Н.Алтанхуяг: 30 жилийн алдаа гэж ярьж байна. Ард түмэн түүхэн сонголтоо хийж, Ардчилсан улс болсон шүү

Zuv.mn
11 цаг 28 минутын өмнө

Яг одоо Ардчилсан нам үүсгэн байгуулагдсаны 35 жилийн түүхт ойн баярын өнөөдөр /2025.04.07/ болж байна. Монголын сүүлийн 35 жилийн түүх бичигдэхэд голлох үүрэгтэй оролцсон улс төрийн нөлөө бүхий хүчин болох Ардчилсан намын 35 жилийн ой өнөөдөр тохиож байна. Тус нам 1990 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдөр Дээд шүүхэд бүртгүүлж, намын гэрчилгээгээ авч байжээ. Бид Ардчиллын анхдагчдын нэг, намын дарга, Ерөнхий сайдаар сонгогдон ажиллаж байсан УИХ-ын гишүүн Н.Алтанхуягтай түүхт ойн баярынх нь өдөр уулзаж, сэтгэгдлийг нь сонслоо.  

Тэрбээр “35 жилийн өмнө монголчууд Д.Сүхбаатарын талбай дээрээ цуглаад “Ардчилсан маягийн улс болмоор байна” гэдэг сонголтоо хийсэн. Сүүлийн үед “Өнгөрсөн 35 жилийн алдаа” гэж ярьдаг болсон байна лээ. Энэ бол түүхэн сонголт, хамгийн зөв сонголт байсан. Бүр сүүлийн үед харин алдаа гарч байгаа юу гэвэл гарч байгаа. Дурын хүн хэлж байгаа шүү дээ. “Хүмүүнлэг ардчилсан нийгэм  байгуулна гэсэн яасан бэ. Нэг хэсэг нь баяжаад ихэнх нь ядуурлаа. Үг хэлэх эрх чөлөө ухраад байна” гэж. Гэхдээ ололт амжилт бас байгаа. Алдаа гарвал засаад цаашаа явах ёстой. “Сүүлийн үед УИХ дээр асуудлыг хүчээр шийддэг байдал ажиглагддаг боллоо. Уг нь ухаанаа уралдуулаад, шүүмжлээд, харилцан ярилцаад асуудлаа шийддэг байх ёстой. Гэхдээ яах вэ, бүх юм гөлгөр явна гэж юу байх вэ.

Одоо хамтарсан засаг ард түмнийхээ хүссэнийг хийдэг, ААН-ээ дэмждэг байхад намаа сайн ажилласан гэж хэлнэ. Хамтарсан засгийн ажлыг ч ийм шалгуураар дүгнэнэ. Одоо бол хасах оноотой л явна.

Гэхдээ олон ургальч үзэл, итгэл үнэмшил, ил тод байдал байсаар байгаа гэдгийг ажиглаж мэдэрч байна. Манай намын залуус зоригтой үгээ хэлж байна. Сая “Ноорог”-ийн залуустай холбоотой асуудалд нийгэм яаж хандаж байгааг хараад бидний эхлүүлсэн юм арилчихаагүй, байсаар байгаа юм байна гэж урам авлаа” гэв.

Мөн 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх бодол байгаа эсэх, Ардчилсан нам яаж ажиллавал Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулах вэ гэж асуухад “Ард түмнийхээ амьдралыг сайжруулахын төлөө л ажиллах хэрэгтэй. Та нар 2012 онд биднийг яаж ажилласныг мэдэж байгаа биз дээ. Бид нар сонгуульд бэлдэж ажиллаагүй шүү дээ. Хэрвээ сонгуульд бэлдэж ажилладаг тийм новшнууд байвал зайлуулах хэрэгтэй” гэв.    



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна