Б.Уранзаяа: Хоёрын хоёр хүнийг хөгжлийн бэрхшээлтэй болгочхоод нэг ч удаа ирж уулзаагүйд нь гомддог

Х.Есү
8 цаг 35 минутын өмнө

Бусдын буруугаас болж багадаа зүүн гарынхаа дөрвөн хурууг тайруулж, биедээ 60 хувийн түлэгдэлт авсан ч амьдралд бууж өгөөгүй тэр нэгэн охиныг бид True story ярилцлагын буландаа урьж оролцууллаа.

Түүнийг Б.Уранзаяа гэдэг. Одоо 22 настай. Баянхонгор аймгаас Улаанбаатар хотод орж ирээд удаагүй байгаа шинэхэн оюутан. Тэр багадаа амссан гадуурхал, бусдын үзэн ядсан харцнаас хэрхэн өнөөдрийн өөрийгөө бүтээсэн талаар түүхээ бидэнтэй хуваалцлаа.


-Зургаан настай байхдаа биедээ 60 хувийн түлэгдэлт авсан гэсэн. Тухайн үед яг юу болсон бэ?

-16 жилийн өмнө ийм болсон. Би төрөхдөө бүтэн төрсөн. Өвөл унтаж байхад манай гэрийг машин дайраад. Зуухтай нурам нь асгараад би өвөөтэйгөө цуг нурман дээр нь унаад өнхөрчихсөн. Тэгээд биедээ 60 хувийн түлэгдэлт авсан. Зүүн гарын маань мах болсон гэх шалтгаанаар хуруугаа тайруулсан.

-Багадаа бусдаас их санаа зовж, ганцаарддаг байсан гэсэн.

-Тийм. Хүүхдүүд их гайхна. Тухайн үед би л ганцаараа сорвитой байсан. Хажуугаар гарахдаа хоорондоо шивнэлдэнэ, над руу зааж ярина. Яг л чацуу миний үеийн хүүхдүүд байгаа шүү дээ. Тийм байхад өөрсдөөс нь тэс өөр хүн байгаа юм шиг л надтай харьцаад байдаг. Тэр нь их хэцүү.

Гэхдээ хүн сорвитой л биз тийм үү. Хүн ямар нэг санаандгүй байдлаар сэтгэлдээ шарх, сорви авдаг. Би ч гэсэн хүссэндээ сорвитой болоогүй л байхгүй юу.

No description available.

-Тухайн үед осол гаргасан хүн нь одоо холбоотой байдаг уу? Хэдэн жилийн хорих ял авсан бэ?

-Тэр хүн осол гаргах үедээ 18 настай байсан гэсэн. Хоёр жилийн ял аваад суллагдсан гэсэн. Одоо тэгэхээр 34 настай залуухан хүн байгаа байх. Гэхдээ тэр явдлаас хойш өвөө бид хоёртой нэг ч уулзаагүй. Хоёрын хоёр хүнийг хөгжлийн бэрхшээлтэй болгочхоод, ядаж уулзаад уучлалт гуйх хэрэгтэй биз дээ.

Би өвөөгөө их өрөвддөг. Бараг 40 гаруй жил эрүүл саруул амьдарчхаад нэг л өдөр тийм болчихсон. Тэр гаргүй байгаадаа дасах гэж үнэхээр хэцүү байгаа. Гэхдээ би өвөөтэй хэзээ ч тэр болсон явдлыг ярилцаж байгаагүй. Ерөөсөө хөндөхийг хүсдэггүй. Яаж байна гэж асуувал хэцүү байна байх гэж боддог. Айгаад байдаг юм. Тийм болохоор осол гаргасан хүн ядаж манай өвөөтэй уулзаасай л гэж бодож байна.

Би бол яах вэ хүлээн зөвшөөрсөн. Өвөө л...

-Сошиал орчинд хөхний толгой гаргах мэс засалд орох шаардлагатай байгаа гэж бичсэн байсан. Тэр талаараа яривал?

-Баруун талын хөх маань тэр чигээрээ түлэгдчихсэн. Сүүний булчирхай нь ургасан ч гэсэн толгой нь наалдаад түлэгдчихсэн байна гэсэн оноштой байгаа. Хөхний толгойг нь гаргасны дараа би хүүхэдтэй болох боломжтой. Тийм болохоор хөхний хагалгаанд орох шаардлагатай байгаа.

-Ярилцаад сууж байхад их сэтгэлийн тэнхээтэй, мундаг охин шиг санагдлаа. Хүнд ер нь сэтгэлийн тэнхээ гэж зүйл хэр чухал вэ?

-Хүнд сэтгэлийн тэнхээ маш чухал. Би өнөөдөр ингээд сууж байгаа нь сэтгэлийн л тэнхээ. Наймдугаар ангиасаа хойш бүрэг байхаа больсон, өөрийгөө илэрхийлдэг болсон. Хүн өөрийгөө нуугаад доош нь дарах тусам боломжуудаа алдаад байдаг юм билээ.

Өнөөдөр надад хэцүү зүйл тохиолдсон байж болно. Гэхдээ түүнийгээ өнгөрсөнд нь орхиод маргаашаа харж амьдрах хэрэгтэй.

Сорви хүний биед насан туршдаа байна. Энэ сорвийг аваад л зүгээр байчихдаг юм биш. Энэ сорви хатуураад үеэрээ таталт өгчихдөг. Түүнийг нь заавал хагалгаанд орж байж тавиулдаг. Хагалгаанд орохдоо бүтэн унтуулгатай ордог. Тиймээс их хэцүү.

-Өөрийнхөө амссан зовлонг бусдад амсуулахгүйн тулд сошиалд өөрийгөө нээж, зоригтой гарч ирсэн байна. Тэгвэл хүмүүст хандаж юу гэж хэлмээр байна?

-Өөр өөрийгөө хүлээн зөвшөөрөөрэй. Тэр цагаас хойш чиний хүсэж байгаа бүх зүйл чамд ирнэ. Бас эцэг эхчүүдээ хүүхдүүдээ халуун гал, хар цай, тогоо, буцалсан ус зэрэг түлэгдэх зүйлсээс хол байлгаарай. Байнга хараа хяналттай байгаарай гэж хэлмээр байна.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 59.153.113.188
    5 цагийн өмнө

    Хөөрхөн, цоглог, сэтгэлийн тэнхээтэй охин бна.

    Хариулах