнгө оруулагч шалгаруулахаар болсон. Өмнө нь шууд ААН-тэй санамж бичиг байгуулах зэргээр давуу байдал үүсгэх тохиолдол байсан байх. Одоо бол бүх юм ил тод явна. Монгол Улсад 500 тэрбумаас дээш хөрөнгө оруулалт хийсэн гаднын компаниудтай ХОГ хийдэг. Энэ жишгээр явна.
Дэлхий дээр зэс цэвэршүүлдэг зургаан төрлийн технологи байдаг. Энэ технологийг эзэмшдэг компаниудаас чадавхитайг нь сонгоно. Үндсэндээ зэсийн үйлдвэр байгуулах ажил ирэх сараас эрчимжинэ гэж ойлгож болно” гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна