БОЛОВСРОЛЫН САЙДЫН 2025 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 25-НЫ ӨДРИЙН 05 ДУГААР АЛБАН ДААЛГАВАР
Хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн орчинд томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай
Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Томуугийн харуулдан тандалтын 2025 оны 46 дахь долоо хоногийн мэдээгээр улирлын томуу, томуу төст өвчний тархалт улсын хэмжээнд “Алаг цоог дэгдэлтийн” түвшинд байгаа хэдий ч томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 81.3 хувийг 15 хүртэлх насны хүүхэд эзэлж байна.
Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн хуралдаанаас бүх түвшинд халдвар хамгааллын дэглэм сахих талаар өгсөн чиглэлийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, дотуур байрны орчинд томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэм баримтлан хичээл, сургалтын үйл ажиллагааны тасралтгүй байдлыг хангах зорилгоор ДААЛГАХ нь:
Халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах хүрээнд:
1.1.Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2020 оны А/140 дүгээр тушаалаар баталсан “Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн орчинд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээний төлөвлөгөө, удирдамж” болон эрүүл мэндийн байгууллагаас гаргасан заавар, зөвлөмжийг тус тус баримтлан ажиллах;
1.2.Цэцэрлэг, сургууль, дотуур байрны орчинд багш, ажилтан, суралцагч бүр амны хаалт (цэцэрлэгийн хүүхэд амны хаалт хэрэглэхгүй), спиртийн суурьтай гар халдваргүйжүүлэгч тогтмол хэрэглэх;
1.3.Халуурах (биеийн халуун 38 хэм ба түүнээс дээш хэм), ханиалгах, найтаах, хоолой, толгой өвдөх гэх зэрэг шинж тэмдэгтэй суралцагчийг эцэг эх, асран хамгаалагч харгалзан дэмжигчид хүлээлгэн өгч буцаах;
1.4.Цаг агаарын байдал, гаднах агаарын бохирдлоос шалтгаалан салхивч нээх, анги танхимд агаар сэлгэлт хийх боломжгүй тохиолдолд агаар цэвэршүүлэгч (ХЕПА фильтр) ашиглах замаар дотоод агаарын чанарыг сайжруулах;
1.5.Гар угаах төхөөрөмжийн тоог нэмэгдүүлж, саван, гар халдваргүйжүүлэх уусмалыг хүрэлцээтэй байлгаж, цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлтийн бодисын нөөцтэй байх;
1.6.Халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх санамж, зөвлөмж (гарын эрүүл ахуй сахих, хүн хоорондын зай барих, амны хаалт хэрэглэх, зөв ханиалгаж найтаах)-ийг суралцагчдад харагдахуйц газар ил тод байршуулж тэдгээрийг цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн орчинд мөрдүүлэх арга хэмжээ авах, санамж, зөвлөмжийг харааны бэрхшээлтэй суралцагч, багш, ажилтанд зориулан сонсдог хэлбэрт шилжүүлэн мэдээлэх;
1.7.Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн гадаад, дотоод орчинд цэвэрлэгээ, мэргэжлийн байгууллагаар ариутгал, халдваргүйжүүлэлт хийлгэх;
1.8.Цэцэрлэгийн болон дотуур байрны хүүхдийн хоолойг сод, эсхүл давсны уусмалаар өглөө, оройд зайлуулах.
Хичээл, сургалтын үйл ажиллагаа зохион байгуулах хүрээнд:
2.1.Суралцагч хичээл, сургалтын үеэр ханиалгах, халуурах, хоолой өвдөх, амьсгал давчдах, амьсгалахад хүндрэлтэй болох зэрэг шинж тэмдэг илэрсэн үед цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн эмчид яаралтай мэдэгдэх;
2.2.Амны хаалт хэрэглэх явцад амьсгал давчдах, амьсгалахад хүндрэл үүсэх, дотор муухайрах, бие тавгүйтэх зэрэг шинж тэмдэг илрэх тохиолдолд хичээл зааж байгаа багшид яаралтай хэлэх талаар анги удирдсан багш суралцагчдаа тогтмол сануулах;
2.3.Хичээл сургалтын явцад хөгжлийн бэрхшээлтэй болон амьсгалын дутмагшилд орж болзошгүй суралцагчийн эрүүл мэндэд анхаарч, зовуурийн шинж тэмдэг илрэх тохиолдолд цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн эмчид яаралтай мэдэгдэх;
2.4.Суралцагчдын тухайн өдрийн ирцэд үндэслэн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд ирээгүй суралцагчийн суралцагчийн эцэг эх, асран хамгаалагчтай холбогдон шалтгааныг тодруулах;
2.5.Хүүхдийн эрүүл мэндийг дэмжсэн шим тэжээллэг, амин дэмээр баялаг бүтээгдэхүүн, халуун ундааг хоолны цэсэд оруулж үйлчлэх хэрэглэх;
2.6.Хүүхэд тээвэрлэх автобусны үйлчилгээ үзүүлэхэд халдвараас урьдчилан сэргийлэх санамж, зөвлөмж, спиртийн суурьтай гар халдваргүйжүүлэгчийг тээврийн хэрэгсэлд байршуулах, суралцагчдыг амны хаалт хэрэглүүлэх;
2.7.Багш, суралцагчдыг хамарсан урлаг, спортын уралдаан, тэмцээн болон хичээлээс гадуурх сургалт, үйл ажиллагааг 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл хугацаанд зогсоож, урлагийн танхим, спорт заалыг бусдад ашиглуулахгүй байх;
2.8.Суралцагчдад “Гэр-цэцэрлэг-гэр”, “Гэр-сургууль-гэр” гэсэн чиглэлийг мөрдүүлэх.
Албан даалгаврыг харьяа нутаг дэвсгэрийн өмчийн бүх хэлбэрийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд хүргүүлж, хэрэгжилтийг шуурхай зохион байгуулахыг аймаг, нийслэлийн боловсролын газрын дарга нарт, цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн орчинд томуу, томуу төст өвчний дэгдэлтээс урьдчилан сэргийлэх ажлыг үр дүнтэй хэрэгжүүлэх, эрүүл ахуйн зохистой дэглэмийг мөрдөх, амьсгалын замын халдвараас сэргийлэх талаар суралцагчдад мэдээлэл өгч хяналт тавьж ажиллахыг нийт цэцэрлэгийн эрхлэгч, ерөнхий боловсролын сургуулийн захирал нарт тус тус даалгав.
Энэхүү албан даалгаврыг хэрэгжүүлэх ажлыг улсын хэмжээнд нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллах, тайланг 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор ирүүлэхийг Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очирт үүрэг болгосугай.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.89.41
Arai2
Хариулах