Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнээс хүнсний ногооны урамшууллын талаар тодрууллаа.
-Энэ 2025 оны ургацаас зарим нэр төрлийн хүнсний ногоонд урамшуулал олгох журам өөрчлөлт орсон талаар мэдээлэл байна. Энэ талаар тайлбар мэдээлэл өгөхгүй юу?
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөн УИХ-ын “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай 2022 оны 36 дугаар тогтоол”-ын дагуу Монгол Улс гол 19 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах зорилт дэвшүүлсэн.
Үүний дийлэнх нь газар тариалангийн гаралтай бүтээгдэхүүн. Тухайлбал, манжин, лууван, сонгино, саримс, чинжүү, улаан лооль, өргөст хэмх, байцаа гэх мэт гол нэрийн бүтээгдэхүүний төрөлд багтдаг хүнсний ногооны хангамж, аюулгүй байдлыг хангах зорилт дэвшүүлсэн.
Энэ зорилтыг хэрэгжүүлэхээр Засгийн газраас 2022 онд “Хүнсний ногооны үйлдвэрлэлийг дэмжих талаар авах зарим арга хэмжээний тухай” 118 дугаар тогтоолыг баталсан. Энэхүү тогтоолын дагуу 10 нэр төрлийн хүнсний ногоонд урамшуулал олгож эхэлсэн.
Өнгөрсөн 2022, 2023, 2024 оны ургацаас зах зээл зээл дээр борлуулсан 10 нэр төрлийн хүнсний ногоонд урамшуулал олгож байгаа. Энэ арга хэмжээний үр дүнд дотоодын тариаланчид лууван, шар манжин зэрэг хүнсний ногоогоор дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж эхлээд байна.
Тиймээс Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд болон Сангийн сайдын 2022 оны хамтарсан тушаалаар баталсан журамд заасны дагуу 2025 оны ургацаас эхлээд шар манжинд олгох урамшууллыг зогсоох шийдвэр гарч байна.
Тухайн нэр төрлийн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангасан тохиолдолд урамшууллыг нь зогсоож, өөр төрлийн хүнсний ногооны тоо хэмжээ, хангамжийг нэмэгдүүлэх шаардлагатай.
Үндсэндээ өнгөрсөн онуудад нийт 10 нэр төрлийн хүнсний ногоонд урамшуулал олгож байсан бол 2025 оны ургацаас эхлэн 9 төрлийн хүнсний ногоонд урамшуулал олгохоор болж байна.
-Тэгэхээр шар манжинд олгодог урамшууллыг энэ оноос зогсоож байгаа юм байна. Өөр төрлийн хүнсний ногоонд урамшуулал олгох шаардлагад өөрчлөлт орж байгаа юу?
-Дээр дурдсан хоёр сайдын хамтарсан тушаалаар баталсан “Тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэн, хуулийн этгээдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд мөнгөн урамшуулал олгох, мөнгөн бус дэмжлэг үзүүлэх журам”-ын дагуу зах зээлд борлуулсан хүнсний ногоонд урамшуулал олгож байгаа.
Дээр нь хүнсний ногооны боловсруулах үйлдвэрийг дэмжих зорилгоор зөвхөн үйлдвэрт нийлүүлсэн шар лууван, хүрэн манжинд урамшуулал олгох өөрчлөлт орж байгаа.
Монгол орны онцлогоос шалтгаалаад ногоог нөөшлөх, савлах, хатаах зэрэг үйлдвэрлэлийг дэмжсэнээр энэ төрлийн бүтээгдэхүүний хангамжийг дөрвөн улирал тасралтгүй байлгах ач холбогдолтой.
Жишээлбэл, зах зээл дээр луувангийн салат, шүүс, ундааны эрэлт нэмэгдэж байгааг дагаад дотоодын үйлдвэрлэл өсөж байна. Энэ жишгээр газар тариалангийн үйлдвэрлэлийн бүх шат дамжлагад нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлснээр хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах цогц бодлого хэрэгжих юм.
Тэгэхээр тариаланчид маань 2025 оны ургацаас шар манжинд урамшуулал олгохгүй, мөн зөвхөн үйлдвэрт нийлүүлсэн шар лууван, хүрэн манжинд урамшуулал олгож эхэлнэ гэдгийг ойлгох хэрэгтэй.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна