Хууль ч үгүй, журам ч үгүй энэ асуудалд эрх зүйн зохицуулалт шаардаж байна

Х.Есү
2025/03/27

Монгол Улсад нийгмийн харилцааны 30 орчим хувийг хуулиар, 70 орчим хувийг журмаар зохицуулж байна гэдэг судалгаа гарчээ. Тэрчлэн журмын зохицуулалтгүй  асуудлууд ч бий.

Тэгвэл ямарваа зохицуулалтгүй тэдгээр асуудлын нэг нь утаагүй тамхин бүтээгдэхүүний худалдаа, хэрэглээ юм.Сүүлийн жилүүдэд дэлхийн улс орнуудад болон тэдгээрийн нэг адилаар Монголд утаагүй тамхин бүтээгдэхүүний хэрэглээ нэмэгдэж байгаа ч үүнд эрх зүйн зохицуулалт үгүйлэгдэж буйг Монголын Интервеншнал Пульмонологийн Нийгэмлэгээс онцлон УИХ-ын гишүүдэд хандаад байна.

Яагаад эрх зүйн зохицуулалт шаардлагатай талаар болон үүний үр нөлөөг олон улсын туршлагад үндэслэн тайлбарлаж, УИХ-ын гишүүдэд хандсан тус уриалгыг олон нийтэд танилцуулж байгаа билээ. 

Та энэхүү өргөх бичигтэй танилцан дэмжиж буйгаа илэрхийлснээр нийгмийн өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагаа хэрэгжүүлж, ирээдүй хойч үеэ хорт зуршлаас хамгаалахад хувь нэмрээ оруулна.

Уушги, амьсгалын замын өвчлөлөөс  урьдчилан сэргийлэх, иргэдэд хэрэгтэй мэдээлэл, судалгааг хүргэхэд чиглэсэн сайн дурын үйл ажиллагаа явуулдаг Монголын Интервеншнал Пульмонологийн Нийгэмлэгийн уриалгатай танилцан цахимаар гарын үсгээ өгснөөр Та бодлого, шийдвэр гаргах үйл явцад өөрийн дуу хоолойгоо илэрхийлэн оролцоогоо хангаж буй хэрэг юм.

Шинэ тутам хэрэглээ болох утаагүй тамхин бүтээгдэхүүнүүд архаг тамхидалт, тамхины хамаарлаас гарахад туслах, тамхитай холбоотой өвчлөлийг бууруулах нөлөөтэй нь тогтоогдсон хэдий ч хяналт, зохицуулалтгүйн улмаас импортоор орж ирэхэд ямарваа стандартгүй, татваргүй байгаа төдийгүй өсвөр насныхны дунд хэрэглээ нэмэгдэж буй зэрэгт анхаарал хандуулах цаг болсон талаар Монголын Интервеншнал Пульмонологийн Нийгэмлэгийн зүгээс сануулжээ.

УИХ-ын үндсэн үүрэг нь хууль тогтоох. Гэхдээ энэ нь иргэд та биднээс ангид тусдаа, ямар хууль гаргахыг зөвхөн дарга гишүүд л шийддэг онцгой эрх дарх биш юм. Өнөөдөр нийгэмд ямар асуудал хурц байна вэ, яаж шийдэх вэ гэдгийг иргэд өөрсдөө ил тод илэрхийлэн хууль тогтоох үйл явцад оролцох нь ардчиллын нэг үзүүлэлт.

Монголын нийт хүн амын 27,1 хувь нь тамхи татдаг. Насанд хүрсэн хоёр эрэгтэй тутмын нэг,  харин эмэгтэйчүүдийн хувьд хорин хүн тутмын нэг нь тамхи татдаг гэж судалгааны дүн гарчээ. Утаат буюу янжуур тамхины хор уршгийн талаар шинжлэх ухаан нэгэнт тогтоосон, түүнчлэн Монголд Тамхины хяналтын тухай хууль амжилттай хэрэгжсэний үр дүнд тамхины хэрэглээ харьцангуй багасаж байгаа аж.

Гэвч үүнтэй зэрэгцээд утаагүй тамхин бүтээгдэхүүний хэрэглээ нэмэгдэж байгаа. Тэдгээр бүтээгдэхүүний хор нөлөө бүрэн судлагдаагүй төдийгүй татваргүй, хяналтгүйгээс шалтгаалаад зарим бүтээгдэхүүний үнэ хямд байгаа зэрэг нь өсвөр насныхны  дунд хэрэглээ дэлгэрэх хүчин зүйл болж буй нь эмч мэргэжилтнүүдийг эмзэглүүлж байна. Тийм учраас үүнд эрх зүйн зохицуулалт шаардлагатай гэж үзэн УИХ-ын гишүүдэд хандсан өргөх бичигт иргэдийн санал, дэмжлэгийг авах, цахимаар гарын үсэг цуглуулах ажлыг зохион байгуулж байна.

 Засаглалын ил тод, нээлттэй, авлигаас ангид байх зарчмыг хангахад шинэ жишиг тогтоож буй энэхүү санаачилгад та бүхэн нэгдэж, утаагүй тамхин бүтээгдэхүүнийг хяналттай болгох эрх зүйн зохицуулалтыг УИХ-ын гишүүдээс хүсэж шаардаж байгааг илэрхийлэн дуу хоолойгоо баталгаажуулан хүчээ нэгтгэнэ гэдэгт итгэлтэй байна.

 Энэхүү өргөх бичигтэй танилцах бол дараах холбоосоор нэвтэрч, санал бодлооо илэрхийлэх боломжтой юм байна. Бидний өргөх бичигт нэгдээрэй | Хор бага

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна