-Малайзад монголчууд амиа алдаад байна, эрх зүйн гэрээтэй болъё-
Ш.Алтантуяагийн хэргээс Б.Оргил-Эрдэнийн хэрэг хүртэл буюу ахицгүй 19 жил…
Малайз улсыг монголчууд тийм ч сайн мэдэхгүй. Харин Ш.Алтантуяа агсны амь насыг хэрцгийгээр хөнөөсөн гэвэл бүгд мэднэ. Загвар өмсөгч, моделиор ажилладаг Ш.Алтантуяа хэмээх бүсгүй 2006 онд тус улсад амь насаа алдаж байсан. Малайзын Ерөнхий сайд, зөвлөх, Батлан хамгаалахын ажилтан алба хаагчид оролцсон байж болзошгүй энэ хэрэг одоо ч бүрэн шийдэгдэж, хохирогчдын гомдол барагдалгүй 19 жил өнгөрч байна.
Нулимс, гомдол, итгэл, цөхрөл ээлжилсэн энэ 19 жилд харин Монгол Малайзын харилцаа ямар хол хөндий, хоорондоо огт хамааралгүй орших болсныг мэдэж авсан. Харамсалтай нь, бүхэл бүтэн 19 жилд энэ хол хөндий байдал огт өөрчлөгдөлгүй өнөөдрийг хүрлээ.
“Eyes cool” нэрээрээ танигдсан хип хоп уран бүтээлч Б.Оргил-Эрдэнэ саяхан Малайз улсад амь насаа алдсан. Тэрээр хэд хоногийн өмнө амь насаа алдсан байдалтайгаар олдсон ч биед нь бичиг баримт байгаагүйн улмаас хэд хоног мооргт байсан гэх харамсалтай мэдээг бид уржигдар хүлээж авсан. Түүнчлэн, үхлийн шалтгааныг тогтоох үйл явц ч мөн шалтгаанаар удаашрах, хүндрэлтэй байдал үүсэх магадгүй байгаа талаар хэвлэлүүд бичиж байна.
Улс орны харилцаа улстөрчдөөс шалтгаалдаг ч Монгол-Малайзын тухайд гай болох нь их байна уу
Хоёр улсын харилцаанд улстөрчдийн манлайлал, хүчин чармайлт чухал үүрэгтэй. Харамсалтай нь, Монгол, Малайзын харилцаанд улстөрчид сайнаар нөлөөлөхөөсөө илүү муугаар нөлөөлсөн байдал харагддаг.
Монгол, Малайз улсууд 1971 онд дипломат харилцаа тогтоосон. 1994 онд Ерөнхий сайд П.Жасрай, 2002 онд Гадаад харилцааны сайд П.Эрдэнэчулуун, 2003 онд Ерөнхий сайд Н.Энхбаяр нар Малайзид, 2003 онд Малайзын Гадаад харилцааны сайд Сайед Хамид Альбар Монгол Улсад айлчилж, харилцаа холбоо ойртох эхлэл тавигдаж байсан ч 2006 онд эргэлт гарсан юм.
2006 онд Малайзад Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн амь хохирсон хэрэгт Ерөнхий сайд Нажиб Разак холбогдсон. Хэрэг гарснаас хойш Монгол Улс долоон жил Малайзын хэргийг хамаарах Элчин сайд томилоогүй нь анхаарал татдаг. Малайзид монгол оюутнууд олноос суралцах болсон тул 2014 оноос л Тайландад суух Элчин сайдад хамааруулах болжээ. Энэ хооронд буюу 2011 онд Монгол Улсын Ерөнхий сайд Сү Батболд Малайзын тэтгэврийн сангаас 15 сая ам.доллар авсан хэрэг үйлдсэн нь өнгөрсөн жил тогтоогдсон.
Ш.Алтантуяа агсны аав С.Шаарийбуу сарын өмнө манай сайтад ярилцлага өгч, Монгол, Малайз улсууд эрх зүйн гэрээ байдаггүй, дипломат харилцаа бараг тасарсан учраас тус улсад байгаа монголчуудын нөхцөл байдал маш эрсдэлтэй, гэмт хэрэгт өртөж хохирсон тохиолдолд үнэн зөвөөр шийдүүлэх боломж бололцоо хомс байдаг гэх асуудлыг хөндсөн.
Хамгийн ноцтой нь, Малайз, Монгол хоёр улс ингэж холдоход Ш.Алтантуяа агсны хэрэг нөлөөлсөн ч сүүлд Ерөнхий сайд асан Сү.Батболд Малайзын тэтгэврийн сангаас 15 сая ам.доллар авч, түүнийхээ хариуд энэ хэрэг дээр хүчин чармайлт гаргахгүй байхаар тохирсон гэж хардаж байгаагаа тэрбээр илэрхийлж, энэ нөхцөл байдлаас болж мөн Монгол Улс иргэнээ хамгаалж, нөмөр нөөлөг үзүүлэх тал дээр хангалтгүй ажилладаг байж болзошгүй, Ш.Алтантуяа агсны хувь заяаг бусад монголчууд давтахгүй гэх баталгаа байхгүй, муу зүйл тохиолдлоо гэхэд хохироод үлдэх магадлалтай гэдэг санааг тэрбээр илэрхийлсэн байдаг.
Мөн дарга нарын хууль бус үйлдлээс болж иргэд зовж зүдэрч байж тэмцэх зүрх зориггүй байна гэсэн хатуу үгийг дайсан юм.
Сү.Батболд Малайзын төрөөс 15 сая ам.доллар завшсанаас болж монголчуудын нэр хүнд унах ёстой юу
С.Шаарийбуу гуайн хардлага үнэн эсэхийг тогтоох боломж мэдээж, бараг үгүй биз. Гэхдээ эрх баригч, дарга даамлуудын хар мөр, гэмт үйлдэл тухайн улсад зорчсон, ажиллаж амьдарч байгаа монголчуудад гай л болдог гэдэг нь туйлын үнэн юм.
Жишээ нь, Монгол Улсын Ерөнхий сайд /тухайн үедээ/ Сү.Батболд Малайзын тэтгэврийн 1MDB сангийн SRC International, BVI, BSI банкнаас "Muraset Limited" компаниар дамжуулан 15 сая ам.доллар авсан гэх мэдээлэл ноднин жилийн гуравдугаар сард Малайзын шүүхэд танилцуулагдсан. Малайзын татвар төлөгчдийн үүсгэсэн, тэтгэврийн сангийн хөрөнгөөс 15 сая ам.доллар авч хохироосон энэхүү "Muraset Limited"-ийг тухайн үедээ Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан Сү.Батболд BVI-д бүртгэлтэй "Grandcastle Assets Limited" компаниараа дамжуулан хянадаг байсан гэдгийг Британийн санхүүгийн мөрдөн байцаах шинжээч Анжела Баркхаус 2024 оны гуравдугаар сарын 13-нд Малайзын Дээд шүүхэд танилцуулсан байдаг.
“Мурасет” компани Малайзын татвар төлөгчдийн мөнгийг Монголын улстөрчид рүү шилжүүлэхдээ Дашийн Уранбилэг гэх хүнд хоёр сая ам.доллар, Сү.Батболдын хүү Б.Баттүшигт 40 мянган ам.доллар, Сү.Батболдын итгэмжлэгдсэн төлөөлөгч, “Мурасет” компанийн захирал Чон Чу Ян руу 4.5 сая ам.доллар, Чон Чу Яны гэргий Ким Хак Сон руу 1.4 сая ам.доллар шилжүүлсэн гэдгийг Анжела Баркхаус нотолсон юм.
Монголын Ерөнхий сайд Сү.Батболд тэтгэврийнх нь сангаас мөнгө авч, хүүхдэдээ зарцуулсан гэхээр малайзчуудад ямар олигтой санагдах вэ дээ. Түүний энэ хэргээс болж Малайзид монголчуудын нэр хүнд өсөөгүй нь лавтай. Нэг шуналтай даргын хүүхдээ тэжээсэн мөнгөнөөс болж Монгол Улсын иргэд нэр хүндгүй болох, цаашлаад эрхзүйн чадамжгүй байдалд орох, эрхээ зөрчүүлэх ёсгүй нь бүр ч лавтай юм.
Малайз Улстай эрх зүйн гэрээтэй болъё
Олны анхааралд өртсөн нь л энэ болохоос Монгол Улсын иргэд Малайз улсад явж байгаад хохирох, амь насаа алдах тохиолдол гардаг. Тухайлбал, Монгол Улсын иргэн хоёр эмэгтэй Петалинг Жаяа хотодцагдаагийн албан хаагчид хүчиндүүлсэн хэрэг 2020 онд гарч байлаа. Бүсгүйчүүдийг “Grab” аппликейшн ашиглан хөлсөлсөн автомашинтайгаа явж байхад нь Петалинг-Жаяа хяналтын цэг дээр цагдаа зогсоож, "Хүчинтэй аяллын бичиг баримтгүй" гэх шалтгаанаар баривчилж, ойролцоох буудалд аваачин хүчирхийлсэн байдаг. Хамгийн ноцтой нь, монголчууд Малайз улсад хүний наймааны хохирогч болж байж болзошгүй сэжүүрүүд гарсан байдаг юм. Иймэрхүү тохиолдлуудад монголчууд Тайландад очиж байж туслалцаа авдаг байдал нөлөөлж байгаа нь ойлгомжтой.
2018 онд Монгол Улсаас жилд 4000 гаруй хүн Малайз руу зорчдог байжээ. Мөн 400 гаруй хүн тогтмол амьдарч, оюутан суралцагчдын тоо тогтмол өсөх графикаар явж байсан аж. Энэ нь цаашдаа хоёр улсын харилцаа холбоо дипломат түвшиндээ хол хөндий байгаа эсэхээс үл шалтгаалаад иргэд харилцан зорчсоор, нэг, нэгэндээ ажиллаж, амьдарсаар л байх болно гэдгийг харуулж буй. Энэ бол Ш.Алтантуяа агсных шиг хэрэг дахин гарах, Б.Оргил-Эрдэнэ агсанд тохиолдсон шиг явдал цаашид гарахыг үгүйсгэхгүй гэсэн үг. Энэ бүх тохиолдлууд Монголын төр Малайз Улстай эрхзүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээтэй болох, тэнд байгаа иргэдээ хамгаалах тал дээр онцгой анхаарах цаг болсныг л анхааруулж байгаа хэрэг.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.179.201
МАН ын шилдэг улс төрч ЛУЙВАРЧИН сү. Батболд аргагүй сайн луйварчин шүү. ӨӨР улсын тэтгэвэрийн сангаас мөнгө хулгайлж чаджээ. АРГАГҮЙ. ТЭР монголчуудаас бороо гоулдын 40 тн алтыг хулгайлж чадсан шүү.
Хариулах202.72.245.204
ger buleeree luivarchin S,Batboldiig yagaad odoo boltol zugee bailgaad baidag um ! , yg odoo schorond chiigeechee
Хариулах66.181.161.94
Зөв өнцөг
Хариулах103.57.93.212
Сү,Батболдын тарьсан Балаг дуусахгүй юмаа,,,,,ёстой л том Рецедив гэмт хэрэгтэн юм, Монголоос өөр Шударга хууль цаазтай Улс оронд бол Сү,Батболд аль хэдийн Цааз, эсвэл бүх насаар нь Шоронд шаасан байгаа,
Хариулах