Б.Эрдэнэбулган: "Үндэсний баг" 2000 гаруй хүний амийг авраад байна

М.Маралмичид
6 цаг 41 минутын өмнө

Орон нутагт эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, нийслэлийг зорих иргэдийн урсгал, гуравдугаар шатлалын эмнэлгийн хүлээгдэл, төвлөрлийг сааруулах зорилготой "Үндэсний баг" ажиллалаад багаггүй хугацаа өнгөрч байна. 

"Үндэсний баг"-ийг Хавдар судлал үндэсний төв, Улсын төв хоёрдугаар эмнэлэг болон III  эмнэлгийн ангиографийн эмч, сувилагч, техникч нарын мэргэжилтнүүд бүрдүүлж байгаа юм. 

"Үндэсний баг" -ийн үйл ажиллагааны ач холбогдол, үр дүнгийн талаар тус багийн "Гол хүн" Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Дүрс оношилгооны төвийн дарга, ангиографийн тасгийн Зөвлөх эмч АУ-ны доктор, дэд профессор Б.Эрдэнэбулгантай ярилцлаа.

-Эрүүл мэндийн яамнаас бодлогоо төвлөрлийг сааруулах зорилгоор “Үндэсний баг”-ийг байгуулж, орон нутагт ажиллаж байгаа. Хагалгаа хийхээс гадна эмч мэргэжилтнүүдийг сургаж эхэлсэн юм билээ. “Үндэсний баг” дээр өндөр үүрэг оролцоотой ажиллаж байгаа хүний хувьд ач холбогдолцаашид гарах үр дүнг хэрхэн харж байгаа вэ?

-2021 онд Монгол Улсын зургаан аймагт Бүсийн оношилгоо эмчилгээний таван төв, нэг нэгдсэн эмнэлэг дээр өндөр өртөгтэй ангиографи аппаратыг суурилуулсан. Тухайн үед ковид, цар тахал таарсантай холбоотой үйл ажиллагаа сул байж байгаад саяхан 2024 онд Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан тушаал гаргаад “Үндэсний баг”-ийг байгуулсан.

Энэхүү “Үндэсний баг”-ийн гол ач холбогдол нь юу вэ гэхээр, Монголд халдварт бус өвчлөл буюу зүрх судасны өвчлөл, хорт хавдрын өвчлөл, хоол боловсруулах замын өвчлөл, мэдрэл харвалтын өвчлөл гэх мэт энэ чиглэлүүд дээр голчлон тусламж үйлчилгээг тухайн орон нутаг, бүс нутагт нь хөгжүүлье гэсэн зорилттойгоор үйл ажиллагаа маань эхэлсэн.

Мэдээж улс хөрөнгөө гаргаад өндөр өртөгтэй тоног төхөөрөмжийг авчихсан байхад тултал нь ашиглах нь маш ач холбогдолтой зүйл байсан. 

Ялангуяа миний хувьд ангиографи чиглэлээр 20 гаруй жил ажилласан эмч мэргэжилтний хувьд орон нутагт байгаа тусламж үйлчилгээг сайжруулж, Улаанбаатарт ирж маш их хүлээгдэлтэй чирэгдэлтэй байгаа эрүүл мэндийн тусламж үйлчилгээг орон нутагтаа авах ажлыг хоёр гараа өргөөд дэмжээд ажилласан. Энэ бол иргэдэд маш чухал. 

Хоёрдугаарт, бүс нутгийн хөгжилд маш үнэтэй хувь нэмэр оруулж байгаа. Өөрөөр хэлбэл орон нутгийн эм, эмнэлгийн эмч нар маань эндээс суралцах маш том боломж олдож байгаа. Тэгэхээр Улаанбаатараас, ялангуяа Улсын I, II, III төв эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв, Монгол-Японы хамтарсан сургалтын эмнэлэг гээд төв эмнэлгүүд маань энэ тусламж үйлчилгээний баг болоод орон нутгуудад очоод иргэдэд эмчилгээ хийхээс гадна эмч мэргэжилтнүүдийг сургаж ажиллаж байгаагаараа ач холбогдолтой.

 2024 оны аравдугаар сараас хойш одоог хүртэл гэхээр нэлээдгүй хугацааг өнгөрөөсөн байна. Орхон, Өвөрхангай, Ховд, Өмнөговь, Хэнтий, Дорнод аймгуудаар манай багийнхан хамгийн багадаа 3-4 удаа явсан байгаа. 

Нэг очихдоо мэдрэл, мэдрэлийн харвалтын оношилгоо, эмчилгээ, зүрхний титэм судасны нарийсал, шигдээс өвчин мөн тухайн цаг үед эмчлэх шаардлагатай хүн байвал эмчилгээ хийгээд явж байгаа. Тэгэхээр "Үндэсний баг"-ийн үйл ажиллагаа маань цаашаа үргэлжлээд, эмч нарыг тухайн бүс нутагтаа бие даан хийх чадвартай болтол нь ажиллана гэсэн зорилго зорилттой ажиллаж байна даа.

-Энэ хугацаанд хэчнээн хүний эрүүл мэнд, амь насыг аварсан бэ?

-Томилолтоор нэг аймагт очоод ажиллахад, мэдрэл, зүрх судас, хавдрын 100 гаруй хүн дээр ажилбар, хагалгаануудыг хийсэн байгаа. Ингээд бодохоор зургаан аймагт 3-4 удаагийн давтамжтай явлаа гэж бодоход багагүй тоо гарч байна. Нэг аймагт жишээлбэл гурван удаа очлоо гэхэд 300 орчим хүн. Тэгээд дээрээс нь ганц хагалгаа биш шүү дээ.

 Манай эмч нар нэг удаагийн томилолтоороо 7-10 хоног ажиллаж байгаа. Очоод амбулаторийн үзлэг бас хийж, зөвлөгөө өгч байгаа. Нэг удаагийн очилт дээрээ 400-500 хүнд зөвлөгөө өгч, 100 орчим хүнд мэс ажилбар хийж байна. Нийт 2000 орчим дөхсөн байх гэж харж байна. Энэ бүгд тайлан дээр нэгтгэгдэж байгаа.

-Улсын хэмжээнд хавдрыг оношлох, тусламж үйлчилгээ үзүүлэх тоног төхөөрөмжийн хүрэлцээ хэр байна вэ. Эмч мэргэжилтнүүдийн хүрээнд хэрхэн төлөвлөгөө гаргаж ажиллаж байна вэ?

-Манай улсын II төв эмнэлэгт гэхэд яг энэ чиглэлийн тусламж үйлчилгээ үзүүлэх хоёр том тоног төхөөрөмж байна. Энэ тоног төхөөрөмжүүд дээр бол зүрх, мэдрэл, хавдар, захын судас гэсэн үндсэн дөрвөн чиглэлээр тусламж, үйлчилгээ үзүүлж байна. 

Зүрхний ангиографийн дөрвөн эмч байна. Мэдрэлийн ангиографийн хоёр, хавдар болон захын судасны дөрвөн эмч. Ингээд нийтдээ улсын II дугаар төв эмнэлэгт гэхэд 10 гаруй эмч мэргэжилтнүүд ажиллаж байна. 

Элэгний хорт хавдартай хүмүүсийн ажилбар хагалгаа, судас бөглөх хагалгаа өдөртөө хамгийн багадаа 6 түүнээс дээш 10 орж байгаа. Судас бөглөх хагалгаанаас гадна бас түлэх эмчилгээ гэж байдаг. Тэр бас өөр кабинетад хийгддэг. 

Тэгэхээр манай эмч нар хуваарь гаргаад эндээ ажиллана. Ажиллаагүй нь эмчилгээгээ хийгээд явдаг. ХСҮТ дээр жилдээ 1000 гаруй хүн эмчилгээ үйлчилгээ авч байгаа бол манайд 800 гаруй хүн үйлчлүүлдэг.

"Элэгний хавдрын 60 хувийг тайраад авчихлаа гэхэд л үлдсэн 40 хувь дээр дахилт үүсэх магадлал 33   хувь байдаг"

-Элэгний хорт хавдрын өвчлөл Монгол Улсад төдийгүй дэлхийд өвчлөл, нас баралтаараа хамгийн өндөр байгаа шүү дээ. Эрт илрүүлэг болон тоног төхөөрөмж, оношилгооны чадамжууд сайжирсантай холбоотой хавдрын өвчлөл оношлогдох тоо нэмэгдэж байгаа. Энэ нь хавдрын тоо өсөөд байгаа мэт харагдуулж байгаа тал бий юу ?

-Тэгэлгүй яахав. Миний бие жишээлбэл ХСҮТ-д 2012-2018 он хүртэл ажиллаж байгаад 2018 оноос наашаа томилогдож, төрийн бодлогын хүрээнд ирж, тусламж үйлчилгээг эхлүүлээд хөгжүүлээд, нэг эмнэлэг дээр төвлөрлийг сааруулаад үйл ажиллагаагаа явуулж байна.

 Энд шавь нараа бэлдээд, эмч нараа бэлдээд, тусгай мэргэжилтнүүдээ бэлдээд, одоо 22 хүний бүрэлдэхүүнтэй ажиллах хүртэл тусламж үйлчилгээг Улсын 2-р төв эмнэлэг дээр хөгжүүлээд өргөжүүлээд явж байна. 

Улсын хэмжээнд элэгний хавдрын мэс засал нь нээлттэй мэс засал, дурангийн мэс засал, судсан дотуурх мэс засал гээд гурван үндсэн том чиглэл байдаг.

-Элэгний хорт хавдар удамшдаг гэх ойлголт иргэдийн дунд байдаг. Ер нь энэхүү хавдрын вирус хэрхэн үүсдэг талаар мэдээлэл өгөөч?

-Элэгний хорт хавдрын 90 хувь нь вирус. B, C вирус. Элэгний хавдар нь удамшлын өвчин бол биш юм. Яагаад удамшил гэдэг зүйл рүү орчихвоо гэхээр жишээ нь: Өмнө нь нэг удаагийн тариур гараагүй байлаа шүү дээ. Шаардлагатай бол нэг гэрт байгаа бүх хүн нэг тариураар тариулдаг.

Нэг гэрийн гишүүн ямар нэгэн байдлаар вирустэй болоод ирэхэд тэр гэр доторх бүх хүн вирусээр халдварлах боломжтой гэсэн үг. 

Тэгээд аав ээж нь вирусээр өвдөөд тэр нь удаан хугацаанд явсаар байгаад архагшиж элэгний хавдар болчихдог. Улмаар нэг гэрт байсан хүүхэд нь тэр вирусийг тээгээд 20, 30 жилийн дараа яг ижил элэгний хатуурал, хавдар өвчнөөр өвдөхөд энэ нь яг удамшлын юм шиг харагдаад байгаа юм. Гэхдээ энэ бол удамшлын өвчин биш.

Элэгний хавдрын нэг хэцүү зүйл нь дахилт ихтэй өвчин. Жишээ нь мэс заслаар элэгний хавдрын 60 хувийг тайраад авчихлаа гэхэд л үлдсэн 40 хувь дээр дахилт үүсэх магадлал 33 хувь байдаг. 3 хүний нэг нь гэсэн үг. Энэ нь өөрөө өвчнийх нь эмгэг жам нь өөрөө дахилт ихтэй өвчин.

-Энэ төрлийн өвчлөл залуужаад байна гэсэн. Энэ талаар?

-Яг залуужиж байгаа гэж би хэлж чадахгүй. Ер нь дунджаар үзэхэд элэгний хавдартай хүмүүсийн дундаж наслалт бол 53-58 байгаа. Гэхдээ Монгол хүний дундаж наслалт нэмэгдсэн шүү дээ. 72, 73 орчим байгаа байх. Энэнтэй харьцуулахад залуу байгаа юм. 

Монгол хүний дундаж наслалтаас элэгний хавдраар өвчлөөд байгаа хүмүүсийн дундаж наслалтаас даруй 20 наснаас бага байгаа байхгүй юу. Тэгэхээр залуудаа өвдөж байна гэсэн үг.

-Элэгний вирус бохир зүү, тариур гэх мэт зүйлээр л дамжих уу. Өөр ямар хүчин зүйл байгаа вэ?

-Ерөөсөө цус цусан бүтээгдэхүүнээр эсвэл эмнэлгийн бохир халдварлагдсан багажаар л дамжиж байгаа. Зүү, тариур, багажаар дамждаг. Харьцангуй эмнэлгийн олон удаагийн багаж хэрэгслээ ариутгаж байгаа нь сайжирч байгаа хэдий ч нөгөө талаар энэ соёлт нийгэмд амьдарч байгаа хэв маяг өөрчлөгдөж эхэлж байгаа. 

Жишээлбэл, сүүлийн үед piercing, шивээс гэх мэт эдгээр зүйлүүд вирус дамжих хамгийн өндөр магадлалтай. 

Хоёрдугаарт, вирус дамжих мөн маш том эрсдэлт хүчин зүйл бол ижил хүйстнүүд. Ижил хүйстнүүд хоорондоо энэ вирус дамжих эрсдэл хамгийн өндөр. Яагаад гэвэл вирустэй ижил хүйстнүүд хоорондоо бэлгийн харилцаанд ороход салст гэмтэх магадлал хамгийн өндөр. Тэр салстаар дамжаад вирус дамжих магадлал хамгийн өндөр.

Гуравдугаарт хар тамхи. Хүний арьс гэмтээд эмнэлгийн бус орчинд л арьсны давхарга гэмтээд цус гарч байгаа тохиолдолд л тэр болгон эрсдэл байхгүй юу. Тэр болгонд л халдвар авах эрсдэл байна гэсэн үг. B, C вирусийн халдвар авахгүй байх ч гэсэн өөр халдваруудыг авах магадлал маш өндөр.

 Шаардлагагүй тохиолдолд тариа хийлгэх, шаардлагагүй тохиолдолд арьс руу гаа зүүгээр хатгуулах энэ үйлдлүүд эрсдэлийг нэмэгдүүлж байна гэсэн үг. Тийм болохоор эдгээр зүйлсийг ойлгох хэрэгтэй.

Урьдчилан сэргийлэх, олон нийтийг хамарсан үзлэг гэдэг зүйлээр маш олон хавдрын хөгжил эхэлж байгаа хүмүүс оношлогдож, амь насаа авруулж байгаа хүмүүс маш олон байгаа. Тэгэхээр энэний ач тусыг иргэд олж хараад эхэлчихлээ гэж би харж байгаа.

-Ярилцсанд баярлалаа.

 

 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.