Дүнжингаравын ослын хэрэг галын аюултай хөөсөн дулаалгын “эрин”-г дуусгах уу

Х.Батсайхан
3 цаг 57 минутын өмнө

-Хэдэн хүн үхүүлж байж хөөсөн фасаднаас татгалзах вэ-

Нийслэлд баригдаж буй орон сууцны хорооллууд дулаалгаа хөөсөөр шийдэх болсоор багагүй хугацаа өнгөрчээ. Зөвхөн ААН-үүд ч биш, төрөөс орон сууцны дулаан алдагдлыг бууруулах бодлого хэрэгжүүлэхдээ ч хөөсөн дулаалгыг сонгож, хуучны орон сууцууд гадна талаасаа хөөсөөр дулаалагдаж буй.

Удахгүй хийн түлш рүү хийх шилжильийн бэлтгэл ажил гэр хорооллын байшин, гэрийг дулаалах ажил эхэлж, зунжин үргэлжлэх эгзэгтэй үед хөөсөн фасадны аюул, түүнээс татгалзах санаачлилгыг zuv.mn гаргаж байна.

Энэхүү хөөсөн фасад нь галд шатамхай шинж чанартай бөгөөд барилга хоорондын зайн стандарт алдагдсан Нийслэлийн хувьд оновчтой шийдэл биш гэдэг нь Баянзүрх дүүрэг, Дүнжингарав худалдааны төвийн орчимд гарсан газын дэлбэрэлтээс үүдэлтэй гал түймрийн үеэр тодорхой харагдсан.

Мөн цаашид барилгын дулаалгад хэрэглэхгүй байх сэжүүр ч энэ хэргээс гарч ирж магадгүй байна.  

Өнгөрсөн сард болсон Дүнжингаравын дэлбэрэлтийн Шүүх хурлын урьдчилсан сонсголын үеэр “Дашваанжил” ХХК-ийн жолооч С.Рэнцэндоржийн өмгөөлөгч Х.Даваахүү хэргийн нөхцөл байдлыг өөрчилсөн баримтуудыг дэлгэж тавьсан. Тэрбээр осолд холбогдсон “Патрол” машины жолооч Э.Мөнхнарангийн үйлдлийг шинжээч “Туршлага дутсан байж магадгүй” хэмээн бүрхэг, ойлгомжгүй байдлаар дүгнэн хэргээс мулталсан байж болзошгүй гэх үндэслэл гаргаж, Шүүхээс уг үндэслэлийг шалгуулахаар нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан юм. Гэхдээ  тэрбээр өөр бас нэг чухал асуудал хөндсөн нь уг ослоос болж шатан, ашиглах боломжгүй болсон 207 дугаар байрыг улсын комисс хүлээж авсан актад барилгын гадна фасадны галд тэсвэртэй байдлыг үнэлсэн акт хавтаст хэрэгт авагдаагүй байсан явдал юм. Тиймээс Шүүгч уг дүгнэлтийг мөн олж хавтаст хэрэгт хавсаргах шийдвэр гаргасан.

Энэ дүгнэлт олон нийтэд ил болоход улсын Комисс хөөсөн дулаалгатай байруудыг ямар байдлаар хүлээж авдаг, актаа хэрхэн үйлддэг нь олон нийтэд илүү тодорхой болно. Магадгүй, Э.Мөнхнаранг хэргээс мулталсан байж болзошгүй шинжээч шиг бүрхэг дүгнээд авчихдаг байж ч мэдэх. Ямартай ч энэ хэргийн шийдвэрлэлтэд хөөсөн фасад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэх нь урьдчилсан хэлэлцүүлгээс тодорхой болоод байна.

Хэрвээ Улсын комисс шатамхай хөөсөнцрөөр дулаалсан байр хүлээж авсан бол 207 дугаар байр шатсаны буруу өөр сумбъект рүү шилжиж ч мэднэ. Гэхдээ, галын буруутан яаж ч өөрчлөгдсөн жинхэнэ шалтгаан нь хөөсөнцөр хэвээр үлдэх нь тодорхой.

Тиймээс хөөсөнцөр дулаалгаас татгалзахыг уриалж байгаа юм. 207 дугаар байрыг харвал гаднаасаа тийм ч их шатаагүй. Гал сөнөөгчид байсан учраас зөвхөн нүүрэн талын хэсэг л шатсан. Гэсэн ч байшинг цаашид ашиглах боломжгүй гэсэн дүгнэлт гарсан гэхээр гал ямар аюултай, эсрдлийг үл тоосоор байвал хожим ямар их эрсдэл учруулахыг харуулж байгаа хэрэг.  

Улаанбаатарт барилгын норм дүрэм, стандарт алдагдаж хэтэрхий шахуу барилгуудтай болсон. Хөөсөн фасадаар дулаалсан нэг байр шатахад бусдадаа халдварлах эрсдэл асар өндөр. Ийм эгзэгтэй үед хоорондоо модон хашаа буюу шатах эдээр тусгаарлагдсан /энэ тохиолдолд тусгаарлагдсан биш, холбогдсон гэвэл илүү ононо/ гэр хорооллын байшин, гэрүүдийг хөөсөнцрөөр дулаалахыг нь зөвшөөрч болохгүй.  


Барилгын норм ба дүрэмд барилга хоорондын стандартад барилга хоорондын зайг нарийн зааж өгсөн байдаг /Зурагт харуулав/.

Хуучны гэгдэх хорооллуудад энэ стандартыг чанд барьдаг байсан ч сүүлд завсар зайгаар нь байшин барьсаар стандарт алдагдуулсан. Стандарт гаргасан хүмүүс тэнэг хүмүүс байгаагүй нь мэдээж. Нурсан тохиолдолд даалуу шиг нэг, нэгнээ дэрлэчихгүй шиг байхыг бодолцсон нь тодорхой. Гэтэл сүүлд газын дэлбэрэлтээс харвал, газар хөдлөлт байтугай нэг барилгад томхон түймэр дэгдвэл бусдыгаа хуйхлах аюултай нь харагдлаа. Ослын дараа Засгийн газрын хуралдаан дээр стандарт мөрдөх асуудлыг цогцоор нь авч үзэх шийдвэр гарсан. Шийдвэрийн гүйцэтгэлийг хангах ажлын хүрээнд энэ асуудлыг авч үзэж, аюул дагуулсан хөөсөн фасадыг дахиж хийхгүй байх, өөр материалаар орлуулах нь гэж бодсон ч хэдхэн хоногийн өмнө Номун хотхоны орчмын байруудыг хөөсөн фасадаар дулаалаад эхэллээ. 

Хүн өөрөө хэчнээн хариуцлагатай байсан ч бусдын буруутай үйлдлээс болж эрсдэлд ордог тохиолдол олон бий. Хөөсөн фасадны тухайд, эрсдэл нь яг ийм шинж чанартай бөгөөд нэг айлд гарсан гал асар олон айлыг хохироох аюултай. Үүнийг төр мэдсээр байж болиулахгүй байна гэдэг хүмүүсийг хэргээр эрсдэлд оруулж байгаа хэрэг.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна