Т.Доржханд АНУ-аас 2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг Монголын сэргээгдэх эрчим хүчний салбарт татаж чадлаа

Х.Есү
4 цаг 44 минутын өмнө

Монгол Улсын Эрчим хүчний реформын үндэсний хороо, дэлхийн сэргээгдэх эрчим хүчний тэргүүлэгч компаниудын нэг болох UPC Renewables компанитай өнөөдөр Нью-Йорк хотноо Харилцан ойлголцлын Санамж бичиг байгуулав.

Тус компани Дундговь аймагт нийт 2,400 МВт-ын суурилагдсан хүчин чадалтай салхин цахилгаан станцын төслийг хэрэгжүүлнэ.

Төслийн гол зорилго нь Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний нөөцийг үр ашигтай ашиглах, үйлдвэрлэсэн цэвэр эрчим хүчийг бүс нутгийн зах зээлд, тэр дундаа БНХАУ-д экспортлох, дотоодын эрчим хүчний найдвартай байдлыг нэмэгдүүлэх, мөн Монгол Улсын нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулахад хувь нэмэр оруулахад оршино.

Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эрчим хүчний реформын Үндэсний хорооны дарга Т.Доржханд онцлохдоо:

“Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний асар их боломжоо бүрэн ашиглах түүхэн алхмыг хийж байна. Бид цэвэр эрчим хүчний экспортыг нэмэгдүүлж, бүс нутгийн ногоон хөгжилд хувь нэмэр оруулан, эдийн засгийн шинэ боломжуудыг нээхийг зорьж байна.” хэмээн дурдав.

UPC Renewables Asia Pacific компанийн Гүйцэтгэх захирал Эндрю Жон Сазерленд хэлэхдээ:
“Энэхүү түншлэл нь Дундговь аймгийн дэлхийн хэмжээний салхины нөөцийг үр ашигтай ашиглан, БНХАУ-д экспортлох, мөн Монгол Улсын төвийн эрчим хүчний системийн найдвартай байдлыг нэмэгдүүлэхэд чиглэсэн, найдвартай, өрсөлдөхүйц үнэ бүхий цэвэр эрчим хүч нийлүүлэх боломжийг бүрдүүлж байна. Бид Монгол Улсад олон улсын хөрөнгө оруулалтыг татаж, тогтвортой аж үйлдвэрийн хөгжилд хувь нэмэр оруулахын төлөө тууштай ажиллах болно.” гэв.

Төслийн хүрээнд сэргээгдэх эрчим хүчний байгууламжийн тодорхой бүрэлдэхүүн хэсгүүдийг Монгол Улсад дотооддоо үйлдвэрлэх, мөн төслийг барьж байгуулах, ашиглалтад оруулахад шаардагдах ур чадваруудыг эзэмшүүлэх сургалтын төв байгуулах зорилт тавиад байна.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.89.36
    2 цагийн өмнө

    Дундговьчууд эрчим хүчээр хангагдаад цаашилаад хятад улсд экспортлох юмуу..Доржханд ч их нотой ажил хийнэ шүү ..монголдоо бүрэн ашиглаж болохгүй юм уу заавал хятад руу хуваалцаж монголын нэрээр хятад улсд авсан юм биш үү...аюултай хүн дээ ёстой сэтгэлгүй...олон гэрээ хийлгэх хэрэггүй дээ...

    Хариулах